Жуулчдад зочломтгой ханддаг, энэ салбар нь хөгжих ирээдүйтэй орнуудыг жагсаахад Монгол нэлээд хойгуур орсон байх юм. Болив, Пакистан, Иран, Венесуэл зэрэг улстай эн зэрэгцэж 131 дүгээр байранд жагсжээ.

Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан хийсэн энэхүү судалгаа нь тухайн орны аялал жуулчлалын салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлж байгаа аж.

Жуулчид Монголд яагаад ийм доогуур үнэлгээ өгсөн бэ. Ингээд асуухаар хариулт нь их хөгжилтэй. Монголд гадныхан ирвэл аюултай гэнэ.

Монголчууд гадаад хүмүүст дургүй, хэтэрхий үндсэрхэг үзэлтэй хүмүүс олон байдаг учраас жуулчид руу халдах тохиолдол элбэг байдаг гэнэ. Тэгээд хамгийн аймаар нь “Хэрэв Монголд явж байхад чинь тань руу хүн халдвал хэн ч танд туслахгүй” хэмээн анхааруулжээ. Ёстой аймаар.

Хятадуудыг барьж авч, үсийг нь хусна гэж дайрдаг нөгөө сүрхий үндсэрхэг үзэлтнүүд Монгол руу ирэх жуулчдын тоог ийнхүү цөөлдөг бололтой. Гэхдээ үүнтэй холбоотой гомдлыг хариуцаж, гадны гийчдийг хамгаалах албаны хүмүүс, хууль цагдаагийнхан байдаггүй гэж ойлгогдож болохоор байна, дээрх хариултаас. Тэгээд хамгийн хөгжилтэй нь Монголтой зэрэгцэн жагссан орнуудыг нь харахаар голдуу дайн самуун, бослого үймээн болдог газар. Тухайлбал, Пакистанд хэт туйлшрагч бүлэглэлүүд үе, үе бөмбөг дэлбэлдэг. Өнгөрсөн сард л гэхэд Кетта хэмээх хотод нь шийтүүдийг хөнөөхийг оролдож, бөмбөг дэлбэлжээ. Үүнээс болж 90 хүн амь үрэгдэж, 164 хүн шархадсан юм. Тэнд иймэрхүү халдлага байнга л болно. Ямар сайндаа адал явдал хайж, эрсдэлтэй зүйлийг эрэлхийлдэг баруун европчууд Пакистаныг алгасаад Энэтхэг рүү явж байхав. Боливи улсад мөн адил хүмүүс амиа алдах тохиолдол олон бий. Африкийн энэ оронд уул уурхай хөгжиж байгаа ч энэ салбар дахь осол эндэгдэл их. Хажуугаар нь халдлагууд болно.

Венесуэл бол коммунист орон. Баян, ядуугийн ялгаа ихтэй, америкчуудыг үздэггүй засаг төртэй. Саяхан нас барсан Ерөнхийлөгч Уго Чавез болон түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн шийдвэрээр олон зүйлийг зохицуулдаг. Диктатурын дэглэм ноёрхсон ч гэж хэлж болно. Тэгэхээр барууны жуулчид Венесуэлийг тэр бүр зориод байдаггүй юм байна. Иран улсын хувьд гэвэл НҮБ-аас тус улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Америктай харилцаагаа бүрмөсөн зогсоосон. Бас л диктатурын дэглэм бүхий орон. Хэзээ мөдгүй цөмийн зэвсэг туршиж ч мэднэ.

Тэгвэл Монгол Улс эдгээр оронтой харьцуулагдахаар ямар “гавьяа” байгуулсан юм бэ. Нийслэл хотод нь өвөл масктай, зун касктай явахгүй бол бүтэхгүй. Агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн энэ асуудлаас болж жирэмсэн эхчүүд гэдсэндээ хүүхдээ алдаж, элдэв гажигтэй хүүхэд төрүүлэх нь олширсон. Улаанбаатарчуудын олонхийнх нь уушги өвдсөн. Сүрьеэ өвчний шинж тэмдэг бүхий вирусын халдвар монголчуудаас л хамгийн их илэрдэг гэх яриа ч бий. Гэхдээ эрхэм дарга нар нь таван метрийн цаадах барилга харагддаггүй битүү утаан дундаас үл ялиг зайтай амьдардаг болохоороо энэ асуудлыг тэгсхийгээд л орхичих нь бий.

Өнгөрсөн зун нийслэлд барилгын осол олон гарсан. Гудамжинд мөрөөрөө алхаад явж байсан бяцхан хүүхдүүдийн дээрээс барилгын хүнд төмөр унаж, амийг нь сүйтгэж байв. Кино театрын гадаа найзуудтайгаа уулзах гээд алхаж яваа залуугийн толгой дээрээс хүнд даацын төмөр уначихсан. Хүнд байдалд ороод ухаангүй хэвтэж байсан хөөрхий залуугийн хажуугаар түргэний тэрэг хээв нэг яваад өнгөрсөн тухай бид домог болтол ярьцгаасансан. Тэнд байсан барилга нь хууль бус, газрын зөвшөөрөлгүй. Ямар ч хамгаалалт байхгүй. Ийм хэрэг олон гарсан. Сүүлдээ бүр тоохоо больж, чих дөжрөх дөхсөн. Гэвч өнөөдрийг хүртэл үүний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Тэгсхийгээд л мартагдаж орхиж. Яг л зун болохоор утааг мартдаг шиг өвөл болохоор барилгын ослыг умартжээ. Хамгийн аюулгүйд тооцогдох ёстой нийтийн тээврийн унааны согтуу, хариуцлагагүй, бүдүүлэг жолооч нараас болж хэдэн хүн амиа алдсаныг тоолоход бэрх. Америкт буутай холбоотой хэргээс болж амиа алдан хүний тухай мэдээ өдөр бүр гардаг бол Монголд автобусанд дайруулж амиа алдагсдын жагсаалт хөврөх аж.

Ингээд өөрсдийн иргэдийн амь насны баталгааг ч хангаж чаддаггүй Монгол гэдэг улсын төр засагт хаанахын ямар хүн итгэж, ийшээ ирэх болж байна вэ. Нэг удаа Англиас ирсэн нэг жуулчнаас Монгол ямар санагдаж байгаа тухай нь асууж байсан минь санаанд орчихлоо.

Тэгэхэд тэр “Би Афганистанд очиж үзсэн хүн шүү дээ. Танай орон бол түүнтэй харьцуулахад сайхан газар” хэмээн хариулсан юм. Угтаа бол өдөр шөнөгүй буудалцаан болж, хаа сайгүй дайтдаг Афганистантай эх орныг минь харьцуулж билээ.

Аялал жуулчлалын салбарыг хариуцсан тусгай яам нь хүртэл байгуулагдчихаад байхад Монголыг зорих хүмүүс нь экстрим буюу эрсдэлтэй аялал сонирхдог цөөн хэд л байх юм. Байгалийн түүхийн хосгүй олдвор ихтэй, үзэсгэлэнт онгон дагшин байгальтай хэмээн өөрсдийгөө хөөрцөглөхөөс биш иргэд, хүндээ анхаарч, аюулгүй байдлыг нь хангах талаас бодохоо мартчихсан бололтой. Одоо байгуулах гэж ядаад яваа Үлэг гүрвэлийн музейг үзэхийн тулд амь насаараа дэнчин тавьж Монголыг зорих жуулчдын тоо хэд байх бол. Тооцоод үзээч.

Т.Элиса