Агуу Монголыг, Монгол хүнийг хэрхэн бүтээх вэ?
2018/09/20
Философич Фрэдэрик Ниче (Friedrich Nietzsche) өөрийн бүтээлүүдээрээ мэдлэг асуух, критик хийхээ болиход феодалжиж, догматаж, бүр хүчирхийллийн шинжтэй болох аюултай. Асуух чадвараа алдсан мэдлэг хэт их ёс, уламжлал ярьж, бүр сүүлдээ оюуны хүчирхийлэгч болдог тухай сануулсан байдаг.
Юуны тухай асуух ёстой вэ гэвэл бидний махан бие бус оюуныг бүрдүүлэгч сайн муу, сайхан муухай, зөв буруу зэрэг үнэт зүйлүүд яг байна уу, алдаа мадаггүй байгаа, хүн төрөлхтөний хүсэл эрмэлзэлтэй нийлж алхаж чадаж байна уу, өөрийгөө байнга шинэчилж чадаж байгаа юу? Хэрэв чадахгүй байвал түүний учир юу вэ? Энэ бүх ойлголтыг бидэнд зааж өгсөн, биднийг сурган хүмүүжүүлсэн нөхдүүд алдаа гаргаагүй байгаа? Тиймээс Ничэ хэлэхдээ өөрийгөө танин мэднэ гэдэг нь нэг утгаараа чиний оюуны “би”-г бүтээсэн мэдлэгийн хүмүүс мэдлэгтэй хэрхэн танилцсан, зөв ойлгож чадсан бас зөв дамжуулсан эсэхийг нягтлах хэрэгтэй гэсэн.
Монголын оюуны мундаг нөхдүүд Монгол хүний оюуны хөгжил дундад зуунаар байна, Монгол улс дэлхийн хөгжлөөс 200, 300 жил хоцорч байна гэж дүгнэж байна. Яагаад ийм байдалд хүрэв ээ? Аливаа улс орны оюуны хөгжлийг мэдлэгийн салбарынхны хөгжлийн төвшнөөр хэмжих ёстой биш үү? Монгол хүн бусдаас хөгжлөөр хоцорсон гэдгээр тэдгээр эрхмүүд өөрдсийн хоцрогдлыг хүлээн зөвшөөрөв үү эсвэл зүгээр л ганган чамин үг хэлж өөрийгөө шоудаж Монгол хүнээ доромжилсон хэрэг үү?
Орчин үеийн политикал философийн шавыг тавьсан гэгдэх Английн философич Томар Хоббс Лэвиатан номондоо мэдлэг бол зөвхөн хүний нийгэмд, соёл иргэншилд л байх боломжтой тухай онолдсон байдаг. Хэрэв хүний нийгэм биш хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, нэг нэгэндээ хонь чоно нөхцөл байдал үүссэн бол тэнд мэдлэг орших боломжгүй харин байгалийн хууль л үйлчилдэг.
Мэдлэгийн үүсэл бол соёл иргэншлийн үүсэл. Соёл иргэншилд хүн л байх ба хонь чоно зэрэг араатан шинжээсээ салж амжаагүй бол иргэншил, иргэн, хот, нийгэм хүртэл оршин тогтнох боломжгүй болно.
Томас Хоббс номондоо “Тулгуур мэдлэг” (Fundamental knowledge) ба “туслах мэдлэг” (Secondary knowledge) гэсэн мэдлэгийн ерөнхий ангилалын талаар онолдсон байдаг. Тулгуур мэдлэг (fundamental) гэдгээр тэрээр философийн мэдлэгийг хэлсэн. Философи бол хүн байх, өөрийн эзэн байх, зөв байх тухай тулгуур мэдлэг. Бусад салбарын мэдлэгүүд бүгд л эндээс эхлэлтэй учир туслах эсвэл хоёрдогч мэдлэг байна.
Тиймээс, аливаа хувь хүн, улс орон өөрийн оюунаа ямар шатанд явааг мэдэхийн тулд тулгуур мэдлэгийн салбараа эргэн харж, үнэлж дүгнэх ёстой.
Монгол оронд энэхүү тулгуур мэдлэг ямаршуухан байдалтай байгаа вэ?
Хүн байх тулгуур мэдлэг зөвхөн Зөвийн тухай онол (Theory of Right) дээр л суурилдаг. Хэрэв зөв байхгүй гэвэл мэдлэг оршин тогтнох боломжгүй, мэдлэг байхгүй гэвэл тэнд иргэншил байх нөхцөлгүй.
Гэтэл Монгол хэлэнд бүх хүн төрөлхтөний тулгуур мэдлэгийн багана болсон “Theory of Right”-ийг “Эрх” гэж алдаатай орчуулжээ. Right буюу Зөв нь үндсэн хуулийн амин сүнс байдаг. Үндсэн хууль буюу конституцийн оройд Хүний Зөв (Human Right) л байдаг. Жишээ нь АНУ-гийн үндсэн хуулийн дээр Хүний Зөвийн Тунхаглал (Bill of Right) байх ба бусад бүх хууль нь энэ тунхаглалд түшиглэж боловсруулагддаг. Тйимээс Right хэн нэгэн эрх дархтаныг дээрээ залаад түүнээсээ айж, түүнийгээ шүтэж явахыг хэлээгүй. Хүний зөв буюу Right-г эрх гэж алдаатай орчуулсанаар Монгол хүн зөв буруугаа ч ялгахгүй, хэн нэгэн эрхтэн дархтан, төр, хууль зэрэг хүн төрөлхтөний өөрийн төлөө бүтээсэн бүтээгдэхүүний боол нь болж хувирсан. Эрх гэдэг бол хүний нийгэмд байж боломгүй зүйл, харин хулгайч дээрэмчид, боолын нийгэм, шашины засаглалд л байвал таарна.
“Right”(Зөв)-г эрх гэж буруу орчуулсан учир Justice бас утгаа алдсан. Justice гэдэг нь угтаа бол that which is right эсвэл right thing to do гэсэн утгатай эртний Латин үг ба бас л “Зөвийн онолд” (Theory of Right)-д суурилсан ухагдахуун. Justice нь зөв ба буруугийн жингээр хэмжигдэх учир буруу хийвэл шийтгэлтэй, зөв бол шагналтай. Хэдий ямар агуу эрхтэй дархтай байлаа ч буруу л хийсэн бол ялгаагүй шийтгэл хүлээх ёстой гэсэн ойлголт. Өнөөдөр Justice буюу Монгол хэлэнд хэлж заншсан шударга ёс Монгол хүний төлөө бус харин Монгол хүнийг дарласан, дарамт учруулсан, популистуудын тархи угаах нэг л хэрэгсэл болж хувирлаа. Шударга ёс ярисан хүн хөөрхийлөлтэй, хэнхэгтэй, эсвэл гэнэн гэсэн гажууд үзэл газар авсанаас биш хэн ч зөвийн тухай дурдсангүй.
Цаашлаад, Этикс буюу Theory of Goodness (Сайны тухай онол)-г ёс зүй гэж алдаатай орчуулсан нь Монгол хүн сайныг мэдэх мэдлэгээ хаанаас хайхаа мэдэхгүй болсон. Сайнаа мэдэхээ байсан учир сайн, муугаа таних чадвар устах нь ойлгомжтой. Сайныг хийнэ гэдэгт нэг л итгэж чадахгүй. Монголын толгой баячууд гэх хүмүүсийн дунд ирээдүй хойч үеийнхээ сайнд зориулаад номын сан бариад өгсөн хүн нэг ч алга л байна. Тэд хэнд ч хэрэггүй суварга, овоо зэрэг хэдэн арван мянга жилийн өмнөх зан үйлийг л сайн гэж ойлгодог бололтой.
Эстэтикс буюу Сайханы тухай онол (Aesthetics буюу Theory of Beauty)-г гоо зүй гэж орчуулсан нь Монгол хүний сайханы мэдрэмжийг нэг мөр устгаж хаясан. Сайхан гэж юу болохыг мэдэх боломжгүй учир сайхныг муухайгаас ялгаж жигшиж чадахгүй нь ойлгомжтой. Амьдралд дан ганц сайн бус сайхан бас хэрэгтэй. Сайн сайхан хоёр хосолж байж л төгс болох учиртай биш үү. Өнөөдөр хот нэртэй шавааралдсан замбараагүй бөөгнөрөл дунд нэг нэгнийхээ ялгадасыг үнэртэж сууна гэдэг тийм сайхан хэрэг үү?
Axiology эсвэл Theory of Value буюу Нандины Тухай онол бол Монголд бүр ч орж ирж чадаагүй. Хүн төрөлхтөний мэдлэг эхлээд төвдийн шарын шашны, дараа нь ЗХУ-ын шүүлтүүрээр гуйвуулагдаж, Монгол хүнд тулган шаардсаар орж ирэхэд Монгол хүн яаж өөрийн нандинтай байх билээ? Май гээд өгсөн юмыг дуугүй авахгүй олон юм асуувал гуйлгачин байж бас голох санаатай гэж занчуулна биз дээ?
Нэгэнт Монгол хүн нэг нэгнээ нандигнахаа байж боолын боловсролоор хүмүүжсэн тул нэгнээ боол адил дорд үзнэ. Монгол хүн хүн шиг хүн, өөрийн эзэн байх үнэн мэдлэг даан ч Монголд орж ирсэнгүй нь харамсалтай.
Тулгуур мэдлэгийн ойлголтуудын дээрх орчуулгууд аль аль нь албадан шаардсан, дээрээс захиргаадсан, Монгол хүнд зөв уу буруу юу гэж асуух ч завдал боломж олгоогүй нь хүн байх гэж юу вэ гэсэн суурь ойлголт Монголд орж ирж чадалгүй оронд нь эрхэлсэн, дээрэлхсэн, айлгаж сүрдүүлсэн, албадсан, хүчирхийлсэн, харгис, эрхтэн дархтнуудын эрхийг хаацайлсан соёл иргэншлээс ухарсан феодалын засаглал л бий болох суурийг бөх тавьж өгсөн. Энэ бол жинхэнэ оюуны терроризм. Энэ оюуны терроризм маш олон зуун амь бөхтэй оршсоор ирлээ. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог биз дээ?
Хүн болгох л сайн, сайхан, зөвийг хүсдэг. Мэдсээр байж муу, муухай, буруу руу тэмүүлнэ гэж үгүй. Гэтэл өнөөдөр Монгол хүн дундаж зуунаараа дуудуулан, нэг нэгэндээ чоно, нийтлэг зөв, сайн, сайхан зэрэг нандин зүйлгүй байгаа нь оюуны терроризмийн хохирогч болсоны тод жишээ. Ийм байдалтай байхад мэдлэгийн салбарынхан яасан бэ?
Өөр үзэл бодолтой хүмүүс мэдлэгийн мэтгэлцээн өрнүүлж, алдаатай, буруу ойлгосон зүйлсээ залруулж, цаашид нэг ойлголттой болохын тулд дахин дахин мэтгэлцээн өрнүүлэх нь мэдлэгийн гол зорилго биш бил үү? Жинхэнэ мэдлэг байгаа газар мэтгэлцээн, асуулт хариулт, харилцан ярилцах, крикик хийх өдөр тутмын дадал болсон байх ба түүнийхээ үр дүнд хамтын нэг ойлголттой (Common) болдог. Тиймээс мэдлэг бол хамтын, дундын буюу Common байдаг. Хамтын дундын нэг ойлголттой байж л Community үүсэх боломжтой. Community гэдэг үг common гэдэг үгнээс л гаралтай. Монголд Community байх нөхцөл байна уу тэгээд?
Философийн тулгуур мэдлэгийг ойлгож чадаагүй хүмүүс дур мэдэн, хар сохроор алдаатай орчуулсан нь Монгол хэлний тулгуур мэдлэгийн үгнүүд хогийн саванд хаягдаж, бүх үндэстнээрээ оюуны терроризм өртөх үүдийг нээсэн. Хэрэв тулгуур мэдлэг байхгүй бол туслах мэдлэг амин сүнсгүй, үхээнц байх нь ойлгомжтой. Тулгуур мэдлэг хогийн саванд байхад ямар аж үйлдвэр хөгжүүлэх вэ? Ямар эдийн засаг ярих вэ? Нийгэм буюу Community ч жинхэнэ утгаараа үүсэх бүх боломжийг хаачихсан байхад ямар иргэний нийгэм бэ? Инженерингийн мэдлэг хогийн саванд байхад хот, метрополитан гэж ярих хөгийн.
Худал, алдаатай мэдлэгт суурилсан боловсрол ямар Монгол хүнийг бүтээх вэ? Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог. Монголын боловсролын тогтолцоо оюуны терроризмийг зогсоох арга хэмжээ авах цаг нь нэгэнт болсон.
Монгол үндэстэн оюуны терроризмоос гарах цорын ганц зам бол шашин болон хүчирхийллийн шинжтэй худал философи, худал мэдлэгийг таягдан хаяж дэлхийн үнэн мэдлэгийн төв болсон Герман болон Францаас суралцах хэрэгтэй. Монгол хэлэнд байгаа хэдий ч үнэгүйдэж хогийн саванд хаягдсан мэдлэгийн хэллэг, нэр, томьёонуудаа нэг сэргээж, нэг тийш нь цэгцлэх ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд дээрх орнуудад философийн чиглэлээр тэр дундаа хэлний философийн чиглэлээр Монгол залуучуудыг олноор сургах ёстой.
Моралтай Монгол Сан
Монгол хүн · 2018/09/20
Яг үнэн шүү. Монголчууд бид мэдлэг оюуныг биш, мөнгө шүтсэн ард түмэн болсон. Жнь: 60 тэрбум, авилга, газрын наймаа М.Энхболдыг хар.
Монгол хүн · 2018/09/20
Яг үнэн шүү. Монголчууд бид мэдлэг оюуныг биш, мөнгө шүтсэн ард түмэн болсон. Жнь: 60 тэрбум, авилга, газрын наймаа М.Энхболдыг хар.
Монгол хүн · 2018/09/20
Яг үнэн шүү. Монголчууд бид мэдлэг оюуныг биш, мөнгө шүтсэн ард түмэн болсон. Жнь: 60 тэрбум, авилга, газрын наймаа М.Энхболдыг хар.
Монгол хүн · 2018/09/20
Яг үнэн шүү. Монголчууд бид мэдлэг оюуныг биш, мөнгө шүтсэн ард түмэн болсон. Жнь: 60 тэрбум, авилга, газрын наймаа М.Энхболдыг хар.
Монгол хүн · 2018/09/20
Яг үнэн шүү. Монголчууд бид мэдлэг оюуныг биш, мөнгө шүтсэн ард түмэн болсон. Жнь: 60 тэрбум, авилга, газрын наймаа М.Энхболдыг хар.