Нөөцийн мах бэлтгээд манай улс 10 жил болжээ. Иргэдээс хэзээ ч энэ хугацаанд “Сайн мах байна. Өндөр үнэтэй махнаас айсангүй өвөлжиж, хаваржлаа” гэх нөөцийн махны ашиг тусыг хүртэж мэдэрсэн үгс сонсож байсангүй ээ.

Хэдийгээр малчдаас малыг нь татаж махалж гулуузлаад нөөцөлдөг ч иргэдийг хямд үнэтэй, чанартай махаар хангана гэсэн зорилгодоо 10 жилийн турш хүрч чадаагүй энэ хөтөлбөрийг зогсоовол яасан юм бэ.

Туранхай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөгцөрч мөөгөнцөртсөн, дарагдаж хуршсан, малын өтөг бууц, ноос, хялгас нь дийлддэггүй гэх мэт нөөцийн махыг дагасан шүүмжлэл дуусахгүй.

Энэ жилийн хувьд ч мөн Монголын махны холбоо, НЗДТГ-тай хамтран нөөцийн мах бэлтгэсэн ч 234 тонн мах мөөгөнцөртөж нэг тэрбум 200 сая орчим төгрөгийг газарт булна гэх дүгнэлтийг НМХГ-т ирүүлжээ. Хайран хөлс хөдөлмөр, хайран хоол. Мэдээж хоол хүнс, улаан махны араас ингэтлээ харамсан, уулга алдах хэрэг байна уу хэмээн уншигч авхай бодвол чиг бодтугай. Хэн нэгэн эрх мэдэлтэн, хэн нэгэн хаиуцлага алдагчийн өмнөөс хоолойд үг тээгэлээд зүрхэнд харамсал төрөөд байна. Энэ их махыг тэгвэл илүү хямд үнээр иргэддээ тараачихсан бол өдийд өнөөх зутруухан, ядруухан иргэд чинь атга махыг 10 мянган төгрөгөөр аваад хэдэн өдөр дамнуулан амтлах төдийхнөөр үрсийнхээ бор ходоодыг борлуулах гэж зовох байсан уу.

Тавлаж байна гэж битгий санаарай. Өнөөдөр нийслэлд оройдоо аяга хоолтой байхын тулд өдөр нь хог түүж, нүүрс ууталж, хуванцар тушааж, гуйлга гуйдаг зүдрүүхэн өрх хангалттай олон бий. Малынх нь тоо толгой улсынхаа хүн амаас 20 дахин илүүрхээд байхад ч жингийн туухайд үнэ дарж 10 мянгаас нэг их буудаггүй гаж үзэгдэл арилаагүй байхад тэрбум гаруй төгрөгийн махыг устгалд оруулахаас өөр аргагүй болох хэмжээний бохирдолтой орчин нөхцөлд мах хадгалсан нь хэний буруу вэ. Хэн ажил үүргээ умартан, хариуцлага, сонор сэрэмж алдчихав аа. Хянадаг, шалгадаг, орчин нөхцөлийг нь үзэж, баталдаг ажил үүргийн хуваарьтангууд хаачив.

Хэдийгээр тухайн махыг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэгдэх Багахангайн махны агуулахын харъя газарт хадгалсан гэх болов ч агуулах савны стандарт нормыг яагаад хянаж, шалгаагүй юм бэ. Нийслэлийн хүн амыг хямд, чанартай махаар хангана гэсэн үүргээ хэн хэн нь ухамсарлаагүй юм биш үү.

Ядуухан иргэддээ хямд мах зориулна гэсэн сэтгэлтнүүд мөн л юм бол хадгалах сав байрныхаа цэвэр, аюулгүй нөхцөлийг яагаад бүрдүүлээгүй вэ. Мах бэлтгэх тендерт хэн танилтай нь ялдаг юм. Түүнээс түмний төлөө гэсэндээ ч энэ ажилд гараа дүрдэггүй юм шүү гэх аман яриа сонсож түүндээ үл итгэж байсансан. Муудтал нь хадгалаад эцэст нь газарт булахыг нь харж байсангүй. Тэгвэл Э.Бат-Үүл дарга аа нийслэлийн хөрөнгөөр мах нөөцлөх ажил ямар байдлаар явагдаж, хэр чанартай, итгэл даах орчинд хадгалагдаад хүнс худалдан авагчийн гарт хүрч байсныг харав уу.

Махнаас үүдсэн хохирол тэрбум гаруй төгрөгөөр хязгаарлагдсангүй мөөгөнцөртөж, муудсан 230-аад тонн махыг булах, ачих гэх мэт устгалын зардалд урьдчилсан байдлаар 60 сая төгрөг хэрэгтэй гэж байна. Мэдээж энэ төсөв өсөх магадлалтай юм гэнэ. Тэгвэл Үүл дарга аа, өнөөх ярих бүртээ магтаад борлуулалтаараа өндөр үзүүлэлттэй байна, тарган чанартай, сайн мах гэгдээд магтдаг нөөцийн махыг чинь хэн нэгэн нь сольчихсон юм биш байгаа гэсэн хар төрөөд болдоггүй ээ.

Угаасаа манай дарга даамлуудын мөнгө олж хөлжиж баяжсан түүх, арга замд нь ариун үнэний мөр ховор байдгаас ийн бодов. Цэцэрлэгийн багш, тогооч, эрхлэгч, нярав, нягтлангүй хүүхдүүдийнхээ хоолноос цүнх, тороор нь зөөдөг шүү дээ гэдгийг баталдаг эцэг эхийн гомдол тасардаггүй шиг улсын нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэсэн нийтийн хоолноос хороож амин хувьдаа завшсан ашиг сонирхол мах бэлтгэгчдийн зүрх сэтгэлд нуугдсан байхыг хэрхэн үгүйсгэх вэ. Тиймээс эзэндээ хүрэлгүй замаасаа устгалд орж, газрын хөрснөө бордоо болж буй их хэмжээний мах муутгаж, хөгцөрч мөөгөнцөртөхөд хяналт тавьж үүргээ биелүүлээгүй Махны холбоо, мэргэжлийн хяналтынхан, мах бэлтгэн нийлүүлэх тендерт ялсан компаниудад нь хариуцлага үүрүүлье.

М.Мөнхтунгалаг