Хүн амьдралынхаа ханийг зөв сонгосноор, аз жаргалтай амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэж үздэг. Харин таны хайрлаж, хамтдаа бүхнийг даван туулна гэж итгэсэн хүн, үнэн хэрэгтээ гэрлэлтийг хүсэхгүй, үргэлж дэргэд тань байхгүй нэгэн бол яах вэ? Нийт бүсгүйчүүддээ зориулан таньтай гэрлэх болон гэрлэхгүй залуусын шинжүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү нийтлэлээс та өөрийн найз залуугаа сонжиж, ирээдүйд таны эр нөхөр болох эсэхийг нь мэдэж аваарай. Хэрвээ таньтай гэрлэхгүй залуугийн шинжүүд амраг хайрттай тань яг таарч байвал, хэрэггүй нэгэнд хайран үнэтэй цагаа зарцуулж байх нь зөв эсэхийг тунгаан бодох хэрэгтэй юм.

Таньтай гэрлэх залуугийн 10 шинж


1. Гэрлэлтийн тухай ярихад таатай байдаг

Таны хайрт хурим, гэрлэлтийн тухай ярихад хэрхэн хүлээж авдаг вэ? Хэрэв тэр энэ бүхнийг ярих тун дуртай, хоёулаа тэнд хуримаа хийнэ, чи минь тийм даашинз өмсөнө гэхчлэн тодоор дүрслэн ярьдаг бол тэр таны эр нөхөр болоход бэлэн гэсэн үг юм.

2. Ирээдүйнхээ тухай ярих дуртай

Ирээдүйгээ үргэлж таньтай хамт төсөөлж, ингэж амьдарна, хэдэн хүүхэдтэй болно гэхчлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан, ярих залууг хэзээ ч бүү алдаарай. Учир нь тэр таньтай л хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлж, үр хүүхдээ өсгөн, амар жимэр байхыг мөрөөддөг нэгэн юм. Тиймээс таныг гэх их хайрыг нь дааж, түүнийгээ ч бас халамжаар бүү дутаагаарай.

3. Түүний орон зайд чөлөөтэй нэвтэрч чаддаг уу?

Та найз залуугийнхаа орон зайд чөлөөтэй нэвтэрч, ямар ч асуудалгүй бүхнийг хамтдаа шийдвэрлэдэг үү? Хэрэв тийм бол тэр таны нөхөр болох нь цаг хугацааны л асуудал юм. Түүний бүх юмыг өөрийн мэт бодож, яг нэг хүн мэт болсон хосуудын харилцаа улам бүр гүнзгийрч, тун ч удахгүй хуримын зар дуулгадаг байна.

4. Тэр хамтдаа амьдрах санал тавьсан уу?

Хэрвээ найз залуу тань хамт амьдрахыг хүссэн бол, тэр таныг эхнэрээ болгож, үүрд нэгнээ хайрлаж явах санал тавьж байна хэмээн ойлгож болох юм. Эрэгтэй хүмүүс энэ л миний хань, үүрдийн хайр гэж бодсон хүндээ л хамт амьдрах санал тавьж, хэзээ ч тавьж явуулахгүй гэж боддог аж.

5. ​Түүний юм бол таны юм

Нэгнийхээ эд зүйлсэд чөлөөтэй хүрч, яг л нэг хүн мэт болох нь удахгүй тэд албан ёсны эхнэр нөхөр болно гэдгийг улам бүр баталдаг. Та ямар ч асуудалгүйгээр найз залуугийнхаа хувцсыг өмсөж, санаа зоволгүй мөнгө авч, өөрийнхөөрөө тухтай байж чаддаг бол тун ч удахгүй тэр таны нөхөр болно гэдгийн баталгаа юм.

6. Түүний гэр бүлийнхэн танд сайн ханддаг

Түүний гэр бүлийнхэн танд байнга сайн хандаж, төрсөн охин шигээ үзэх болсон бол та тус гэр бүлийн бэр болох нь тодорхой юм. Эрчүүд эхнэрээ болгоно гэж бодоогүй бүсгүйгээ гэрийнхэнтэйгээ танилцуулж дотно болгохыг хүсэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

7. Таны бодлыг хүндэтгэдэг

Хэрвээ найз залуу тань таны үзэл бодлыг хүндэтгэж, бүхнийг хамтдаа шийдвэрлэх болсон бол та түүний ирээдүйн гэргий болно гэдэгтэй итгэлтэй байж болно. Эрчүүд хэдийгээр бүх зүйлсийг өөрөө хийх гэж хичээдэг зантай боловч амьдралаа холбож, насан туршдаа хамт байхаар шийдсэн хүнтэйгээ үзэл бодлоо хуваалцаж, түүнийхээ бодлыг хүндэтгэж, зөвлөгөө авч эхэлдэг байна.

8. Яг анхных шигээ таныг хайрладаг

Хэчнээн их цаг хугацаа өнгөрсөн байлаа ч, тэр таныг яг л анхных шигээ хайрлаж, өхөөрддөг бол та тун ч азтай нэгэн юм. Учир нь насан туршдаа хайрлуулж, хажууд тань байх нэгнээ аль хэдийн олчихсон байна. Хэзээд таныг хамгаалж, үргэлж хайрлах хүн хажууд тань сууж байна шүү дээ.

9. Таныг халамжилдаг

Хайрлах нь халамжлахын нэр гэгчээр цаг ямагт найз бүсгүйгээ халамжилж, түүнийхээ төлөө бүхнийг хийж байгаа залуу хэдийн ирээдүйн гэргийгээ олчихсон гэсэн үг билээ.

10. Найзууд нь гэр бүлтэй болчихсон

Эрчүүдийн хувьд найзууд нь маш чухал байр суурийг эзэлдэг. Тиймдээ ч бүх найзууд нь хуримаа хийчихсэн бол тэд ч мөн хурим хиймээр санагдаж эхэлнэ. Харин танай найз залуугийн найзууд нь бүгд гэр бүлтэй болчихсон бол одоо та хоёрын ээлж хэдийн болсон гэсэн үг юм.

2Таньтай гэрлэхгүй залуугийн 10 шинж
1. Өнөөдрөөрөө амьдардаг

Ирээдүй, маргаашийн тухайд огт санаа зовдоггүй, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг залуус таныг эхнэрээ болгох талаар огт боддоггүй байж болно. Тэр ирээдүйнхээ тухай ярьдаггүй, ялангуяа гэрлэлтийн тухай ам цухуйлгадаггүй бол, түүнээс энэ тухай асууж тодруулах нь хамгийн зөв алхам болох аж. Нэг л өдөр таныг орхиод явах хүний дэргэд байгаа эсэхээ эртнээс мэдэж, хэрэггүй зүйлд цагаа үрэх хэрэггүй.

2. Гэрлэлтийн тухай ярих дургүй

Таныг хурим, гэрлэлт яриад эхэлмэгц, ярианы сэдвийг өөрчилж, үл ойшоох хандлагатай эрчүүдээс хол байхад гэмгүй. Учир нь тэр үнэхээр танд хайртай, үүрд хамт байна гэж бодсон бол, гэрлэлтийн тухай ярианаас яагаад зугтана гэж?

3. Ууртай эсвэл бухимдалтай байхдаа ганцаараа байхыг хүсдэг

Ямар нэгэн асуудал үүсч, найз залуу тань бухимдсан үедээ яадаг вэ? Арай ганцаараа байхыг хүсч, таныг яваад өгөөч гэдэг үү? Тийм бол түүнтэй хамт амьдарч, үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ гэж саналтгүй. Учир нь тэр таньтай байхаас илүүтэй ганцаараа байх нь тухтай санагдаж, асуудлаа хамтдаа шийдэхийг хүсэхгүй байна шүү дээ. Иймд өөрийг тань хайрлаж, үргэлж дэргэдээ байлгахыг хүсдэггүй нэгэнтэй насыг барна гэдэг тун ч бэрх асуудал юм.

4. Хэлсэн үгэндээ хүрдэггүй

Хэрэв найз залуу тань хэлсэн үгэндээ хүрдэггүй, худал ярьж, итгэлийг тань алддаг бол, түүнтэй цаашид хамт байх тухай бодох хэрэггүй. Тэр танд сайн хань болж чадахгүйгээс гадна хуримаа хийж, хамтдаа амьдарна ч гэж боддоггүй байж мэднэ. Тиймээс эртхэн шийдвэрээ гаргаж, найз залуутайгаа ярилцах хэрэгтэй.

5. Таниас хөндийрнө

Урьд нь чөлөөтэй харилцаж, яг л нэг хүн болсон байсан ч, амраг тань өөрчлөгдөж, одоо бүр танд хүрэхээ больсон бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь эрчүүдийн гэрлэлтээс айж байгаагийн нэг шинж тэмдэг байж болох юм. Таньтай гэрлэх биш, зүгээр л хамтдаа аз жаргалтай байхыг хүсэх бөгөөд хэн нэгний өмнө хариуцлага хүлээж, боогдож амьдрахад бэлэн биш байгаа үедээ, ийм төрлийн үйлдэл гаргадаг байна.

6. Нууцаа дэлгэж ярьдаггүй

Дурлалт хосууд угтаа бол бие биедээ нууцаа дэлгэж, бүх л зүйлээ ил болгох ёстой байдаг. Харин хайртай залуу тань бүх зүйлээ таниас нууж, хардах шалтгаан бий болгоод байвал ямар нэгэн байдлаар сэтгэл нь хөрч байна гэж ойлгож болох юм. Магадгүй тэр таны хардалт дээр дөрөөлж, харилцаагаа өндөрлөхийг хүсч байж ч мэднэ. Тийм бол зүгээр л түүнийг чөлөөлөөд явуулах нь хамгийн зөв шийдвэр болох нь бий. Нэгэнт сэтгэл нь хөрсөн эр эргээд таныг хайрлаж, халамжийг мэдрүүлнэ гэдэг юу л бол…

7. Ихэвчлэн танайд ирдэг

Найз залуу тань таныг гэртээ аваачдаггүй, гэр бүлийнхэнтэйгээ ч танилцуулдаггүй бол тэр таньтай гэрлэх бодолгүй байна гэж ойлгож болно. Бүх зүйлс нь нууцлаг, гэртээ аваачдаггүй залуу ердөө л таньтай хамт байх таалагддаг учир дэргэд тань байдаг байж болзошгүй. Тиймээс бүхнийг ил болгож, сайтар ярилцаж, асуудлыг шийдвэрлээрэй.

8. Бүхнийг хүндээр тусгаж авдаг

Та ердөө л түүнд “цамцаа өмс, битгий оймсоо тарааж шидээд бай” гэх зэрэг үгсийг хэлснээс болж, хэрүүл маргаан үүсч, хайрт тань маш ихээр бухимдаж байвал, түүнээс холдох тухай бодож эхлэхэд буруудахгүй. Учир нь тэр таны мэдэлд орохгүй гэсэндээ, одооноос хариу үйлдэл үзүүлж байгаа бөгөөд энэ нь таньтай хэзээ ч гэрлэхгүй гэдгийг илтгэх дохио байж ч болох юм. ​

9. Зөвхөн би гэж ярьдаг

Би дараа тэгнэ, ирээдүйд би ингэнэ гэж ярьдаг эрчүүдэд итгэх хэрэггүй. Тэр таныг үргэлж хажуудаа байлгаж, халамжлахгүй гэдгээ өөрийн амнаас гарч байгаа үгсээр баталж байна гэж ойлгоорой. Түүний ирээдүйн төлөвлөгөөнд та гэж байхгүй төдийгүй тэр таниас онцгой нэгэн гэж боддоггүйн илрэл юм.

10. Сексийн дараа шууд явдаг

Хайрт тань халуухан сексийн дараа, хамаг хувцсаа өмсөөд алга болчихоод байвал, түүнтэй гэрлэж, үлдсэн амьдралаа туулна гэж саналтгүй. Учир нь тэрээр ердөө л таашаал авахын тулд таниас хөндийрч чадахгүй байж мэднэ. Аливаад хянуур байж, өөрийгөө ашиглуулах зүйл бүү хийгээрэй. ​