Гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад гарын бэлэг тараах үеэр өндөр настан амиа алджээ

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ард иргэдэд гарын бэлэг буюу ул боов, цаг тооны календарь, чихэр, жимс зэрэг гарын бэлэг тарааж өгдөг сонгогчдодоо "эргэдэг" уламжлалтай.

Өнөө жилийн гишүүдийн гарын бэлэг хөвөрч эхэлжээ. ЗХГЭГ-ын дарга Г.Занданшатарын гарын бэлэг тараагдсан байгаа бол зарим гишүүд тойргийнхоо  ахмадуудад бэлэг тараах ажлаа эхэлсэн байна.

Өчигдөр гэхэд нэгэн харамсалтай зүйл тохиолджээ. Тодруулбал, БГД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараасан байна.

Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон гэнэ.  Энэ үеэр зохион байгуулалт муу байж, нэг өндөр настан хүмүүсийх хөлд гишгэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж хэлж байна.

Гишүүн Ж.Ганбаатар 3200 гаруй урилга тараахад 4000 ахмад арга хэмжээнд хүрэлцэн иржээ.

Урилга авсан хүмүүс дундаас 300 мянгаас сая төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтан тодруулсан байна.

Ерөнхий сайд азын сугалааны азтнуудыг тодруулж, шагналыг нь гардуулж өгсөн аж. Бэлтгэсэн улаан торонд нь нэг сувиннер, нэг кг гурил, нэг кг чихэр байсан гэнэ. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тараасан хүмүүсээ гаргах үеэр 83  настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдаж унажээ. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Талийгаач өөрийнхөө хүү 53 настай хүүтэйгээ явж байсан гэнэ.

Ийнхүү “Оргил”-оор овоглодог Ж.Ганбаатар ахмадуудыг баярлуулах гэсэн биш балаг тарьсан байна.


О.Гэрэл
Оллоо.mn