Бяцхан чөтгөр өвгөн Жамбалын биенд уусчээ
2019/01/27
Хэрэв таны улаан зам дээр гэгээн цагаан өдөр нялх хүүхэд уйлаад сууж байвал та хажуугаар нь өнгөрөөд явах уу? Аль эсвэл...? Энэ асуултын хариуг та дор өгүүлэх зүйлээс унших болно.
1998 оны 6 сарын 22-ны үдээс хойш буюу нар буцах өдөр Д.Жамбал гэдэг өвгөн Улиастайн эцэст байдаг гэр рүүгээ саалийн хоёр үнээгээ тууж явтал өмнө нь чармай нүцгэн хэдэн сартай болов уу гэмээр хүүхэд уйлаад сууж байжээ. Гайхаж балмагдсан Жамбал өвгөн хэсэг эргэлзсэнээ арга буюу тэврээд авчээ. Уйлж байсан хүүхэд гэнэтхэн чимээгүй болоход өвгөний нүдэнд нэгэн содон зүйл тусав.
Хэдхэн сартай нярай гэмээр мөртлөө амаараа дүүрэн яралзсан шүдтэй агаад соёотой байх нь нүдэнд тусахад арзасхийн цочоод ахиулан ажиглахад уруул дээрх ховил буюу хүн нь байхгүйг олж харав. Буг чөтгөр гэсэн бодол тархинд зурсхийгээд айж хирдхийсэн өвгөн хүүг хаяад зугтах гэтэл бие рүү нь уусах мэт ороод замхран арилжээ.
Тэр агшинд толгой нь эргэж гал цахилгаан цахих мэт маналзан хоолой нь аргаж ер бусын зүйлд автаж нүдэнд нь үхдлүүд харагдах шиг болов. Удалгүй ухаан санаа нь түр цэлмэхэд үнээгээ туугаад санд мэнд гэрийн зүг яарав. Гэртээ ортол эмгэн нь өөдөөс нь: “Үгүй чиний хоёр нүд, царай зүс чинь яачихаа вэ?” гэж асуухад мань эр болсон явдлыг өгүүлж бие нь эвгүйрээд байгаа тухайгаа ярьжээ. Гэнэтхэн эмгэн нь “Хүүш, өвгөөн наад шүднүүд чинь...” гэсээр ээрч муурахад өвгөн толинд харвал амаар нь дүүрэн цагаан шүд яралзаж, том гэгчийн хоёр соёо уруулынх нь цаанаас үл ялиг цухуйж байв. Тэгээд ч уруулынх нь хүн алга болоод хавдчихсан мэт эв хавгүй болоод зогссонгүй сайтар ажиглатал өмнөөс нь шал өөр царайтай үхдэл ширтэж байх шиг санагдахад нь эмгэндээ бүх учрыг хэлээд гэрээсээ гарч зугатсан аж. Эмгэн ч орой хүүхдүүдээ ирэхэд бүх учрыг хэлэн аавыгаа олж ирэхийг даалгав. Хүү Жаргалдаваа нь үнээгээ бэлчээдэг газарт нь явж очиход аав нь учиргүй муухай орилсоор гарч иржээ.
Хүү нь мэдээж эцгээсээ айхгүй хойно дөхөж очтол цагаан соёо амнаасаа цухуйлган муухай орилоод дайраад ороод ирэх нь тэр. Хүү ч бариад авах гэтэл эцэг нь ер бусын их хүчээр 80 орчим кг жинтэй биерхүү хүүгээ хол гэгч нь аваад шидчихэв. Тэгснээ цаашаагаа зугтаад явчихжээ. Хүү ухаан ороод гэртээ очиж болсон явдлыг хэлсэн агаад өглөө нь ах дүү нартайгаа мөнөөхөн газар явж очиход өвгөн шилний хагархайгаар гүрээнийхээ судсыг тас хэрчээд үхчихсэн байсан аж. Харин үхдлийн цагаан шүд, соёо энэ тэр нь ул мөргүй алга болсон байв. Жамбал өвгөний цогцсыг авч явахаар болоход гэнэтхэн хажууханд нь хүүхэд часхийн уйлах шиг болов. Бүгд эргэж харахад үнэхээр нялх хүүхэд уйлчихсан сууж байх нь тэр.
Болсон явдлыг нэгэнт сонсож мэдэцгээсэн учраас сэжиглэн зугтах шахам явахад бага хүү Жаргалдаваа нь зориг гарган чулуу шүүрэн шүүрэн шидэхэд бяцхан чөтгөр хумхийн тоос мэт замхран алга болжээ. Хүүхдүүд нь эцгийгээ оршуулахдаа мэргэн түргэн хүмүүст хандан талийгаачийн арыг нь сайн хийлгэснээр хойд төрөлд нь амар жимэр очуулах нөхцлийг нь бүрдүүлсэн аж. Лам нарын хэлснээр уг бяцхан чөтгөр хэн нэгэн амьд хүний биед шингэх санаатай байсан нь хэрэгжсэн агаад өвгөн ухаантай хүн байсныхаа хүчинд байдал бишидснийг гадарлаад үр хүүхэддээ балаг болохгүйн тулд амиа хорлосон нь тэр байж. Харин өвгөнийг үхсэнээр амьд хүнд шингэх бяцхан бугийн санаархал талаар болж биенээс нь гарсан байж.
Одоо ч гэсэн Улиастайн аманд харуй бүрийгээр нялх хүүхэд часхийн уйлдаг тухай тэндхийнхэн өөр зуураа ярьцгаадаг юм.
Гэхдээ нялх хүүхэд бүрийг буг чөтгөр хэмээн эндүүрч хатуу сэтгэл гаргах нь зүйд нийцэхгүй гэдгийг бас мартаж болохгүй шүү.
Эх сурвалж www.wikimon.mn