Үнэ тогтворжих хөтөлбөр амьдрал дээрээ хэрэгжихгүй байна
2014/02/26
Шинэчилсэн засгийн газраас хэрэгжүүлж буй "Үнэ тогтворжуулах" хөтөлбөр амьдрал дээрээ үр өгөөжээ өгөхгүй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ талаар Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляц, ам.долларын өсөлтийн талаар удаа дараа эрх баригчдад шаардлага хүргүүлж, төрийн нүсэр бүтцэд зарцуулж буй зардлыг багасгах, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах, юуны өмнө тулгамдсан асуудлаар зөвшилцөж ойлголцох шаардлагатайг сануулсаар ирсэн билээ. Эдийн засгийн цаасан дээрх өсөлт ард иргэдийн амьдралд наалдах нь бүү хэл улам хүндэрч, төрийн албаны хүнд суртал ихэссэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг хүртэж чадахгүй байгаа талаар очсон аймаг, сумынхан УИХ-ын гишүүдэд хэлж ярьж байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ хэллээ.
Тус хэвлэлийн бага хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
С.Бямбацогт "Өнөөдөр Монгол улсын эдийн засаг санхүүгийн байдал хүндрэлтэй боллоо гэж ард иргэд хэлж байна. Өнгөрсөн жилийг цаасан дээр өсөлттэй жил гэж урьд нь бид хэлж байсан. Эрх баригчид цаасан дээр эдийн засаг өслөө, бүх юм сайхан байна гэж шилний цаанаас чихэр долоолгож ирсэн. Гэвч өнөөдөр эдийн засаг бодит байдал дээр үнэнд гүйцэгдэж, яах аргагүй өсөлт байхгүй, өнгөрсөн түвшнээс уруудаж, доройтсон байна, ард иргэдийн амьдрал хүндэрсэн юм байна, нийгмийн бухимдал газар авч байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. МАН-ын Бүлэг өнгөрсөн жилийн турш улс орны санхүү эдийн засаг хүндрэх нь, та нарын явуулж байгаа бодлого буруу байна. Зөв болгооч ээ, аль болох бага улс төржөөч ээ. Асуудлыг ойлголцож ажиллаач ээ гэж удаа дараа хэлж ярьж ирсэн боловч олонх маань цөөнхөө сонсохгүй юм.
Харин ч үл хүндэтгэж, цөөнхийг саналыг сонсохгүй явж ирснээс өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Өнөөдөр валютын ханш түүхэнд байгаагүйгээр өсөөд байна. Валютын ханш 1790 төгрөгт хүрч, шатахууны үнэ өслөө. Хувийн хэвшлийнхэн маань урд байгаагүй татварын дарамтанд ажиллаж байна. Урьд нь олсон орлогоосоо сайн дураараа татвараа төлдөг байсан бол одоо олоогүй байхдаа татвараа төлөө гэсэн дарамтийг бий болголоо гэж байна. Төрийн албан хаагчийн тоо өмнө 160 мянга орчим байсан бол өнөөдөр 230 мянган гарсан байгаа нь төрийн хүнд суртлыг маш ихээр нэмэгдүүллээ гэж байна. Засгийн газар 14 их наяд төгрөгөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг ажил хийж байгаа ч гаргасан шийдвэр нь зөв биш байна. Ийм их төрийн албан хаагчтай, ийм их мөнгөтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Гэтэл ийм богинохон хугацаанд ард олны амьдралыг доройтуулсан түүх ч байгаагүй гэдгийг уулзсан газар бүхэнд ард түмэн хэлж байгаа юм. Тиймээс бид баялаг бүтээгчдээ дэмжье, татвараар дарамтлахаа больё, төрийн албан хаагчид төрийн нэрээр айлгахаа боль, олон лиценз зөвшөөрлөө цөөлөө гэж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1100 лиценз, зөвшөөрлийн бичиг байгааг цөөрүүлэх шаардлагыг тавьж байна. Мөн валютын ханштай холбоотой, төрийн албан хаагчтай холбоотой хуулийн төсөл өргөн барихаар бэлдлээ. Түүнчлэн ойрын хугацаанд УИХ-ын өргөтгөсөн хурал хийгээч ээ. Үүгээрээ эдийн засаг, санхүүгийн хямралтай байдлыг давах асуудлыг яриач ээ.
Засгийн газар эдийн засаг хямралтай байгаа гэдгээ ард иргэддээ ний нуугүй зарлаач ээ. Хямралаас гарах арга замаа хамтдаа хэлэлцэж, ард түмний саналыг сонсож, нээлттэй мэдээллийг хийгээч ээ. Наад талдаа сайхан ярьж, цаанаа хэцүү байгаагаа нууж хаалгүй ил тод байгаач ээ гэсэн шаардлагыг бид бас тавина. Хамгийн гол бизнесийн салбараа идвэхижүүлээч ээ гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Ингэхийн тулд баялаг бүтээгч, татвар төлөгчдөө дэмжье. Татвар төлөгчдөө айлгасан, дарамталсан, сүрдүүлсэн бодлогоос болж эдийн засаг, бизнес хумигдаж байна. Гадны хөрөнгө оруулагчдаа дэмжье. Монгол Улсын түүхэнд байгаагүй энэ олон хурган дарга нарынхаа тоог багасга. Төрийн албаны хүнд суртлыг бууруул. Аж ахуйн нэгж, ард иргэдийг ялгаварлан гадуурхдаг хандлагаа болих хэрэгтэй гэсэн асуудлуудыг бид хэлэх гэсэн юм" хэмээлээ.
МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан "2013 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэл гарсан. 2013 оны гүйцэтгэлээр эдийн засгийн гол тодорхойлох үзүүлэлтүүд унасан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 18.5 хувиар өсгөнө гэсэн бол 11.5 хувьтай гарсан байна. Инфляцийг УИХ-аас 8 хувьтай байлгана гэсэн бол яг гүйцэтгэлээр 12.5 хувьтай байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Тэр тусмаа гадаад худалдаа, гадаад худалдааны алдагдал хүлээсэн байна. Өрийн хэмжээ байх ёстойгоосоо нилээн нэмэгдсэн гээд үнэхээр эдийн засагт асах ёстой бүх гэрлүүд нь асчихсан байна. Тийм болохоор УИХ анхаарлаа хандуулах цаг яах аргагүй болсон гэж үзэж байна. Ер нь валютын ханш нэмэгдсэнээр эдийн засагт ямар эрсдлүүд үүсээд байгаа талаар тоон үзүүлэлтийг хэлье. Валютийн ханш 1792 төгрөг болж өссөнөөр зөвхөн 2012 онтой харьцуулахад Монгол улсын өрийн хүүгийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн байна. Одоо бид жил бүр зээлийн хүүнд 150-180 орчим тэрбум төгрөг төлж байгаа. Гэтэл валютийн ханшны өөрчлөлтөөс болоод энэ хүү 35 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. 2014 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг 1 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Гэтэл эрх баригчид маань тухайн үед валютын ханшийг 1384 төгрөгт барьж чадна гэж байсан. Харин 1384 төгрөгөөр тооцож төрөөс зарласан ажил үйлчилгээ эрхлэх тендерт орсон хүмүүс төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд өртөг зардал нь өсөж, асуудал үүсэх болж байна" гэсэн юм.
Мөн тэрбээр МУ-ын гадаад зээл 6 их наяд хүрсэн, үүнээс 2 тэрбум хүрэх хэмжээний ам.долларын зээл байгаа. Гэтэл 2 тэрбум ам.долларын зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төтөлтөд маш их хэмжээний ачаалал үүрч байна. УИХ дээр өнгөрсөн хавраас ер нь сүүлийн хоёр жил улс орны эдийн засагт нүүрлэсэн хямралаас гарах олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухйалбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан улс орны нийгэм эдийн засагт үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг гараад маш бодитой дүгнэлтийг гаргасан. Гэвч 2013 оны УИХ-ын ахврын болон намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Түүнчлэн намрын чуулганаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийг идэвхижүүлэх, Засгийн газарт үүрэг өгөх тогтоолыг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Энэ юуг хэлж байна гэвэл Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гарчихжээ. Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэн валютын ханш өссөн. Үнэ тогтворжулах хөтөлбөр үр дүнд хүрсэнгүй гэж үзэж байна гэж өөрийн байр сууриа илэрхийлэв.
МАН-ын гишүүн Я.Содбаатар "Сүүлийн долоо хоногт иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бол нефтийн бүтээгдэхүүний өсөлт. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын гишүүн Д.Ганхуягаас асуулга тавьсан байгаа. УУЯ, УИХ, Монгол банктай 2012 оны 10 дугаар сарын 26 ны өдөр “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөбөр”-ийг баталж хэрэгжүүлнэ гэсэн. Энэ дэд хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдөр ямар байна. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 200 орчим тэр бум төгөргийг жилийг 3.8 хувийн хүүтэй 13 аж ахуйн аж ахуйн нэгжид олгосон. 532 тэрбум төгрөгийг валютын ханшны эрсдлийг бууруулах зорилгоор тодорхой тоо хэлэлцэлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон. Нэг ёсондоо 532 тэрбум төгрөгийг долларын ханшийг тодорхой хэмжээнд тогтворжуулах үүднээс олгосон бол яг аж ахуйн нэгжүүдийг тогтворжуулах хүрээнд 200 орчим тэрбум төгрөг гаргасан. Энэ хэмжээний мөнгө гаргаад нефтийн үнийг барина гэж Засгийн газар ард түмэндээ амлаад ажиллаж байгаа ч үр дүн ямар байна. Сүүлийн үед Орос, Хятад гээд нефть импортолдог улс орнуудад шатахууны үнэ ямар байгаа юм. Энэ дээр монгол улс ямар алдагдал хүлээж байгаа юм. Дотоод зах зээл дээр үнийг тогтвортой барих үүднээс их олон зах зээлийн харилцаанааас авсан буруу эдийн засгийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлээд байна. Өнгөрсөн оноос жижиглэнгийн үнэ, бөөний үнээс өндөр болчихоод байна гэж бид хэлээд л байсан. Энэ зах зээлийн харилцаа мөн үү, биш үү гэхэд бид барьж байна аа л гээд байсан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 50 төгрөгөөр буурахад Засгийн газар 50 төгрөгөөр буулгасан гээд байсан. Гэтэл одоо 90 төгрөгөөр нэмэгдчихээд байхад яагаад дуугарахгүй байгаа юм. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлдөг. Өнөөдөр 40-90 төгрөгөөр нэмэгдсэн шатахуунд чиглэсэн ямар арга хэмжээг Засгийн газар явуулж байна. Их хэмжээгээр гаргасан мөнгөний үр дүн хаана байна гэж Засгийн газарт асуулга тавьж байгаа. Засгийн газарт зохицуулалт хийх боломжгүй зүйл байгаа гэж харж байна. Татварын зохицуулалт хийдэг, тодорхой хэмжээнд кг-ийн үнийн өсөлт, ханшны өөрчлөлтийг борлуулалттын тов хэмжээнд шилжүүлж, өндөр хэмжээний өндөр өсөлт гаргахгүй зохицуулалт хийж болдог. Шатахууны кг-ийн үнэтэй холбоотой татварын зохицуулалтаас гадна гадаад зах зээлийн харилцаа, хамтын ажлын хүрээнд ямар зохицуулалт хйиж байгаа юм бэ гэдгийг тодруулах асуулга тавьж байгаа. Мөн ШӨХТГ-аас шатахууны кг-ийн үнэ өссөн гэж тайлбарласан бол Газрын тосны газраас нефтийн үнэтэй холбоотой жижиглэнгийн үнэ өссөн гэж байна. Нэг ёсондоо Засгийн газрын хоёр агентлаг өөр өөр хариулт өгч байна. Утга учир, үнэн хариулт нь хаанаа байгаа юм. Тиймээс Засгийн газрын холбогдох албаныхан ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна.
Х.Даваа
Зочин · 2014/02/27
Turiin ergelt hiih tsag ni bolson