"Голден жим" фитнесс клубын сургалт хариуцсан захирал, дасгалжуулагч Ө.Долгормаа буюу Доко фитнессээр хичээллэхэд тулгардаг 10 асуултад хариулт өглөө. 

 

 

 

1. Хэрхэн хурдан турж гоё болох вэ? 
➡️Танд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэмийг бариж чадвал та хүссэн үр дүндээ заавал хүрнэ. Гэхдээ жингийн илүүдэл хэр байгаагаас мөн таны хичээл зүтгэл, хугацаа зорилгоос тань шалтгаалах болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

2. Илүүдэл жинтэй хүн ямар хоол идэх ёстой вэ? 
➡️Илүүдэл жин нь ихэвчлэн хоолтой шууд холбоотой үүсдэг орчин цагийн эрүүл мэндийн нэгэн томоохон асуудал юм. Илүүдэл жинтэй хүмүүс нэг бол хоолыг хэрэгцээнээсээ хэт их иддэг зарим тохиолдолд буруу хооллодог хүмүүс байдаг. Хоол хүнсийг илчлэгийн хэрэгцээндээ тооцож идэж сурснаар хүн хэрэгцээнээсээ илүү илчлэгийг авахгүй байвал илүү сайн байна гэсэн үг.Хэрвээ илүүг авсан тохиолдолд түүнийгээ шатааж сурах буюу дасгал хөдөлгөөн хийж занших нь чухал. Хамгийн энгийнээр хэлэхэд хоол хүнсэндээ жимс, ногоо, сүү сүүн бүтэгдэхүүнийг нэмж амьтны гаралтай өөх тос, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн амттан идэхгүй мөн хоолны давсаа багасгаж цагаан гурил нарийн боовны төрлүүдээс аль болох татгалзсанаар жингээ бууруулах бүрэн боломжтой.

 

 

3. Жингээ хасахын тулд яагаад заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой вэ? 
➡️Хүний биеийн булчин нь хоол тэжээлээр авсан илүүдэл илчлэгийг шатаах үндсэн станц юм. Дасгал хөдөлгөөн хийх үед хүний биеийн бодисын солилцоо сайжран булчин ажиллахдаа нүүрс усыг өөх тостой хослуулан шатаадаг. Ингэснээр биеийн өөх тос шатаж таргалалтаас ангижрч илүү хурдан эрүүл чийрэг жингээ хасах боломжтой.

4. Илүүдэл жинтэй хүнд ямар дасгал хөдөлгөөн тохиромжтой вэ? 
➡️Булчин ажиллахдаа эхэн үедээ нүүрс усыг шатааж эхлэх ба нүүрс ус булчинд хангатгүй болж эхэлмэгц аажим өөх тосны шаталтыг нэмэгдүүлдэг. Тиймээс турах хүмүүсийн дасгал ердийн булчингаа хөгжүүлэх хүмүүсээс харьцангуй өөр буюу удаан нэгэн жигд өөхийг эрчимтэй хайлуулах кардио төрлийн өөр системээр явагдах ёстой.

 

 

5. Ахимаг насны хүмүүс фитнессээр хичээллэж болох уу? 
➡️Та хэдэн настай ч бай дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. 
➡️25 наснаас хүний биеийн хөгжил дээд цэгтээ хүрдэг ба энэ хугацаанаас хойш 10 орчим жил тогтвортой түвшинд байж цаашид аажим буурч эхэлдгийг судлаачид баталсан. “Хүн хөгширж биш хөшиж үхдэг” гэж манай ухаант ард түмэн хүртэл ярьдаг. Хүний биеийн энэхүү бууралт бидний яридгаар хөгшрөлтийг удаашруулах биеэ хөнгөн шингэн залуугаар урт удаан хадгалах нэг том хэсэг нь дасгал хөдөлгөөн юм.

6. Булчингаа яаж хөгжүүлэх вэ? 
➡️Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр булчинтай болох боломжгүй юм. Харин дасгал хөдөлгөөнийг тохирсон жингээр аажмаар хүндрүүлэх зорилгоор системтэй хийх хэрэгтэй. Манай залуучуудын түгээмэл гаргадаг нэг алдаа бол хэтэрхий хурдан том булчинтай болох гэж яарч хүндээр өргөн биеэндээ гэмтэл үүсгэдэг талтай.

 

7. Туранхай хүн дасгал хөдөлгөөн хийж жингээ нэмж болох уу? 
➡️Дасгал хөдөлгөөн нь хүнийг дан ганц тураах биш мөн биеийг галбиржуулан жинг нэмэгдүүлэн өв тэгш биетэй болгодог. Хоол хүнсээр авах илчлэгийг тодорхой хэмжээгээр нэмэн дасгал хөдөлгөөнийг бага тоогоор системтэй хийлгэснээр жинг нэмэгдүүлж болдог ч тодорхой хугацаа шаарддаг.

8. Харвинг яаж байхгүй болгох вэ? 
➡️Хүний биеийн хамгийн их өөх хуримтлагддаг газар нь харвин хэвлий орчмын хэсэг байдаг. Ерөнхий бүтэн биеийн дасгалууд биеийн өөхлөлтийг жигдхэн бууруулах ба булчингын хөгжил сайн газар өөх бага хуримтлагддаг. Тиймээс тухайн таргалалттай хэсгийн ойр орчмын булчингаа ажиллуулж өгөх нь хамгийн зүйтэй.

9. Өгзөгөө яаж томруулах вэ? 
➡️Өгзөг нь арьсан дор орших булчин бөгөөд түүнийг musculus gluteus гэж нэрлэдэг. Gluteus булчинг хөгжүүлэх дасгалуудыг системтэйгээр дор хаяж 3 сар хийхэд л хангалттай үр дүнд хүрж чадна.Гол нь тууштай зан чухал.

10. Бэлтгэлийн дараа ямар уураг хэрэглэх вэ? 
➡️Бэлтгэлийн дараа булчин ажиллаж сэмрэн нөхөн сэргэх хэрэгтэй болдог энэ үед уургыг ууснаар булчингын нөхөн төлжлийг дэмжиж өгдөг. Калори ихтэй truemass зэрэг жин нэмэх уургуудыг уувал булчингын масс мөн жин нэмэх бол whey буюу шар сүүний уураг нь булчингын массыг, харин амино, BCAA нь зөвхөн булчинд хэрэгтэй уургын амин хүчлүүдийг сэлбэснээр булчингын нөхөн төлжилтийг дэмжинэ.

 

 Илүү ихийг мэдэхийг хүсвэл  #Trainer_Doko ,#HealthyWayVipClub групп-д нэгдээрэй