Гашуун сухайтын замд ноцтой осол гарч найман сартай хүүхэд газар дээрээ нас барж, эцэг эх нь эмнэлэгт хүргэгдсэн. Байдлыг харвал нүүрс тээвэрлэдэг автомашинд шахуулсан байж болзошгүй гэх мэдээлэл иргэнээс ирлээ.

Уг мэдээллийн дагуу бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад,

Өмнөговь аймаг, Ханбогд сум, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 113 дахь километрт Toyota RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон осол 2019.07.30-нд болсон. Ослоор найман сартай охин газар дээрээ нас барж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авсан хэмээлээ.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар, тээврийн хэрэгслийн цонх онгорхой явсан учир найман сартай охин цонхоор шидэгдсэн дүр зураг харагдсан. Мөн бусад зорчигчид хамгаалах бүс зүүгээгүйн улмаас хүнд гэмтэл авсан. Амиа алдсан найман сартай охины ээж осол гарсан өдрийн маргааш нь /2019.07.31/ гэмтлээ даалгүй нас барсан гэлээ. 

Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн  Ханбогд сумын цагдаагийн газар ажиллаж байна. Мэдээлэл өгсөн иргэний хэлсэнчлэн нүүрс тээвэрлэж явсан автомашинд шахуулаагүй байж болзошгүй аж.