Анх цагдаа нар нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураадаг байсан. Улсын дугаараа хураалгасан жо­лооч тухайн дүүргийн цагдаагийн газраас 10 мянган төгрөгийн торгууль төлөөд улсын дугаараа буцааж авдаг систем үйлчилж байлаа.

Улсын дугаар тайлж авдаг систем төдийлөн амжилтад хүрээгүй, жо­лооч нар ч хашрахгүй машинаа нэгдүгээр эгнээнд тавьсаар байсан. Тэгвэл 2012 оноос жолооч нарыг хашраах арга хэмжээ авсан нь нэгдүгээр эгнээ буюу зөвшөөрөлгүй газар тавьсан тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэх ажиллагаа юм. Замын хөдөлгөөний нягтралыг буруулах, жолооч нарын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх зорлигоор авч хэрэгжүүлж буй уг ажлыг сайшааж буй хэсэг байгаа. Харин жолооч нарын зүгээс машин тавих зогсоолгүй, машинаа ачуулсан жолооч нарт бөөн зардал чирэгдэл учруулдаг зэргээр шүүмжлэл дагуулах болсон. Мөн тор­гуулийн мөнгөн дүн өндөр байгаа нь хэн нэгний бизнес болсон гэх хардлагыг ний­гэмд төрүүлээд буй.

Ачиж журамлах ажлын орлого хашаа орж байгаа талаар тээв­рийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Хас транс” компаниас тодруулсан юм.
Тус компани ачиж тээвэрлэх үйлчилгээний эрхийг Цагдаагийн ерөнхий газарт материалаа өгөөд Замын цагдаагийн газартай гэрээ хийж авсан гэнэ. Ачиж зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгээд 70-80 мянган төгрөгийн торгуулийг нэг жолоочоос авдаг. Тухайн машины моторын багтаамж овор хэмжээнээс хамаарч торгуулийг тогтоодог гэнэ. “Хас транс” компани машин ачиж тээвэрлэх ажиллагаанаас олсон орлогоосоо улсад татвараа л төлдөг гэнэ. Тодруулбал, нэг машин ачаад 70 мянган төгрөгийн орлого оллоо гэж бодход 20 хувийг компанийн ашиг болгодог. Үлдсэн 80 хувийг нь ажилчдын цалин, шатахуундаа зарцуулж, улсад төлдөг орлогын албан татварт зориулдаг аж. Өөрөөр хэлбэл жолооч нарын торгуулийн мөнгө бүгд хувийн компанийн орлого болдог байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хойш Замын хөдөлгөөний удирдалгын төвийн 11 машин дангаараа 2379 машиныг нэгдүгээр эгнээнээс ачиж журамласан байгаа юм. Ачуулсан машиныг тоог торгуулийн доод хэмжээ болох 70 мянган төгрөгөөр үржүүлхэд 166 сая 530 мянган төгрөг болж байна. Тэгвэл өчигдрийн байдлаар тус төв 28 тээврийн хэрэгсэл ачсан гэж бодхоор жолооч нар нэг сая 960 мянган төгрөгийн торгууль төлжээ. Гэхдээ Замын хөдөлгөөний удирдалгын төвд орсон орлого улсад ордог байна.
Хориотой газраас машин ачиж орлого олдог дөрвөн комапани байдаг. Тэдгээр компаниуд ачсан тээврийн хэрэгслээсээ олдог орлого нь дээрхи дүнтэй ойролцоо болов уу. Зөвхөн нэг компани л гэхэд өдөрт 10 гаруй тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөдөг гэнэ. Гэхдээ энэ бол дарж хэлж буй тоо гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр нийслэлд хоногт 60 орчим ма­шин журамлагдаж, жолооч нарт оройлцоогоор 4.2 сая төгрөгийн торгууль тавигддаг бололтой. Машин журамлагчид өдрийн нормоо биелүүлж байгаа аятай хурдан шуурхай ачдаг нь энэ үнийн дүнтэй холбоотой ч байж магадгүй юм. Ингэхээр замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, машин ачих бизнесийг дэмжих, шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцэж мөнгө олдог хуулийн гажиг болоод байна. Зарим иргэ­ний хэлж буйгаар жийпнүүдийн дунд жижиг тэрэг зогсож байвал түүнийг л сугалж аваад явчихсан байдаг гэнэ.
“Хас транс” компанийн ажилт­ны хэлсэнчлэн эрх олгосон гэх Замын цагдаагийн газраас ачилт үйлчилгээний ажил гүйцэтгэж буй компаниудад ямар хяналт тавьж ажиллаж байгаа талаар тодруулхаар Цагдаагийн ерөнхий газарт очтол мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэгчээр мэд­дэг хүн байдаггүй. Замын хөдөл­гөөний удирдлагын төв ачиж тээвэрлэх ажиллагааг хариуцаж ажилладаг гэх юм. Харин дээрхи Замын хөдөлгөөний удирдалгын төвөөс хувийн компаниудад Замын цагдаагийн газраас эрхийг олгосон. Манайх өөрийн долоон машинаа л мэддэг гэх юм. Энэ хоёр байгуулага нэг нэгрүүгээ асуудлыг чиглүүлж зайлсхийхийн учир юунд байна. Магадгүй нэг эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөх гээд байна уу. Олон саяын орлоготой уг бизнесийн эрхийг хэн олгодог нь тодорхой бус аж. Хувийн компaниуд дур мэдэн, машин ачиж журамлаад торгоод явна гэж баймааргүй л юм.

Д.МЯГМАРДОРЖ