Өттэй жимс, хөгцтэй бүтээгдэхүүн, үнийн дүнгийн зөрүү, үйлчилгээний соёлгүй байдал, барааны жин багассан гээд олон дуулианы эзэн бол яах аргагүй "Миний дэлгүүр" сүлжээ.

Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олонтаа алдаж байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад нь олон хүн гайхдаг. Арга ч үгүй юм. Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын шалгалтад удаа дараа бүдэрч, хаалгаа барих шийдвэр тогтоолыг нэг биш гардсан. Мөн л үйлчлүүлэгчдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, торгууль ногдуулдаг нь тус сүлжээ дэлгүүрийн имиж болсон гэлтэй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Үнийг унагаагч Миний дэлгүүр" хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ хугацаа дууссан бараа шахдаг нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон. Үүнээс гадна зөрчил илэрсэн даруйд Мэргэжлийн хяналт дуудна гэсэн үйлчлүүлэгчийгээ "цагдан" хорьж байсан түүхтэй. Цагаан будаанаас өт гарахад дэлгүүрийн удирдлагын зүгээс "Ер нь будаа чинь угаасаа хорхойтой байдаг шүү дээ. Манай монголчууд тариалангийн хүмүүс биш болохоор мэдэхгүй л дээ" хэмээн хэнэг ч үгүй хариулж байсан удаатай. Энэ мэтчилэн тус сүлжээ дэлгүүрийн талаарх гомдол цөхрөл барагдахгүй.
 

 

    Угтаа бол тус сүлжээ дэлгүүрийнхэн "Улс эх орныхоо хүнсний аюулгүй байдлын манаанд байнга зогсч байдаг "Миний дэлгүүр" нь өөрийн улсын итгэмжлэгдсэн хүнсний лабораториор өдөр бүр бараа бүтээгдэхүүнээ шинжлэн ажилладаг" гэж рекламддаг. Гэтэл бараа бүтээгдэхүүнийх нь багагүй хувь хүнсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд байдгийг мэргэжлийн байгууллагынхны шалгалтаар нэг биш удаа тогтоож байсан. Үйлчлүүлэгч хаан хэмээн үгээр өргөмжилдөг ч бодит байдал дээр ам ажлын нэгдэл байнга шахам зөрөлдөж байдаг нь яг үнэндээ энэ дэлгүүрт ажилладаг жирийн худалдагчтай хамаатай биш байх. Хаанаас ямар бараа хэдий хугацаанд оруулж ирэх вэ гэдэг зах зээлийн бодлого, арилжааны тактикаа атгадаг удирдлагуудтай нь хамаатай. Хүнсний бүтээгдэхүүний наймаа өөрийн гэсэн онцлогтой. Ялангуяа импортоор оруулж ирдэг барааг шинээр нь авчирч хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг амар биш нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт энэ салбарт бизнес хийнэ хэмээн зориглож нэг биш бүр бүхэл бүтэн сүлжээ болтол нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн "Миний дэлгүүр"-ийн хувьд энэ тал дээр тун ч муу ажилладаг гэдгийг үйлчлүүлэгчдээс гадна хяналтынхан ч хэлдэг. Гэхдээ тэд ингэж хэлүүлэх дүргүй.

 

   Саяхан ШӨХТГ-аас торгууль ногдуулсанд нь уурссан тус компанийн захирал Х.Ариунболд О.Магнай даргын өрөөнд дайрч орж, "Чамайг ална. Ямар их торгодог юм" хэмээн дарамталсан тухай хэвлэлүүд шуугиад амжсан. Энэ мэтээр таатай гэхээсээ таагүй мэдээлэл олныг дуулгадаг "Миний дэлгүүр" сүлжээний эздийн нэг С.Баясгалан өнгөрсөн нэгдүгээр сард Замын-Үүдийн боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар томилогджээ. Тэрбээр энэхүү албан тушаалд очихоос өмнө "Миний дэлгүүр"- ийн толгой компани болох "Монхангай" группийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд төрсөн дүү С.Сэргэлэнгийн хамт энэхүү компанийг үүсгэн байгуулсан. Харин одоо дүү нь группээ удирдаж, ах нь төрд алба хаадаг болсон. Ахынх нь хашдаг алба уг нь хууль номынхоо дагуу бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдоно. Хугацаа дуусах дөхсөн, чанар муутай бараа худалддаг хэмээн хяналтынхнаар нүдээ ухуулах шахдаг хувийн компанийн эзнийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг тэргүүлүүлэхээр томилсон нь яг үнэндээ "Монхангай"-н нэрээр "Миний дэлгүүр"-т хилээр оруулж ирдэг асуудалтай барааныхаа арыг даах үүрэг хүлээсэн хэмээн ойлгож болох талтай.

 

    С.Баясгалан даргын хувьд бизнесийн салбарт хүч үзэхийн зэрэгцээ улс төрд ч мөрөө гаргах хүсэлтэй нэгэн. Тэрбээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн гуравдугаар тойрогт МАХН- МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Гэхдээ эрх барьж буй намын төлөөлөл болж орон нутгийн сонгуульд оролцож байсныхаа буянаар энэ албан тушаалд очсон гэнэ билээ. Нам нь түүнд нэг биш газар санал болгосон ч шилж сонгож байж энэ суудлыг авсан нь цаанаа учиртай ч биз. Нэг үгээр албан тушаалын хаялгаар ахархан ч бол хугацаанд ашиг олно хэмээн тооцоолсон байж болох талтай" хэмээн хардахад буруутгахгүй мэт.