Ц.МЯГМАРБАЯР

Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр авлагын харьцааг тогтоосноор өр авлагын харьцаа 69 хувь байдаг байсан бол одоо 58.9 хувь хүртэл буурчээ.  Ингэснээр хэрэглээний зээл 200 орчим тэрбум төгрөгөөр буурч  эсрэгээрээ  жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тогтвортой өсч, чанаргүй зээл бага түвшинд байгаа аж.  Иргэдийн хэрэглээний зээлийн өр авлагын харилцааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ийнхүү хэрэгжүүлснээр иргэдийн зээл тогтвортой хэмжээнд байж үр дүнгээ өгсөн байна. Хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан нь мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгцээ бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай. Гэхдээ тухайн үед хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан нь  шүүмжлэл дагуулсаар байсан. Энэ тухай Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл тайлбарлахдаа “ Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл “гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг “одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэж байв. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Энэ нь ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болдог ажээ. Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэлтэй гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй. Тэгэхээр хэрэглээний зээл дээрх хязгаарлалтууд нь банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болох тогтвортой байх нь чухал хэмээн тэрээр тайлбарласан юм.

 

Банкуудыг магадлан шинэчлэх ажил үргэлжилж байна

 

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм. Одоогоор  арилжааны банкуудын нийт зээлийн 4.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээлийг эдийн засгийн бүтцээр нь авч үзвэл барилгын салбар нийт хугацаа хэтэрсэн зээлийн 25,  санхүү даатгалын салбар 19, худалдааны салбар 15, цалин тэтгэвэрийн зээлийг 13 хувь  тус тус эзэлж байна. Түүнчлэн  зээлийн 73 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа бол чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхайн салбарын зээл, 21 хувийн боловсруулах салбарын 11 хувийг барилгын салбарын зээл эзэлж байна. Мөн  83 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна. Он гарсаар  283 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4000 орчим зээлдэгчдэд олгожээ. Үүнд чанаргүй болон  хугацаа хэтэрсэн зээл 4.3 хувийг эзэлж байгаа аж. Ирэх оноос энэ зээлийг Засгийн газар хариуцаж улсын төсөвт шаардлагатай санхүүжилтыг суулгах ёстой. Харин Монголбанк, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үүнд оролцохоо болих юм.  Энэ оны итпотекийн зээлийн нийт санхүүжилт 430 орчим тэрбумд хүрнэ гэсэн тооцоотой.Энэ нь өнгөрсөн  онтой харьцуулахад санхүүжилтын хэмжээ 1.5 дахин нийт зээлдэгчийн тоо хоёр дахин өснө гэсэн хүлээлттэй байгаа тухай Монголбанкнаас дуулгаж байна. Өргөтгөсөн санхүүжилтын хүрээнд Монголбанкыг  орон сууцжуулах хөтөлбөрөөс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гаргах шаардлагыг тавьсаны дагуу ийм шийдвэр хэрэгжихээр болжээ. Түүнчлэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд манайх 430 орчим сая ам.доллар авах ёстой. Энэ санхүүжилтыг өгөхийн өмнө банкуудад өөрийн хөрөнгийг дахин үнэлэх магадлан шалгах үүргийг Монголбанкинд өгсөн. Үүний дагуу банкуудын магадлан шинэчлэх шалгалт хийгдсээр байгаа. Банкуудаас өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг  нотлох нэмэлт  баримтуудыг төрийн бусад байгууллагуудаас болон холбогдох газруудаас гаргаж авах зэрэг ажил нэмэгдсэн. Энэ бүх материалыг бүрдүүлсний дараа англи хэл руу хөрвүүлэх ажилд хугацаа шаардлагатай. Үүнтэй холбоотой  техникийн шинжтэй ажлууд  хойшилсон гэж байв. Гэхдээ аль болох хурдасгахад анхаарч байна ойрын хугацаанд тайлангаа гаргана гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.2  ДАВАА  №174  (6141)