Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцэхтэй холбогдуулан удирдах болон гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, төсвийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна.

Энэ хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор:

  • Засгийн газрын агентлаг,

  • Төрийн болон орон нутгийн өмчит,

  • Эдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоох,

  • Шинээр албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх,

  • Өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх чиглэлийг тус тус хүргүүлсэн байна.

Энэ шийдвэр нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд огт хамаарахгүй болохыг Боловсролын яам албан ёсоор мэдэгдэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагуудын удирдлагуудад тухайн чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн бөгөөд багш нарын томилгоо, орон тоог царцаахгүй болохыг тодотгожээ.

Гэвч уг чиглэлийн агуулгыг зарим цахим хуудас, ялангуяа “Цахиур” сайтын зүгээс илтэд гуйвуулан, ташаа мэдээлэл түгээсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Боловсролын салбарын аливаа шийдвэр, мэдээллийг зөвхөн баталгаатай эх сурвалжаас авахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олон нийтэд уриалж байна.