Т.Сумъяабазар: Манай улс татварын дарамтад байгаа ч иргэд татвар хоорондын ялгааг сайн ойлгох хэрэгтэй
3 цагийн өмнө
Хуульч, өмгөөлөгч Т.Сумъяабазартай үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах татварын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд цалингаасаа татвар төлсөн хэрнээ үл хөдлөх хөрөнгөө борлуулахдаа хүртэл дахин татвар төлж байна гэж шүүмжилж байгаа. Хуулийнхаа хүрээнд энэ нь давхардсан татвар мөн үү?
-Иргэдийн бухимдаад байгаа гол зүйл нь нэг орлогоос хоёр татвар төлөөд байна гэх ойлголт юм. Агуулгын хувьд харвал энэ нь нэг орлого юм шиг мөртлөө бодит байдал дээр буюу хууль зүйн хүрээндээ хоёр өөр татварын ойлголт. Иргэдийн хувьд ажил, хөдөлмөр хийгээд олсон орлогоосоо Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлдөг. Мөн тухайн цалин хөлсийг орлого гэж тооцдог учир улсад 10 хувийн татвар төлдөг шүү дээ. Энэ нь анхдагч татвар юм. Хоёрдугаарт, иргэд үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа 2 хувийн татвар төлөх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр энэ бол хоёр тусдаа татвар. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд бий. Иргэд шууд олсон орлого буюу цалингаасаа хоёр удаа татвар төлөөд байна гэх ойлголттой байна. Эхлээд цалингаа авахдаа 10 хувийн татвар төлдөг. Харин цалингаа цаг хугацааны явцад хуримтлуулаад үл хөдлөх хөрөнгө авдаг. Ингээд энэ үл хөдлөх хөрөнгөө хэдэн жилийн дараа үнэлгээ нь өсөхөөр худалдан борлуулдаг байх жишээтэй. Тэгээд үүнээсээ 2 хувийн татвар төлөх ойлголт яваад байгаа юм. Гэтэл манай иргэд шууд утгаар нь үүнийг хүлээж авдаг. Жишээ нь, би нэг сая төгрөгийн цалин авахдаа 100 мянган төгрөгийн татвар улсад аль хэдийнэ төлчихсөн. Тэгээд 900 мянган төгрөгөөрөө өөртөө хөрөнгө бий болголоо. Үүнийгээ доод тал нь жилийн дараа худалдан борлуулах гэхээр улс дахин татвар авах гээд байна гэж бухимдаад байгаа юм.
-Хууль зүйн агуулгынхаа хувьд бол хоёр өөр татвар гэсэн үг үү?
-Мэдээж, нэг хүнээс олон татвар төлөлт гарч байгаа гэдэг утгаараа үүнд иргэд бухимдалтай байж болно. Манай татварын тогтолцоонд болохгүй бүтэхгүй зүйлс олон бий. Гэхдээ энэ кейсын хувьд иргэдийг шууд дээрэмдэж буй агуулга бол биш. Магадгүй миний таван жилийн өмнө авсан газрын үнэ өнөөдөр хэд дахин өссөн байж болно. Би энэ газрыг худалдан борлуулж тодорхой хэмжээнд ашиг олох гээд байна шүү дээ. Тэр ашгаасаа л хоёр хувийн татвар төлж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж байгаа хүн татвар төлөхөөс биш худалдан авч байгаа хүн төлөхгүй.
Та хөрөнгө худалдан авахдаа ямар ч татвар төлөхгүйгээр өөрийн болгож байгаа юм. Харин түүнийгээ дараа нь борлуулахдаа татвар төлнө гэсэн санаа.
-Тэгвэл иргэд татварын тооцоолол дээр маргадаг уу?
-Тэдэн хувийн татвараас хэдэн хувийг нь авлаа гэх маргаан бол үүсдэг. Хоёр хувийн татвар байхад илүү авсан нь буруу гэдэг ч юм уу. Сүүлд эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн Хууль зөрчсөн нь үнэн гэх дүгнэлт гарсан. Үүний цаад агуулга нь иргэд эд хөрөнгөө худалдан авсан анхны үнээрээ зарах гэхээр Улсын бүртгэлд бүртгэхгүй ийм хуулийн зохицуулалт орж ирсэн юм. Үүнийг саяхан хүчингүй болгосон. Нэг ёсондоо төр өндөр татвар авахын тулд үл хөдлөх хөрөнгийг өмнөх үнийн дүнгээс нь бууруулж зарж болохгүй гэх зохицуулалт оруулж ирсэн юм. Гэхдээ одоо бол 100 сая төгрөгөөр байр худалдан аваад үүнийгээ 50 саяд зарах эрх нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, татвар бага төлөх эрх нээлттэй гэсэн үг. Гэхдээ энэ нь эсрэгээрээ дүр үзүүлэх хэлэлцэл хийсэн үү, үгүй юу гэдэг асуудлыг дагуулдаг. Иймэрхүү маргаан иргэдийн дунд гарах хандлага их байна.
-Дүр үзүүлэх хэлэлцэл гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Жишээлбэл, 100 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зарж борлуулахад 2 хувийн татвар буюу хоёр сая төгрөг төлөх болдог. Тэгэхээр энэ хоёр сая төгрөгийн татвараас манай иргэд яаж бултдаг вэ гэхээр бэлэглэлийн гэрээ байгуулчихдаг юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ гэсэн үг. Нэг ёсондоо татвар төлөхөөс зайлсхийж буй арга. Бас өөр төрлийн гэрээнүүд бий. Нөгөө 100 сая төгрөгийн орон сууцаа 50 саяд зарсан дүр үзүүлээд нэг сая төгрөгийн татвар төлөх гэх мэтээр үнийн дүнг бууруулж гэрээ хийдэг. Гэхдээ энэ эргээд ямар асуудлыг дагуулдаг вэ гэхээр гэрээний хүчин төгөлдөр бус байдал. Учир нь тухайн гэрээг дүр үзүүлээд хийчихсэн шүү дээ. Эсвэл татвар төлөхгүйн тулд өөр гэрээгээр халхавчлах зорилгоор хийдэг. Тэгхээр энэ бол иргэний хуульд заасан дүр үзүүлэх хэлэлцэл болно. Нэг ёсондоо халхавчлах зорилгоор хийсэн учраас хүчин төгөлдөр бус гэрээ бодог юм. Тиймээс иргэд маань гэрээ байгуулж байгаа бол бодит үнийн дүнгээрээ л байгуулах ёстой. Хэдийгээр татвар танд өндөр мэт байгаа боловч эргээд ямар нэгэн эрсдэл үүсгэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар дээр бол иймэрхүү төрлийн асуудал үүсдэг. Түүнээс биш татвар төлөх нь буруу гэсэн маргаан өөрөө утгагүй.
-Мэдээж, татвар төлөх нь буруу биш. Иргэдийн гол бухимдаад байгаа асуудал нь хэт их давхацсан татвар төлөлт юм. Ер нь татвар төлөхөөс өөр хөнгөлөлт, урамшуулал гэж бий юу?
-Үүнд иргэдийн алдаад байгаа нэг зүйл нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд юм. Үүнийг л иргэд сайн анхаарч, мэдэж байх хэрэгтэй. Гол нь иргэд энэ талаар мэдээлэл маш муутай байдаг. Тиймээс л бухимдал үүсэж байгаа шүү дээ. Мэдээж аливаа татварыг давхар төлж болохгүй. Монгол Улсын иргэн нэг зүйл дээр хоёр татвар төлөхгүй байх эрхтэй. Жишээлбэл, үл хөдлөх Эд хөрөнгийн албан татварын тухай хуульд Монгол Улсын иргэн хувийн хэрэгцээндээ зориулан үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд татвар төлөхгүй байх эрхтэй. Үүн дээр дээр нэмээд 6 сая төгрөг хүртэлх урамшуулал авч байгаа. Үүнийг иргэд татварын буцаан олголт гэж ярьдаг шүү дээ. Монгол Улсын иргэн анх удаа өөрийн хувийн хэрэгцээндээ зориулан орон сууц худалдан авсан тохиолдолд үнийн дүнгээс үл хамаараад 6 сая хүртэлх төгрөгийн татварын буцаан олголт авах эрхтэй. Нэг ёсондоо тавар төлснийхөө үр шимийг хүртэх нэг хэлбэр нь энэ юм.
-Үл хөдлөх хөрөнгийн албан татвар дээр өөр маргаантай асуудал бий юү?
-Ер нь бол шинээр эд хөрөнгө бий болж байгаа тохиолдолд орлого гэж үзнэ. Орлого олж байгаа л бол улсад татвар төлдөг. Татвар төлөх жишиг дэлхийн бүхий л улс оронд үйлчилдэг систем. Харин иргэдийн төлж байгаа татвар амьдрал ахуйтай нь уялдаж байна уу гэдэг өөрөө маргаантай асуудал. Татварын цаад санаа нь иргэдийн сайн сайхны төлөө шүү дээ. Гэтэл иргэдийн төлсөн татвар зориулалтынхаа дагуу зарцуулагдаж байна уу, үгүй юү гэх асуудал орхигдоод байна. Үүнд л иргэд бухимдах ёстой. Манайх л ганцхан үл хөрөнгө худалдан борлуулсны татвар төлөөд байгаа юм биш. Дэлхийн аль ч улс оронд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар төлдөг. Мэдээж бид хууль тогтоогчийн шийдвэр зөв, буруу дээр үнэлэлт дүгнэлт өгч болно. Магадгүй нэг дор олон татвар байж ч болно. Манай улс татварын дарамтад байна уу гэвэл, тийм. Гэхдээ иргэд татвар хоорондын ялгаагаа ойлгох хэрэгтэй. Үгүй бол бид яг гол асуудлаа олж харж чадахгүй шүү дээ. Мэдээж, татварын дарамтын асуудлыг шийдэж болно. Гэхдээ бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй. Одоо бол баталсан хуулиа дагахаас өөр арга байхгүй. Иргэдэд бас нэг бухимдал үүсгээд байгаа асуудал бий. Татвар, нийгмийн даатгал хоёр өөр ойлголт юм. Нийгмийн даатгал бол татвар биш. Иргэд ажил, хөдөлмөр хийгээд өөрөө өөртөө зориулсан мөнгөн хуримтлал юм. Гэтэл иргэд үүнийг нэршлийг нь өөрчилсөн нэг халаасанд ордог татвар гэж ойлгодог. Тиймээс энэ хоёр тогтолцоог ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Үгүй бол хэнд, юунд зориулж мөнгө төлөөд байгаагаа ч ойлгохгүй байна шүү дээ. Яг аль асуудал дээр шүүмжлэл өрнүүлж, өөрчлөлт хийх ёстойгоо ч мэдэхгүй өнгөрөх аюултай. Үүний үр дүнд хэн хохирох уу. Мэдээж, иргэд шүү дээ.
А.Даваадулам
Зочин · 1 цагийн өмнө
SEKSDI80955877