Архангай аймгийн прокурорын газраас дараах мэдээллийг өгөв.

-Н.Ш нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Э... сумын эмнэлгийн төсвийг болон эрүүл мэндийн даатгал хариуцсан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу 2023 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд нийт 641 цаг 30 минут илүү цагаар ажилласан мэтээр цахим программд бүртгэжээ. 

Нийт зургаан сая төгрөгийн, Соёлын төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2023 оны 2-3 дугаар сард хавсран гүйцэтгэдэг 40 хувийн нэмэгдэл цалин дээр илүү цагийн бичилт хийх, дутуу суутгал хийх зэргээр нийт 978 мянган төгрөгийн цалин, хөлс илүү тооцсон байна. 

Өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, төрд нийт 7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Ш-ийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн танд:
Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.