Хятадаас бусад оронд коронавирус хурдтай тархаж байна
2020/02/27
Коронавирусээр үүсгэгдсэн “Covid-19” өвчний анхны тохиолдлууд Европын хэд хэдэн улсад бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдол бүгд халдварын тохиолдол 300 давж, нас барсан хүний тоо 11 болоод байгаа Итали улсад халдвар дэгдсэнтэй холбоотой байж болзошгүй байна.
Тухайлбал, Италиас ирээд удаагүй байгаа хүмүүс Австри, Хорват, Швейцар зэрэг улсад коронавирусний халдвараар өвчилжээ. Үүнээс гадна Алжирт коронавирусээр халдварласан тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүн Италийн иргэн байжээ. Бразилд мөн бизнесийн зорилгоор Италийг зориод ирсэн 61 настай иргэн коронавирусний халдвар авсан бөгөөд энэ нь Өмнөд Америк дахь коронавирусний халдварын анхны тохиолдол болсон байна.
Түүнчлэн Гүрж улсад коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.
“Вирус Иранаас Азербайжанаар дамжин эх орондоо ирсэн Гүржийн иргэнээс илэрсэн. Түүнийг халдвартын эмнэлэгт хүргэсэн” хэмээн Гүржийн Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Екатерина Тикаразе мэдэгджээ.
“Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна. Өвчтөнд хилийн ажилтнууд үзлэг хийсэн. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж хилийн ажилтнууд иж бүрэн хамгаалагдсан хэдий ч тэднийг мөн хяналтанд байлгаж, хөл хорионд оруулна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Италид коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдэж байгаа хэдий ч энэ улстай хилээ хаах нь зохисгүй арга хэмжээ болно гэж хөрш орнууд нь гэж харж байна. Франц, Герман, Италийн Эрүүл мэндийн сайдууд болон Европын комисс мягмар гарагт хүмүүсийн шилжилт хөдөлгөөний хязгаарлахгүй байхаар шийдсэн байна.
Италийн хөрш орнууд үүссэн нөхцөл байдалд маш нухацтай хандаж байгаа бөгөөд байдал дордож болзошгүй байгааг Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан цохон тэмдэглэжээ.
Их Британид хэсэг бүлэг багш нар Италийн хойд нутагт амарсныхаа дараа эх орондоо эргэн ирж, ажилдаа орсон байна. Үүний дараа Их Британид 8 сургуулийг түр хугацаагаар хаагаад байна.
Нэг ажилтан нь коронавирусний халдвар авсантай холбоотойгоор “Chevron” газрын тосны компани 300 ажилтнаа ажлаа гэрээсээ хийхийг зөвшөөрч, Лондон хот руу явуулсан байна. Үүнээс гадна тус улсын Эрүүл мэндийн яам жирийн ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүст коронавирусний шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж. Шинжилгээг 108 эмнэлэгт авч байгаа юм байна.
“Covid-19” өвчин Хятадаас бусад оронд тархаж эхэлснээс хойш Их Британид 7132 хүн шинжилгээ өгснөөс 13 нь коронавирусээр халдварласан байжээ.
Итали руу аялахаар төлөвлөж буй хүмүүст зориулсан шинэ зөвлөмж гаргахаар Их Британийн Засгийн газар бэлтгэж байгаа аж.
Гэсэн хэдий ч Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдэхдээ, жил бүр Их Британийн 3 сая орчим иргэн зорьдог Итали улстай бид агаарын тээврийн хөдөлгөөнөө зогсоохоор төлөвлөөгүй гэжээ.
Европт юу болж байна вэ?
Австрид тус улсын Инсбрук хотод амьдардаг Италийн залуу хосуудад коронавирус илэрчээ. Хосуудын нэг нь эмнэлэгт ажилладаг байна.
Италитай залгаа хиллэдэг Тичино мужид амьдардаг нэгэн настай эр Миланд коронавирусний халдвар авсан бөгөөд одоо түүнийг тусгаарлаад байгаа тухай Швейцарын эрх баригчид мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ вирус Италиас Хорватад ирсэн нэгэн эрд илэрсэн нь Балканы орнуудад коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол болсон байна.
Испанид мөн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Өвчний тохиолдол Италийн хойд нутгийг зорин ирээд удаагүй байгаа эмэгтэйгээс илэрсэн байна.
Грект мөн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Италийн хойд нутагт аяласныхаа дараа эргэн ирсэн 38 настай эмэгтэйгээс энэ халдварт өвчин илэрчээ.
Италиас ирсэн хүмүүсээс коронавирусээр халдварласан тохиолдол шинээр илэрсэн тухай Франц болон Герман улсуудад мэдээлжээ. Францад энэ өвчний улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Эхний удаа Хятадаас ирсэн 80 настай жуулчин коронавирусний халдварын улмаас тус улсад нас барсан тухай мэдээлсэн бол дараагийн удаад Францын 60 настай иргэн “Covid-19” өвчний улмаас нас барсан байна.
Италийн Виченца хот дахь Америкийн цэргийн баазад сургууль, цэцэрлэг, сүмүүдийг хаасан тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Тод Уолтерс мэдэгдсэн байна. Герман дахь баазуудад мөн ийм арга хэмжээг авжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 2020/02/28