“COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс 11 орчим долоо хоногийн турш хөл хорио тогтоосон БНХАУ-ын Ухань хотоос гадагш гарах тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцаллаа.

Үүнтэй холбогдуулан Уханиас гарах хурдны замуудын шалган нэвтрүүлэх цэг дээр олон машины дараалал үүсэж, галт тэрэгний буудлууд дээр олон зорчигч цуглажээ. Ухань хотын Замын цагдаагийн газрын тооцоолж буйгаар, өнөөдөр хамгийн олон тээврийн хэрэгсэл хотоос гарах төлөвтэй байгаа ажээ.

"Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаагаа сэргээж эхэлснээс хойших сүүлийн хоёр долоо хоног орчмын хугацаанд дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 400 мянга орчмоор нэмэгдсэн бол лхагва гаргаас хойш энэ тоо 1.8 саяд хүрэх төлөвтэй байна" гэж Замын цагдаагийн газраас мэдээлжээ.

Уханиас өнөөдөр 55 мянга гаруй хүн галт тэргээр явах төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын ажилтнууд зорчигчдыг буудлуудад нэвтрэх үед эрүүл мэндийн кодыг нь бүртгэж, халууныг нь шалгах ажээ. Суман галт тэрэгнүүд, орох, гарах хаалга, хүлээлгийн танхим зэргийг ажилтнууд урьдчилан халдваргүйжүүлсэн байна.

“G431” хурдны галт тэрэг Ухань хотын төмөр замын буудлаас өглөөний 7 цагт хөдөлсөн бөгөөд хөл хориог цуцалснаас хойш тус хотоос гарч буй анхны хурдны галт тэрэг энэ болжээ.

Мөн Ухань хотын “Тяньхэ” олон улсын нисэх буудал өнөө өглөөнөөс дотоодын нислэгээ хэвийн үйлдэж эхэлсэн байна. "Өнөөдөр 200 орчим нислэг үйлдэгдэх төлөвтэй байна" гэж уг нисэх буудлын мэргэжилтнүүд мэдээлжээ.

"Хөлгийн багийн гишүүд нислэгийн турш нүдний шил, амны хаалт, бээлий өмсөнө" гэж “MU2527” нислэгийн ахлах үйлчлэгч Гуо Биньшуэ мэдээлжээ. Түүний хэлснээр, онгоцны үйлчлэгч нар халуурах, ханиах гэх мэт бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчдод амны хаалт тарааж, хувийн мэдээллийг нь бүртгэж авах ажээ.

Уханьд цар тахлыг хязгаарлах үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ болон гадагш чиглэсэн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан юм. 

montsame.mn