Улсын Онцгой комиссоос өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхийн 43 улсаас 6,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Шалтгаанаар ангилан үзвэл:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 830 
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86 
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага хүүхэд 307
  • Оюутан 973
  • Байрлах газаргүй болсон 409
  • Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна.

Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа бол эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэж байгаа. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцын төлөвлөгөөг гаргаж байна. 

Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм" гэлээ.