Ажилтайгаа үлдмээр байна
2020/05/06
Эдийн засгийн луужин эрсдэлийг зааж байна. Дэлхийн эдийн засаг хумигдах нь хэдийн тодорхой болж, хөгжиж буй орнуудаас гадагшлах хөрөнгийн урсгал тасралтгүй нэмэгдсээр.
Олон улсын банк санхүүгийн байгууллагууд он дамнан үргэлжилж болзошгүй хямралыг анхааруулж, компаниуд хөрөнгө оруулалтаа танаж, үйл ажиллагааны зардлаа тодотгож эхэллээ. Салбар бүхэнд хүндрэл тулгарч, саад бэрхшээл тодорхой бус байдлыг авчирч байна. Хямралын шинэ давлагаа дэлхий нийтийг цочроож, төсөөлж байгаагүй сорилтууд шил шилээ дарах болов. Үүнийг хохирол багатай даван туулахад улс орнууд бодлогоо чиглүүлж, эдийн засгаа дэмжих гарцыг дор бүрнээ эрэлхийлж байна. Үйл ажиллагаагаа зогсоосон, ажилтнаа цомхотгосон, эдийн засаг нь агшсан, хувийн хэвшил нь хүндэрсэн нөхцөл байдлаас тэд ийнхүү болгоомжилсон хэрэг.
Харин манай улс эрсдэлийг тооцоолж байгаа юм алга. Эдийн засгаа дэмжих, тэтгэх дорвитойхон алхам хийхгүй байсаар хямралд хиар цохиулах нь. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын судалгаанд дурдсанаар, 260 мянган хүн ажлын байраа нэгэнт алдсан хойно төр засаг сэхэл авч хөдлөх шинжтэй. Хямрал, хүндрэлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахгүй бол танхимын тооцоолсноор ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байна. Энэ нь 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээлд бүхэлдээ хүнд байдалд орохоор байна. Хөл хорио тогтоосон 100 хоногт 46 мянган иргэн ажилгүй болоод байгаа. Цаашид нөхцөл байдал улам хүндрэх хэрээр ажилгүйдэл газар авахаар байна. Ажлын байрыг хадгалахад төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг сануулж, МҮХАҮТ “Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал” зохион байгуулсан. Өмнө болж байгаагүй энэхүү хувийн хэвшлийн чимээгүй тэмцэл нийгэмд том цочроо өгсөн билээ. Тус байгууллагаас өнгөрсөн сард 10 мянган хүнийг хамруулж хийсэн “Ажлын байраас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт” судалгааны дүнгээс үзэхэд, хөл хорио судалгаанд оролцогчдын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн байсан. Жижиг дунд аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгож, зардлаа нэмж бууруулахаас өөр аргагүй байгаагаа учирласан.
Үсчин, гоо сайхан, гуталчин гээд хувиараа ажил эрхлэх, өөртөө ажлын байр бий болгож буй иргэд хүртэл санхүүгийн хүнд цохилтод ороод байна. Бизнесийн орчинд үүссэн нөхцөл байдал энэ улирлыг дуустал үргэлжилсэн тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй хувь нь ажлын байрны цомхотгол хийх нь. Зочид буудал, нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт аль хэдийн ажлын байрны цомхотгол явагдаад эхэлсэн. Тэгвэл энэ улиралд цомхотгол барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэр, худалдаа, тээврийн салбараар үргэлжилж болзошгүй. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 30 гаруй мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Харин бүртгэлгүй хэчнээн мянган иргэн орлогогүй болсныг одоогоор тооцсон нарийн судалгаа алга. Хямрал улам гүнзгийрсээр байвал ажилгүйдэл тэр хэрээр нэмэгдэхээр байна.
Засгийн газрын мэдээ сонин