2020 оны долдугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 143 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, 

  • Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос сорьц аван шинжлэхэд коронавирус илрээгүй" гэлээ.

80 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

Коронавирусийн халдвар авсан 80 настай эмэгтэй ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан 230 тохиолдол байгаагаас 203 нь эдгэрч, ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ болон тандалтад байна.

Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг "Бага баян" амралтын газарт ажиглалтад оруулжээ.