Зурагт үзэгчид аль сувагт ямар нэвтрүүлэг үзэж буйг тодорхойлдог тоолуур хоёр жилийн өмнө Улаанбаатарт тавьсан. Английн нэг компани Максмоли хэмээх Монголын ком­панитай хамтарч энэ тоо­луурыг ашиглалтад оруулжээ.

Хүмүүс юу сонирхож бай­гааг тандан судалгаа хийх, зүгээр л сонирхохоос өгсүү­лээд компаниуд аль нэвтрүүлэг завсар реклам сурталчилгаагаа тавих зэргээр их ач холбогдолтой эд. Манайдаа л шинэ юм боло­хоос ихэнх оронд хэдийнээ нэвтэрсэн технологи. 

Өнгөрсөн 2013 оны тоолуу­рын дүн гарчээ. Улаанбаатарт монгол хэлээр гардаг бараг зуу дөхөх байх аа, зурагтын суваг бий. Зарим кабелууд бие даасан арваад монгол сувагтай шүү дээ. Ингээд нийслэлийн тэр олон сувагт тоолуур ажиллуулахад эхний 80 нэвтрүүлгийн 70 гаруй нь Солонгосын нэвтрүүлгүүд байна. Мэдээж дийлэнх нь солонгос сериал. Монгол нэвтрүүлгээс дээгүүр давхисан нь хоёр. 2013 оны 5 дугаар сард "Зуун эрхэм" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Элбэгдорж орсон нь их дээгүүр байр эзэлжээ. Мөн өнгөрсөн онд Боловсрол телевизээр гурван сар дамнаж гарсан "Хувь заяаны ээдрээ" хэмээх 60 ангит сериалыг нийт зурагт хүлээн авагчийн 70 хүртэл хувь нь үзсэн байна. Ингээд араас нь явсаар 108 дугаарт NTV-ийн "Зөн билгийн тулаан" оржээ.

Шинэ зуун гарснаас хойш Солонгос кино, тэр дундаа Солонгос сериал нь кино урлагт гарч буй нэгэн шинэ үзэгдэл, шинэ урсгал, шинэ амжилт болон тодорсон юм. Азийн кино ерөөс дэл­хийн хэмжээний кино урлагт ингэтлээ амжилт олж бай­сан түүх өмнө нь үгүй. Дэл­хийд хамгийн олон кино үйлд­вэрлэдэг улс бол Энэтхэг. Гэхдээ тоотой хэдийг нь эс тооцвол тэдний кино өөрийн улсын зах зээлээс хэтэрч байгаагүй. Энэтхэг өөрөө нүсэр зах зээл учир дотроо амжилт олоход л санхүүгийн хувьд бүрэн хангалттай. Тавиад оны үед Рая хэмээх алдартай найруулагчийн хэдэн кино л өрнийн зах зээл болон кино судлаачдад хүлээн зөвшөөрөгдсөн. Кино урлагт хүлээн зөвшөөрөгдсөн анхны ази кино бол 1949 онд бүтээгдсэн Японы "Рашёмон". Үүнийг хожим нь нийтээр хүлээн зөвшөөрсөн алдарт найруулагч Курасава бүтээсэн юм. Гол дүрд тоглосон Тоширо Мифүнэ ч дэлхийн од болсон. Ошима, Ичигава, Шиндо, Тэшигахара гээд алдартай найруулагчид төрж хүлээн зөвшөөрөгдөн нэр хүндтэй олон фестиваль, наадамд шагнал хүртэж байсан боловч хэн нь ч Курасавагийн энд хүрээгүй. Өдгөө Холивүүд рүү гарсан алдартан гэвэл Такаши Китано л байх шив, Тэгээд ч ерөөс япон киноны давалгаа гээч юм үүсч байгаагүй. Найруулагчаа дагасан сод бүтээл л алдаршиж байсан болохоос "япон кино" нэрээр зах зээл эзэлж байсан нь үгүй. Гэхдээ Японы анимэйшн кино төрөл дэлхийг байлдан дагуулсан. Мөн аймшгийн гэх төрөлд тэд дэлхийд тэргүүлэх эгнээнд яваа. Өнөөдөр кино урлагт нэгэн сод үзэгдэл болж буй Хятадын кино нь Азийн киноны бас нэг амжилт. 1990-ээд оноос Жан Еимо, Чан Кангэ нарын нэрээр кино урлагт хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм. Уг нь өнгөрсөн зууны гучаад онд Шанхайн кино студиуд нь байгуулагдаад удаагүй байсан Холивүүд, Зөвлөлтийн Кулишёвын дэг сургуулийнхантай нэг зиндаад яригддаг байжээ. Харин одоо "хятад кино" нэрээр зах зээл эзэлж байгаа үзэгдэл байхгүй, Японыхтой адил авьяаслаг найруулагчаа л дагаж байгаа.

Солонгосчууд кино урла­гийн дэлхийн тайзанд шинээр гарч ирснээр шиноков юм. Гэтэл 1988 онд МОНЭЛ-той нэг өдөр байгуулагдсан Самсунг компани 20 жилийн дотор дэлхийг эзлээд авчихсантай адил кино нь ч маш түрэмгий давшин тэргүүлэх эгнээнд гараад ирлээ. Ази хүний царай хавтгай учир кинонд гэрэл сүүдрийн харьцаа муу гар­даг учир дүрүүдийг хооронд нь ялгахад хэцүү байдгаас амжилтгүй байх тохиолдол элбэг гэж ярьдаг. Солонгосчууд энэ дутагдлыг технологийн дэвшлээр даван туулж дүрийн илрэлийг сайн гар­гах болсон гэж шүүмж­лэгчид үнэлдэг юм байна. Тэд эхэндээ өөрийн улс доторх зах зээлийг эзлэхээр тэмцжээ. 1999 онд Холивүүдийн аргач­лал, стандартаар бараг 9 сая доллараар хийсэн "Шири" хэмээх киног дотооддоо 2 сая хүнд үзүүлж анх удаа Америкийн киног нутаг дээрээ давжээ. Дараа жил нь "Анд" киног 8 сая, 2004 онд "38 дугаар өргөрөг" киног 11 сая хүн Солонгост үзсэн байна. Өнөөдөр Солонгост солонгос кино Америкийг давжээ. Нутаг дээрээ Холивүүдийг давдаг маш цөөн орон бий. Холивүүдээс жилд 40 сая долларын кино худалдаж авдаг бол 2000 оноос тийш нь 2 сая долларын кино экс­порт­лоод эхэлсэн байна. Солон­госын "Хөгшин жаал", "Миний эхнэр дээрэмчин" зэрэг алдаршсан киног нь америкчууд Холивүүдэд римэйкинг хэмээх америкжсан давтан тоглолт хийсэн байна. Дэлхийд цоорон гарч ирсэн Курасава маягийн анхны солонгос найруулагч ч төрлөө. Ким Ки Дюкийг өнөөдөр кино ертөнц андахгүй.

Үүний дараагаас теле­визийн сериал үйлдвэрлэж эхэллээ. Гадагшаа анхны зах зээлээ олсон газар нь Япон. Дэлхийн хамгийн лут бэнчинтэй үнэтэй зах зээл. Япон даяар жүжигчин залуу  Ба Ён Жүүн шүтээн болж хувирав. Токиогийн онгоцны буудалд түүнийг угтахаар хэдэн арван мянган хүн цуглана. Японы жуулчдад зориулж солонгосчууд лут бизнес хийсэн. Мань хүний зурагтай саван сойзноос авахуулаад төрсөн тосгоныг нь хүртэл бараг мүзэй болгон аяллын хамгийн орлоготой маршрут зохиожээ. Ба Ён Жүүн хайртыгаа үнссэн сцений зураг авалтын цэгт зургаа татуулах гэсэн япон хүүхнүүд сунасан урт оочир үүсгэнэ. Алдарт сагсчин Майкл Жорданыг дагаж нийтдээ 65 тэрбум долларын зах зээлийн эргэлт буй болсон гэдэг бол Ба Ён Жүүн 40 тэрбумын эргэлт үүсгэсэн гэсэн тооцоо бий.  

Солонгос сериал өрнөдийн жишгийн дагуу 16-20 ангитай, түүхэн зэрэг зарим сэдэвтэй нь 50-100 ангитай аж. Гэр бүлийн гурвалжин, хайртай хүнийх нь өвчин болон үхэл, хадам бэрийн харилцааны зөрчил, хүн хоорондын төвөг­тэй харилцаа, зөрчил тэмцэлтэй хайр сэтгэл гэсэн голлох сэдэвтэй. Гэр бүлсэг амьдрал, ахмаддаа хүндэтгэлттэй ханддаг уламжлалт Күнзийн суртлын ёс суртахуунд тулгуурладаг. Ямар ч кино нь ёс суртахууны маш өндөр босготой гэж шүүмжлэгчид үнэлдэг. Сайн муугийн тэмцэл, ёс суртахууны үнэлэмж, хүний мөн чанарыг нээсэн бодомжийг аль ч соёл иргэншилд таарахуйцаар гарган тавьдаг болсон учир бүхий л үндэстэн ард түмэнд нийтлэг таалагдах сэдвийг үзүүлнэ. Зохиомж, диалоги, зураг авалт, найруулга зэрэг нь улам бүр сайжрах боллоо. Тэд эхлээд дотооддоо зориулж сериал хийдэг байсан бол цааш ахиж Японы зах зээлд гарч, улмаар Хятад, Вьетнам, Индонез, Энэтхэг гэсэн асар том багтаамжтай зах зээлийг эзлэв. Цаашлаад Латин Америк, АНУ-ын баруун эрэгт хамгийн эрэлттэй сериал үйлдвэрлэх болов. Солонгосын сериал сүүлийн 10-15 жилийн дотор аль ч улс оронд нийгмийн дундаж давхаргыг байлдан дагуулж амжжээ. Ер нь телевизийн олон ангит кино гэсэн кино урлагийн нэгэн төрлийг ингэж алдаршуулсан нь Америкт нөлөөлж тэд сериалын чанар стандартыг мөн цоо шинэ түвшинд гарган Холивүүдтэй өрсөлдөх болсон байна.

Солонгосчууд кино урлаг, ялангуяа сериалаар дамжуулан өөрийн соёлыг гадагш нь ихээр сурталчлах боллоо. Солонгос хоолны тухай олон ангит кино байдаг. Яс юмандаа тулбал тийм мундаг хоолтой байсан ч юм уу даа. Гэвч киноныхоо нөлөөгөөр дэлхийн хаана ч солонгос хоолны газар, түргэн хоолны цэг асар их нэмэгдсэн. Улаанбаатарт л гэхэд 150 орчим солонгос хоолны гуанз ресторан байдаг гэсэн шүү. Манайханд бүхэл мах, буузны хамгийн үнэнч хамтрагч нь кимчи болсон дог. Солонгосын түүх үнэндээ мянган жилийн настай л байх, гэхдээ киногоороо дамжуулж өөрсдийгөө бараг л Хятадаас урт түүхтэй гэж дэлхийд үнэмшүүлж дөнгөв. Энэ нь нэг талаасаа үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнолыг улам баталгаажуулаад байгаа хэрэг. Солонгосын уламжлалт эмчилгээ юуг ч анагаах чадвартай тухай киногоор дамжсан домог өдгөө тэднийг "мэдикэл түүр" хэмээх тийш зорчих эмчилгээний том урсгалыг буй болгов. Тэд хуурч мэхлээд байгаа юм биш, өөрсдийгөө л сайн сурталчилж таниулсан гэсэн үг. Сериалаар дамжин нэг биш жүжигчин Холивүүдийн од болж эхэллээ.

Солонгосчууд өнөөдөр Азийн энтэртаймэнт, цэнгүү­ний бизнесийг тэр чигээр нь атгаж байна. Тайз, дэлгэцийн урлаг, эстрад, телевиз, компютэр тоглоом, нийгмийн сүлжээ, ном сэтгүүл, хөгжим, спорт, реклам чимэглэл Солонгосоор дамжиж байж л Азийн, цаашлаад дэлхийн зах зээлд гардаг боллоо. Аягүй, үггүй, бүжиг дэглэлтгүй "Ганнам стайл" Солонгосын мэнэжмэнт, марктингаар дамжин дэлхийг байлдан дагуулж шинэ рекорд тогтоолоо шүү дээ.

Ким Ки Дюкийн кино нь фестивальд түрүүлдэг, мэргэжлийн шүүгч шүүмжлэгч­дээс өндөр үнэлгээ авдаг боловч орлого муутай. Солон­гос сериал өндөр шал­гуурт шүүмжлэгчдээс оноо авдаггүй ч олон түмэнд таалагддаг. Угаасаа аль ч урлагийн төрлийн үнэлэмж ийм л байдаг. Хэт өндөр шалгууртай, нарийн торгон мэдрэмжтэй шүүмжлэгчдэд таалагдаагүй киног шимтэн үздэг олонхийг шууд л тэнэг мунхагаар нь дуудах нь зөв үү? Хүн хавьташгүй мэдрэмжтэй нь тэндээ л юм байгаа биз, Тэгээд өөрснөө юу бүтээчихээд гайхуулаад байгаа юм гэж асуумаар санагд­даг юм. Учир нь манай зарим уран бүтээлчдийн яриа хөөрөөнөөс сүүлийн үед иймэрхүү хандлага улам их илрэх боллоо. Солонгос кино үзэхээр бөөлжис цутгаад ч гэх шиг. Эхнэр чинь үзээд салахгүй бол жорлонд ороод л өөрийгөө түгжчихгүй юу. Нүдээ аньж болно, авгай­гаасаа салж болно, юутай ч хивсээ бөөлжсөөр бузарлаад хэрэггүй. Солонгос кино битгий үзэж бай гэж уриалж ч байх шиг. Өөрөө л үзэхгүй дээд тэнгэртээ хөвж явбал барав биш үү. Хүний таашаамжийг цэгнэж болдоггүй юм. Чамд таалагдаагүй учраас бусдыг буруутгах нь өөрөө буруу гэж л солонгос кино дахин дахин хэлдэг бололтой. Олны олон дотор ёс бус кино жүжиг байдаг л биз, гэхдээ нийтлэг биш. Харин ч тэрбайтугай америк, скандинавчуудын зүрхэлж тайз дэлгэцэнд үзүүлдэггүй юмыг хэн алцайж ангайтал нь харуулах дуртай билээ?

Солонгос урлаг нь америк маягийн бодомж, зохиомж, технологи, менежмент, мар­кетингийг үр бүтээлтэй өөриймшүүлж, өвөрмөц өнгөөрөө солонгосжуулж, улмаар даяаршуулж чадса­наа­раа өргөн зах зээлд гарч, улс орноо мандуулж, баяжуулж, гайхуулж, бахар­хуулж явна. Бид бөөлжиж байхаар уг нь суралцах ёстой юм л даа. Сайн суралцаж, сайн дуурайж, улмаар өөрийн өвөрмөц өнгийг нэмж чаддаг болбол уг нь солонгосчуудаас дутах юмгүй л дээ. Тавин жилийн өмнө монголчууд нийг­мийн үнэлэмж, баян тарганаараа тэднээс гурав дахин дээр байсан л юм даа. Дайны хөлд сөхөрсөн Солонгос тэгэхэд ядуурал гуйранчлалын үзүүлэн байв.

Б.Баабар