ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн жил телевизэд ярилцлага өгчээ. Монголын соёлын сайдын ярилцлага солонгос киноны тухай хөндсөн нь нэн олзуурхууштай байв.

Гэвч энэ ярилцлагаас гол сэдэв болох Монгол дахь “солонгос соёлын үр дагавар”-ын талаарх сайд хатагтайн ойлголт тун маруухан болох нь харагдсан юм. Тэрээр хөндий хоосон онол, гадаад орны телевизүүдийн тухай баахан айлдав. Тэр ийн ярихдаа соёлын “дарангуйлал” буюу колоничлолын тухай цухас дурдсан боловч гол нь Монголд ямар нөхцөл үүсээд байгаа талаар дэлгэрүүлж олигтой юм дуугарсангүй.

Цаашилбал, дээрх ярилцлага Ц.Оюунгэрэл нь бүхэл бүтэн улс орны соёлыг хариуцсан “төрийн сайд” юу хийх ёстой вэ гэдэг талаар ч ойлголт дутуу явдаг нэгэн мэт сэтгэгдэл төрүүлж байв. Тэр “сайд хүний хувиар” салбарын асуудлаа мэдэж, шийдвэр гаргах бус, харин массын амыг л харж ажлаа явуулах гэнэ. Ямар сайндаа нэг арга хэмжээний үеэр бухимдсан Буянгийн Жаргалсайхан сайд хатагтайд “Сайд болоод юу хийв, жил гаруй Батаар гээд нэг яс ярилаа. Яаж тэр ясыг олоов. Яс олоогүй бол ярих юмгүй сууж байхгүй юу” хэмээн улаан нүүрэн дээр нь хэлсэн гэдэг.

Монголд яригдаж буй, ялангуяа манай хүүхэд залуусын соёлын амьдралд асуудал болоод буй солонгос киноны талаар манай нэгэн иргэн нийтлэл бичиж илгээжээ. Энэ нийтлэлд “соёлын колоничлол” гэж юу болох, солонгос соёлын гол зэвсэг “солонгос кино” нь Монголд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг маш тодорхой өгүүлсэн байна. Нийтлэлд бичсэнээр соёлын колоничлол нь дараах хоёр үр дагавартай. Үүнд: 

Нэгдүгээрт, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой ажээ. Үүнийг Монголоос тодорхой харж болно. Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ.

Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “солонгос хөгжим гоё”, “солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “солонгос боловсрол хамгийн сайн”, “солонгос хоол хамгийн амттай”, “Өмнөд Солонгос бол ертөнцийн төв” гэх хуурмаг төсөөлөл сууж байгаа.

Хэзээ нэгэн цагт тэд улс орныг удирдана. Тэр үед монгол үндэстэн бодитоор оршин тогтнох уу гэдэг асуулт, эсвэл арай гайгүй авч үзвэл Африкийн колоний орнуудын гунигт хувь заяаг давтах аюул бидний өмнө аль хэдийн гарч ирсэн байх юм.

 

Солонгос кино ба соёлын колоничлол

 

Монгол айлын хойморын цэнхэр дэлгэцийг Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим, элдэв янзын нэвтрүүлэг аль хэдийн эзэгнэжээ. Үүнийг солонгос соёл урлагийн гоё сайхантай холбон итгэн үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм юм орчуулан хүргэж буй монгол уран бүтээлчдийг буруутгана. Гэхдээ үүний цаад учрыг ухвал энэ нь хар аяндаа бий болоод байгаа үзэгдэл биш ажээ.

Саяхан нэгэн телевизийн компанид ажилладаг эмэгтэй “бидний уран бүтээлчид дуртайдаа солонгос савангийн дуурь ард түмэндээ үзүүлээд байдаггүй” гэж учирласан юм. Солонгос савангийн дуурь үзүүлэх эсэх нь тэдгээр уран бүтээлчдийн мэдэж, хийх ажил биш ажээ. Үүнийг тэднээс дээгүүр түвшинд мэдэж зохицуулдаг гэнэ. Тэд бол зүгээр л гүйцэтгэгчид юм. Тухайлбал, “UBS” телевиз Өмнөд Солонгосын талтай 20 жилийн гэрээ албан ёсоор байгуулсан гэнэ. Энэ хугацаанд тус телевиз солонгос кино, нэвтрүүлэг үзүүлэх ба үүгээрээ нөгөө талын өмнө солонгос соёлыг түгээх хүнд хариуцлага үүрч байгаа хэрэг.

Солонгосын соёлыг дэлгэрүүлэх нь Өмнөд Солонгосын төрийн дэмжлэгтэй бодлого ажээ. Ялангуяа, энэ бодлогоор ядуу Монголыг онилж буйгаа Өмнөд Солонгосын албаны хүмүүс шулуухан бидэнд хэлж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын элчин сайд Жон Ил Монгол, Өмнөд Солонгос бусад оронтой харьцуулбал эдийн засгийн талаар тийм ч өргөн хүрээнд харилцах боломжгүй, харин хоёр орны гол харилцаа соёлын харилцаа байна гэж тодорхойлсон бол Монголд айлчилсан Өмнөд Солонгосын бизнес төлөөлөгчид Монголд үйлдвэр барих бололцоо муу, харин солонгос соёл, үйлчилгээний салбарыг Монголд нэвтрүүлэхэд анхаарна гэж мэдэгджээ.

Эдийн засгийн хувьд энэ бодлого Монголд тийм таатай биш юм. Өөрөөр хэлбэл, энэ нь монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж гадаад улсаас мөнгө саадаг бус, харин гадаад орны соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр дамжуулан мөнгөө гадагш урсгадаг ард түмэн болоход хүргэж буй. Үүнийг манайхан солонгосчуудын “усан бизнес” гэх нэрлэх болжээ.


Солонгосын соёлыг Монголд дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор телевиз онцгой үүрэгтэй ажээ. Солонгос кино, дуу хөгжмөөр үзэгчдийг бөмбөгдөж монголчуудыг солонгосжуулах үүрэгтэй нь зөвхөн “UBS” телевиз биш юм. Монголд “C1”, “NTV” зэрэг цөөн тооны телевизийг эс тооцвол “МҮОНТ”-ээс авхуулаад бараг бүх телевизүүд Өмнөд Солонгосын соёлыг сурталчлан дэлгэрүүлэх бодлогыг идвэхтэй хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн дотор “UBS”, “TM”, “Монгол”, “MN25”, “TB5”, “ТВ9”, “ETV” зэрэг телевизүүд солонгос соёлыг онцгой сурталчилдаг. Эдгээр телевизүүдийн зүгээс мөн л Өмнөд Солонгосын талтай хамтын ажиллагаатай болсноо мэдэгдэж байгаа бөгөөд удаан хугацаагаар солонгос соёлыг нэврүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ Монголд солонгос иргэд өөрсдөө ч телевиз байгуулан ажиллуулах болжээ. Тэдгээр телевизүүд солонгос нэвтрүүлгээ солонгос хэлээр шууд цацаж байна. 

  
Гэхдээ солонгос соёлын бодлого нь зөвхөн монголчуудын мөнгийг саах эдийн засгийн зорилготой гэвэл эндүүрсэн хэрэг болно. Монгол дахь солонгос соёлын давлагаа хамгийн гол нь “соёлын колоничлол” буюу зөөлөн колоничлолын илрэл юм. Судлаачдын тодорхойлсноор соёлын колоничлол нь нэг үндэстэн нөгөө үндэстнийг өөрийн соёлоор дарангуйлж, нөлөөндөө оруулах үйл явц бөгөөд үүний үр дагавар тухайн орны эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбарт илрэн гардаг ажээ. Энэхүү соёлын колоничлол нь мэдээллийн хэрэгслээр, түүний дотор телевизээр гол төлөв дамжин явагддаг байна.

Монголчуудын хувьд солонгос соёл нь шинэ үзэгдэл мэт боловч бид үнэндээ эрт үеэс л харийн ийм бодлоготой тулж ирсэн үндэстэн юм. Монголын хөрш үндэстэн хятадууд үүнийг “зөөлөн нь хатуугаа идэх ёс” гэж нэрлэх ба хүннү, тоба зэрэг умард зүгийн нүүдэлч үндэстнүүдийг энэ л аргаар буулган авч мөхөөсөн талаар тэдний бичиг сударт дуурсагдан үлджээ.


Соёлын нөлөөлөл нь тухайн үндэстний үзэл суртал, түүх  ба өдөрт тутмын амьдрал ахуйд их өөрчлөлт дагуулдаг ажээ. Үүнтэй холбоотойгоор Монголын телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна. Тухайлбал, үзэл суртлын хувьд “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кино ихээхэн зүйлийг өгүүлдэг. Энэ кинонд монголчуудтай угсаа гарвал нэг Кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ. Энэ киноны цаад санаа нь Монголын түүхийг гуйвуулж, монгол угсаатан өнө эртнээс Солонгос гүрний бүрэлдэхүүнд байсан мэт харуулж буй хэрэг. Ийм ойлголтыг монгол хүүхэд залуусын толгойд ингэж суулгаж байгаа нь угсаатны бодлого, үзэл суртал юм.

Гэтэл дээрхтэй зэрэгцэн солонгос кинонд залуус нь амиа хорлож байгаа, эрчүүд нь бие үнэлж байгаа, гэр бүлийн хэрүүл хийж өшөө авч байгаа, бие биенээ дарамтлан хараан доромжилж байгаа өдөр тутмын амьдралыг харуулсан дүрслэл үлэмж их харуулах ажээ.


Харь улсын соёл ийнхүү бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч буйг сайн муу янз бүрээр хэлж дүгнэж байна. Гэвч сүүлийн үед монгол залуус, ялангуяа эрчүүдийн ёс суртахуун, биеэ авч явах байдал, зан араншин их хувирч байгаа нь илт санаа  зовоох болов. Ялангуяа, манай улсад амиа хорлолт огцом нэмэгдсэн гэх тооцоо гарчээ. Түүнийг харвал амиа хорлогчид нь залуу насныхан бөгөөд тэдний 80 хувь нь эрчүүд гэнэ. Энэ бол манай эрчүүдийн сэтэхүйд гарч буй өөрчлөлтийн аргагүй нэг илрэл юм.

Мөн телевизийн мессеж булан гэж хөгийн юм бий. Гэтэл түүгээр танилцъя гэсэн зар, түүний дотор санхүүгийн туслалцаа үзүүлэх эгчмэд эмэгтэйтэй танилцана гэх мессеж  тасрахгүй ажээ. Үнэндээ ийм зүйл Монголд хир зэрэг газар авсныг мэдэх аргагүй. Гэвч хөөрхий муу хөвгүүдийн толгойд иймэрхүү л ядруу бодол хий эргэлддэг болжээ. Монгол залуусын гадаад гоо сайхны мэдрэмж, хүнтэй харьцах харьцаанд нь ч өөрчлөлт орж байна. Нэг охин хэлж билээ. “Чамтай үерхэхээ болилоо” гэж найз хөвгүүндээ хэлтэл нөгөөх нь солонгос хүн шиг учиргүй уйлж унжин сүйд болсон гэнэ.

Ер нь сүүлийн үед монгол залуус биеэ хамгаалах чадвараа хүртэл алдаж байна. Монгол залуус гадны иргэдэд дээрлэхүүллээ, зодууллаа гэдэг мэдээлэл тасрахаа болив. Сая Өмнөд Солонгост хоёр ч монгол залуу хятад, тайландад зодуулж бэртжээ. Хэний буруу, зөв гэдэгт асуудал бий боловч монгол залуус биеэ хамгаалах чадваргүй байгаад гол учир байгаа юм. Хуучин цагт ЗХУ-д монгол оюутнууд олноор сурдаг байх үеийн оюутан, ахмад дипломатч, сайд асан нэгэн оюутан байхдаа өөрийн найзыг өмөөрч орос хүн зодчихоод дараа нь яаж хөглөж байснаа дурсан ярьж билээ. Энэ бол тэр үеийн залуусын нийтлэг жишээ. Монгол залууст дэврүүн сэтгэл, өөрийг болон өрөөлийг хамгаалах чадвар аль аль нь байсан юм. Ядаж л бусдад дээрлэхүүлдэггүй байлаа. Энэ бол монгол үндэстний мөн чанар юм. Үүгээрээ л монгол хөвгүүд нүүр амаа эмэгтэй хүн шиг будсан, ямаан омогтой, орилж уйлалдсан өмнө зүгийн эрчүүдээс ялгарч байсан билээ. Гэтэл одоо монгол үндэстэн мөн чанараа соёлын колоничлолын дор алдаж байгаа ажээ.


Монгол үндэстэн соёлын колоничлолын дор ийнхүү өөрийгөө хөнөөж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил цаг алдалгүй санаачлан хийх хэрэгтэй байна. Хөөрхий муу телевизүүдийн удирдлагууд соёлын колоничлолын учрыг ойлгохгүй, ойлгосон ч өөр юманд амаа үдүүлдэг болохоор тэднээс санаачлага хүлээх огт хэрэггүй. Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийлэлээс сэргийлэх зохицуулалт, жишгийг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Үүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, улс төрийн үг хэлэх эрх чөлөөтэй хольж хутган ойлгож болохгүй тусдаа хэрэг юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад зориулсан зохицуулалтын туршлага хангалттай бий.

 

О.Бат