Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮ/-д эсэн мэнд амаржихаар зорьж ирсэн эцэг эхчүүд нүд дүүрэн нулимстай буцах болжээ. Засгийн газрын “11-11” төвд  тус төвийн талаар хүнд суртал ханхалж, хөрөнгө мөнгө харж үйлчилдэг болсон гэх гомдол их ирэх болсон аж. Үүний адилаар манай сонинд нэгэн гомдол ирсэн юм. Бодит байдлыг сурвалжлахаар ЭХЭМҮТ-ийг зорилоо.

   Мөнгөгүй л бол үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг тус эмнэлэгт төрсөн эхчүүд хэлж байлаа. Ингээд тус эмнэлгийн эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хүсэн хүлээж байсан анхны үрээ тархины эмгэгтэй өлгийдөн авсан залуухан аав гомдолтой байгаагаа хэлсэн юм. Өнгөрөгч  гуравдугаар сарын 4-нд, Сонгинохайрхан дүүргийн VII  хорооны иргэн Э.Энхжаргал  өрхийн эмнэлгээсээ  “Төрөх хугацаа хэтэрсэн, илүү тээлттэй” гээд хэвтэх бичиг хийлгэн ЭХЭМҮТ-ийн хүлээн авах тасагт ханджээ. Гэтэл тус тасгийн эмч О.Мөнхцацрал “Одоогоор ор байхгүй. Ачаалал ихтэй байна.  Гадуур эмчилгээ хийлгэж байгаад  төрөх дөхөөд эргэж ир” гээд буцаасан байна. Харин биеийн байдалдаа санаа зовсон Э.Энхжаргал таньдаг хүнээрээ яриулж байж гуравдугаар сарын 7- ны өдөр тус төвд хэвтсэн аж.  Хэвтсэн даруйдаа ургийн бичлэг хэд хэдэн удаа хийлгэхэд эхний бичлэгүүд эрсдэлтэй гарчээ.  Тухайн үед амралтын өдөр болон олон улсын эмэгтэйчүүдийн баяр таарсан учир хариуцаж байсан Хишигсүрэн эмчийн хайхрамжгүй байдлаас болоод хоёр гурав хоног хяналтгүй байжээ. Гуравдугаар сарын 10-нд эмч үзлэгт оруулаад төрөлт сэдээх эмчилгээ хийхээр төлөвлөсөн ч бүсгүй үдшийн 22.00 цагт өвдөж эхэлсэн аж. Өвдөлт шөнөжин үргэлжилж маргааш 10.00 цагийн орчимд төрөх тасаг руу шилжүүлж, их эмч Б.Батсайхан хүлээн авч үзлэг хийгээд 12.00 цагт усыг нь хагалсан гэнэ. Тухайн үед ус нь ногоон өнгөтэй байсан боловч эмч савных нь амсар бүрэн нээгдэхийг хүлээсээр орой болгосон байна. Түүнчлэн хүүгийн эцэг П.Энхбаатар “Төрөлтийн үйл явцад бидэнд нэг ч мэдээлэл өгөөгүй. Бие нь ядарч туйлдсан байдлыг харгалзан үзэлгүйгээр өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргасан. Ар гэрийнхэн нь байсаар байхад яагаад зөвлөлдөөд хийсвэр хагалгаагаар төрүүлж болоогүй юм гээд бид гайхаж байна. Толгойг нь хавчуураар татаж гаргаснаас болоод хүүхдийн тархинд гэмтэл үүссэнээс 40 гаруй хоног ухаангүй эмчлүүлж байна. Бидний хүсэн хүлээж байсан анхны хүүхэд шүү дээ. Эмч нарын хүнд суртал хариуцлагагүй байдлаас болоод  эхийнхээ хэвлийд эрүүл саруул бойжиж байсан хүүхдээ ийм байдалтай байгаад үнэхээр харамсч байна” гэж нулимс дуслуулан хэлсэн юм. Түүнчлэн төрөх үед хавчуур  хэрэглэснээс хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авчээ. Үүнээс үүдэн өнөөдрийг хүртэл ухаангүй, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин эхийн хувьд олон оёдол хийлгэснээс  биеийн байдал нь тийм ч сайн биш, сэтгэлзүйн хямралд орсон хэвээр байгаа гэнэ. Ар гэрийнхэн нь Эрүүл мэндийн яамны харьяа тус төвийн Чанарын албанд санал гомдол гаргаж болсон үйл явдлыг шалгуулжээ. Энэ талаар хүүгийн эцэг П.Энхбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

П.Энхбаатар: Эмч нарт ёс зүй гэж алга
-ЭХЭМҮТ-ийн Чанарын албанд санал гомдол хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулаач. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Чанарын албанд гомдол гаргасан. Хариу нь бидний талд гараагүй. Хүүхдийн тархи гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Хүү маань 3.9 кг жинтэй төрсөн. Тархинаас бусад бүх бие нь эрүүл. Ээжийнх нь сүүг саагаад гуурсаар хооллож, ухаан орохыг нь хүлээгээд залбираад сууж байна. Сар гаруй хугацаанд эмнэлэгт эмчлүүллээ. Биеийн байдал нь сайжрахгүй байна. Эрүүл мэндийн яам, эмч нараа хаацайлсан дүгнэлт гаргасанд бид гомдолтой байна.

-Эмч нарын зүгээс ямар тайлбар хийж байна вэ?
-Жирэмсний хяналтын явцад асуудалтай байсан гээд байгаа. Эхнэр маань Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлэгт хяналтад орж байнга үзүүлдэг байсан. Ингээд өрхийн эмчид нэг удаа үзүүлтэл “Тээлт нь хэтэрч байна. ЭХЭМҮТ-д очиж хэвт” гэсэн. Бид цаг алдалгүй ирэхэд хэвтүүлэлгүй буцаасан. Хамгийн гол нь хүний амь насыг хариуцаж байгаа эмч нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй шүү дээ. Хүүхдийн бие муу байхад цагдаа, шүүх гээд яахав гэж эмч нарт хэлэхэд “Бидний буруу байсан уучлаарай” гэсэн. Чанарын албанд хандаж байхад бие биенээ хаацайлаад буруугүй гээд байсан. Өнөөдөр эмчийн ёс зүй, хариуцлага  гэх зүйл байхгүй болсон байна.

-Та нарын зүгээс бол хугацаа алдаж ЭХЭМҮТ хүлээж авсан гэж бодож байгаа юм байна. Өөр нөлөөлөх зүйл байгаагүй юу?
-Ирсэн даруйд нь эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэсэн бол одоо ямар байхыг хэн ч мэдэхгүй. Анхны төрөлт болоод ч тэр үү бид хоёр эмчид  мөнгө өгөх ёстой гэдгийг мэдээгүй. Авлига өгөөгүй болохоор ийм зүйл болсон байж магадгүй гэж хүмүүс хэлэх юм. Хүлээн авахын тасгийн цонхоор зарим эцэг эх мөнгө өгч харагдсан. “Хүүхдийг минь сайн төрүүлээд өгөөрэй” гээд эмч, сувилагч гэлтгүй өгдөг юм билээ. 50-100 мянган төгрөгийн жишиг байдаг гэсэн. Эмч нар нь “Өө, баярлалаа. Санаа зоволтгүй хүүхдийн чинь биеийн байдлыг эргээд мэдээлнэ” гэдэг юм билээ. Гэтэл бид мөнгө өгөөгүйгээс болоод нэг ч мэдээлэл авч чадаагүй. Энэ бол авлигад идэгдсэн эмнэлгийн тогтолцоог харуулж байна.

-Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалтай холбогдсон гэсэн. Сайд ямар хариу өгсөн бэ?
-Н.Удвал сайдтай утсаар холбогдож гомдолтой байгаагаа хэлсэн. “Буцаад холбогдоно” гэсэн ч өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

Тангараг өргөсөн эмч нар хүний амь насыг мөнгөөр үнэлж болох уу
ЭХЭМҮТ ачаалалтай ажилладаг нь үнэн. Манай улсад алт, уул уурхайгаас илүү тулгамдсан асуудал бол ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах хүүхдийн эмч дэндүү цөөхөн, боловсон хүчин дутагдалтай байдгийг эмнэлгийн удирдлагууд ярьсаар ирсэн. Түүнчлэн тус эмнэлэгт ор, тоног төхөөрөмжөөс эхлээд хөрөнгө оруулалт шаардах зүйл олон бий. Орны хүрэлцээ муутайгаас хэвтэж байгаад төрөх ээжүүд цаг алдах асуудал гарч байгаагийн нэг жишээ энэ юм. Хүүхэд төрөх хугацаа нь болж, усандаа удсанаас үнэр ордог аж. Гэтэл эх баригч эмч нар “Ямар муухай өмхий үнэртэй юм бэ. Бушуухан угаа” гэсэн байна. Цагаан нөмрөгтэй бурхад гэгддэг эмч нар төрж буй эх хүнд ийм эмзэглэмээр үг хэлж болно гэж үү. Шаналж буй хүмүүст хүнлэг сэтгэлээр хандалгүй, өмхийрсөн гэх нь доромжилж байгаагаас ялгаагүй. ЭХЭМҮТ-д төрөхөд 50-100 мянган төгрөгийн хахууль өгөх ёстой гэж ярих хүн олон байдаг. Энэ тухай тус эмнэлэгт амаржсан эхчүүд баримттайгаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ тухай мэддэггүй хөдөөний бүсгүйчүүд, ар гэр нь анхаарал муутай эмэгтэйчүүд эмч нарын хатуу гарт өртөх болдог аж.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулгаас хүүгийн биеийн байдал, төрөх явцад ямар хүндрэл гарсан талаар тодруулсан юм.

Г.Баттулга: Хавчуураас болоод хүүхэд ийм болчихлоо гэж
хэлж болохгүй

-ЭХЭМҮТ-д яаралтай хэвт гэж өрхийн эмнэлгээс нь бичиг хийж явуулахад яагаад хэвтүүлээгүй юм бэ?
-Э.Энхжаргал гуравдугаар сарын 8-нд эмнэлэгт хэвтэхээр жижүүр дээр ирсэн. Тухайн үед ургийн бичлэг хийгээд, хоёр цаг гаруй хянаад хүлээн авсан эмч нь буцаасан байдаг. Ачаалал ихтэй, коридор дүүрэн хүнтэй болохоор буцаахаас өөр аргагүй байсан. Ингээд гурван хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн. Жирэмсний эмгэгийн буюу эрсдэлтэй бүлгийн тасагт хэвтсэн. Хэвтсэнээс хойш эмч нь үзээд төрөлтөд бэлдье гэсэн төлөвлөөгөөтэй байсан. Гэтэл бүтэн сайнд нь төрөлт сэдээх гэж байтал Э.Энхжаргал өөрөө өвдөж эхэлсэн. Тэгээд л төрөхийн тасагт очсон.

-Төрөх явцад чухам юу болсон бэ?
-Төрөх явцад тодорхой хэм­жээгээр сулрал болон гажуудал үүс­сэн. Төрөлт эрчимжүүлдэг та­риа хийсэн. Хамгийн гол анхаа­рал татаад байгаа зүйл бол төрөх үеийн хоёрдугаар хэсэг болох дүлэх байсан. Умайн хүзүү  бүрэн гүйцэд нээгдээд хүүхэд гарахад нэлээд удааширсан. Энэ үед хүүх­дэд бүтэлт үүссэн. Хүүхэд гарсны дараах шинжилгээг харахад ихэс гээд байгаа цусаар тэжээгддэг завсрын эрхтэнд өөрчлөлт гарсан.

-Хүүхдийн бие ямар байгаа вэ. Эцэг эх нь хавчуураар татаж авснаас тархинд гэмтэл үүссэн гэх юм?
-Хүндрэлтэй төрөх үед хавчуу­раар татаж авах аргыг эмч нар ашигладаг. Хавчуураар авсан нь үнэн. Гэхдээ энэ үйлдлээс болоод хүүхэд ийм болсон уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Архаг бүтэлттэй байсан дээрээс нь дүлэх үйл явц удаан үргэлжилсэн. Хавчуураас болоод энэ хүүхэд ийм болчихлоо гэж хэлж болохгүй. Хүүхэд эмчил­гээтэй, биеийн байдал нь хүнд байгаа. Бид хийх бүхий л эмчилгээг хийж анхаарал тавьж байна. Гэхдээ хүүхэд эрүүл, саруул болно гэж би хэлж чадахгүй.

-Эцэг эх нь эмнэлгийн хажууд байрлах Чанарын албанд гомдол гаргасан гэсэн. Ямар хариу гарсан бэ?
-Чанарын алба нь манай байгууллагын харьяа биш. Эрүүл мэн­дийн яамнаас томилогдсон хүмүүс байдаг. Эмчилгээнд ямар нэгэн доголдол, гомдол гарахад шал­гаж үзэж дүгнэлт гаргадаг. Жир­эмсний явцад энэ хүний ан­хаарах зарим зүйл дутуу байсныг хэлсэн. Төрөх үйл явц явж байхад хоёрдугаар үе удааширсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Төрөлтийг Бадамцэцэг удирджээ
Ингээд нярайг эх барьж ав­сан эмч Б.Батсайханаас чухам юу болсныг тодруулахад “Ар гэ­рийнхэн нь намайг хүүг эх барьж авсан гэж ойлгоод байгаа юм. Тухайн өдрийн 08.00-16.20 цаг хүртэл миний ажлын цаг байсан. 16.20-0.8.00 цаг хүртэл жижүүр эмч төрөлт удирддаг. Э.Энх­жаргалын төрөлт 18.00 цагт явсан. Тэгэхээр миний ажлын цаг 16.20 минутад дууссан байсан. Гэхдээ Э.Энхжаргал өглөө­ний най­­ман цагт манай тасагт шилжин ирсэн. Өглөөний 10.00 цагт үзээд өдрийн турш хянаж байгаад жижүүр эмчид хү­лээлгэж өгсөн. Мөн 12.00 цагийн үед Э.Энхжаргалын биеийн байдлыг ахад нь танилцуулж, хүнд байгааг хэлсэн. Хүлээлгэж өгсөн ч би явалгүй байж байгаад төрөх процесс явж байгаа үед хажууд нь байсан. Төрөлтийг удирдсан эмч Бадамцэцэг гэж хүн байгаа. Эхийн эхсийг гаргаж, хярзан хайчилж оёдол тавьсан гэдгээ ар гэрийнхэнд нь хэлсэн гэсэн. Төрөлтийн явцад харамсалтай явдал болж хүндрэл үүсч, хүнд хүүхэд гарсан” гэв.

Сүүлийн жилүүдэд ЭХЭМҮТ-ийн эмч нарын нэр хүнд иргэдийн дунд буурч итгэх итгэл нь үгүй болж байгаа. Тухайлбал, мөнгө харсан цөөн тооны эмч нараас болж тус эмнэлгийн эмч нарыг  “Гар хардаг, мөнгөний төлөө хүний амь насыг золиослож байна” гэх иргэд олширч байгаа юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд нь хамгийн томд тооцогдох эмнэлгээ бүрэн анхаарч чадахгүй байгаагаас энэ мэт эмгэнэлтэй явдал гарсаар бай­на. Томилогдоод  хоёр жилийн нүүр үзсэн Н.Удвал сайд амь тэм­цэж буй Монголын мянга мян­ган хүүхдийн эрүүл мэнд гэхээс илүүтэй намын даргынхаа ажилд улайрч улстөржиж яваа нь энэ салбарт ажиллаж байгаа эмч, суви­лагч, иргэдэд төдийлөн таа­лаг­дахгүй байгаа юм. Эцэст нь хэлэхэд “Монголын үрс маш олон болтугай”, “Эхийн эндэгдэл буурсаар байгаа” гэж ярьдаг ч энэ мэт харамсалтай зүйлд анхаарал хандуулахыг Эрүүл мэндийн сайдаас хүсье.

Т.ХҮСЛЭН