Сангийн сайд Б.Жавхлан: Дефолт зарлах эрсдэлд бол ороогүй. Хэвийн байгаа
2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн бүх санхүүжилт хэвийн явагдаж байгааг юун түрүүнд хэлье. Энэ жилийн төсвийн гүйцэтгэл 50 гаруй хувьтай явж байна.
Би дөнгөж сая Монголбанк, ҮСХ-ноос макро тоонуудыг бататгаж авлаа.
Манай улс 5.8 тэрбумын валютын нөөц байна.
Жилд хоёр удаа ОУВС-гаас ирж ажилладаг. Сая ирэхдээ ямар нэг эрсдэлтэй зүйл, өр төлбөр байхгүй гэж дүгнээд хоёр долоо хоногийн өмнө явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-гийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн тийшээ өөрөө яваасай. Монголыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө үзэг, хараг.
Fitch агентлаг манай Засгийн газрын зээлжих зэрэглэлийг B+ тогтвортой гэж үнэлсэн.
Гадаад нөхцөл байдал тун ойлгомжгүй байгаа нь үнэн. БНХАУ-ын зээлжих зэрэглэл нэг түвшингээр унасан. Атал манайхыг хэвээр хадгалсан. Энэ бол том дефакто шүү дээ.
Тийм учраас ОУВС-гийн дүгнэлт, валютын нөөц, төрийн сан дээр хэн дуртай нь цээжний бангаар ингэж ярьж болохгүй. Энэ маш эмзэг асуудал.
Одоогийн байдлыг цааш хэрхэн хадгалах вэ гэдэг л хамгийн том зорилт.
Төсвийг харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Энэ долоо хоногт бид хүлээж байна. Ажилдаа ороосой гэж хүсэж, уриалж байна. Улсын төсөв бол эдийн засгийн толь. 10-р сар гарчихаад байхад хоёрдугаар хэлэлцүүлэгтээ ч ороогүй байна гэдэг цаглаврын хувьд маш эрсдэлтэй болж ирж байна. Санал шүүмжлэл нээлттэй, гол нь хэлэлцмээр байна. 2026 оны хувьд аль болох макро тогтвортой байдлыг хангах чухал байгаа. Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдсанчлан, хувийн хэвшилд суурилсан төсөв болсон" гэлээ.
-АМНАТ тооцох журам өөрчилсөн тухай сэдэв анхаарал татаж байна?
-Засгийн газар шийдвэрээ гаргасан тул би ЗГ-ын байр суурийг хамгаалж ярина. Бид яах гэж Биржийн тухай хууль баталлаа. Хятадын биш өөрсдөө биржийн үнэтэй болох гэж л тэр. Тэр биржээр ил тод нүүрс, зэс, жонш нь арилжаалагдаж байдаг, тэр үнээр АМНАТ нь тооцогдож байдаг жишиг рүү явах гэсэн. Үндэсний биржийн үйл ажиллагааг дэмжиж ийм шилжилт хийж байна шүү дээ. Хэрэв ингэхгүй бол нөгөө л биржийн бусаар, далд явдаг наймаа улам өргөжнө.
-Энэ 55-р тогтоол дээр та анх эсрэг санал өгсөн юм биш үү?
-Энэ бол он дуустал гэж хугацаа заасан байсан. Гэтэл нүүрсний үнэ уначихсан байгаа тул санал нийлэх албагүй. Гэхдээ биржээ дэмжье гэдгээр орсон.
-11-р сарын 15-ны дотор төсөв баталж амжихгүй бол яах вэ?
-Тийм зүйл болохгүй байгаасай гэж найдаж байна. Гол хэсэг нь хоёрдугаар хэлэлцүүлэг дээр явдаг. Дараа жилийн төсөв уг нь хэдхэн том тоотой, тодорхой байгаа. Бараг л хасах юмгүй төсөв байгаа.
-УИХ-ын гишүүн гарч ирээд Монгол Улсын дефольт болох гэж байна, том статистикийг худал мэдээлдэг гэхчлэн ярьчихлаа. Тэр хүн хариуцлага хүлээх ёстой юу?
-Төрийн сангийн үйл ажиллагаа бол хэвийн гэдгийг хэлсэн. Шат шатны төрийн байгууллагууд бүрэн санхүүжилтээ авч байна. Орон нутгуудын хувьд төсвийн хуваарь гэж бий. Сар бүр Сангийн сайд баталдаг. Бүх зүйл л хэвийн явж байгаа. П.Сайнзориг гишүүн өөрөө төрд олон жил ажилласан. Юу ярьж байгаагаа, ямар хариуцлагатай асуудал хөндсөнөө мэдэх л ёстой доо. Хамгийн сайн мэдэх ёстой.
-Багш нарын цалинг нэмэх боломжтой юу?
-Одоо нэмбэл хасна гэдэг зарчимтай. Цалин нэмье гэвэл өөр нэг зардлыг хасна. Нийгмийн даатгал гэхэд л, сангийнх нь урсгал зардал 6.6 их наяд шүү дээ. Бүгд хуультай. Тэтгэвэр, тэтгэмж бас хуультай, жил бүр нэмдэг. Хуулиар төсөвт орох ёстой 4-5 их наядын зардал багтаагүй байгаа шүү дээ. Гэтэл цалингийн нэмэлт бол хуульгүй. Татварын багц хууль хэрэгжвээс төсөв дээр бараг 8 их наядын өртөг гарна. Нэг жилийн дотор хийж чадахгүй. 30 их наядын төсөвтэй юм чинь. Тийм учраас энэ жил НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх гэж байна.
-Ийм үед Засгийн газрыг огцруулбал ямар эрсдэл үүсэх вэ?
-Гадаад нөхцөл байдал маш эмзэг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг бас биднээс хамаарахгүй байна. Ийм байхад бид дотроо учраа олохгүй байна гэдэг, түүгээр яваа зовлонг үүгээр дуудна гэсэн үг. Хямрал руу явна. Энэ байдлыг тогтвортой авч явах нь бид бүгдийн нийтлэг эрх ашиг байх ёстой.
-Оюу толгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар ажиллаж байна уу?
-Ажлын хэсэг 9-р сард байгуулагдсан, Сангийн сайд ахалсан. Энэ сэдэв дээр би ажиллаад явж байна. Энд бүгдээрээ нэг тал шүү. Ярих юм байна, ярихгүй юм байна. Бид хэлэлцээрт орох гэж байна. Тэр тактикийг яриад байж болох уу. Энэ удаа бид хүүгээ бууруулж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. 4 хувиар бол бууруулах боломжтой.
-Гурван сарын дотор эдийн засаг элгээрээ хэвтчих боломжтой юу?
-Манай эдийн засаг бас эмзэг эмзэг гэхэд арай тийм биш. Гадаад талууд чинь өөрсдөө ирж үзээд тогтвортой гэж зарлаад байна шүү дээ. Тэгж байхад “Үгүй” гэж өөрсдөдөө муу дүн тавьж болохгүй биз дээ.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI ALNI SEXSDEX XUCHEER SEXSY80955877BOOW DOLOOJ