Коронавирусийн халдвар авч сар гаруйн хугацаанд эмчлүүлээд гарсан Н.Хишигсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр гурван хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд Арслантай гүүрний баруун хойно байрлах номын худалдааны зааланд лангуу түрээсэлдэг байна. Хөл хорионы улмаас номын худалдааг нээлгүй хоёр сар гаруй болж байгаа учир орлогогүй болж, хүнд байдалд оржээ. Түүнийг ХӨСҮТ-д эмчлүүлж байх үед хоёр хүүхэд нь гэртээ орж чадахгүй, очих газаргүй боллоо хэмээн сошиалаар нэг хэсэг шуугьсан билээ.


-Анх халдвар авснаа хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр халдвар авсан юм шиг байна лээ. Арваннэгдүгээр сарын 10-н хавьцаа болов уу. Эхлээд хоолой өвдөөд, ханиад хүрсэн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Тиймээс өрхийн эмнэлэгт үзүүлтэл эмч “Хоолой өвдсөн байна, долоо хоног уух антибиотик бичиж өгье" гэж хэлсэн. Эмчийн бичиж өгсөн эмийг уусан ч зовиур нэмэгдэж, улам хүндрээд байсан. Тухайн үед өрхийн эмнэлгээр дамжуулж коронавирусийн шинжилгээ авч байна гэсэн мэдээлэл зурагтын мэдээний доогуур урсаж байгааг хараад шинжилгээнд хамрагдсан. Халдвартай гарсан.

-Оношлогдох үед биеийн байдал ямар байсан бэ?

-Уушгийг маань гэрэлд гурван удаа харсан. Битүү хатгаатай гарсан. Ер нь нэлээн хүндэрсэн байсан. Харин ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар сайн ажиллаж, эмчилгээ сайн хийсэн. Энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье.

-Халдвартай гарсны дараа ХӨСҮТ-өөс баг ирж авч явсан уу?

-Шинжилгээ өгөөд халдвартай гарсан тул өрхийн эмнэлэг дээр тусгаарлагдсан. Дунд охинтойгоо хамт явж байсан юм. Арваннэгдүгээр сарын 17-ны 15:35 минутад шинжилгээ аваад хариу гарсан ч олон цаг хүлээлгэсэн. Ингээд 24:00 цаг өнгөрч байхад дунд охинтойгоо ХӨСҮТ дээр очсон. Охинтойгоо тусгаарлагдсан. Харин гэртээ байсан манай том, бага хоёр хүүхдийг “Улаанбаатар” зочид буудалд 14 хоног тусгаарлахаар авч явсан байсан.

-Халдвартай гэдгээ мэдэх хүртэл олон хүнтэй уулзсан уу. Хавьтал тогтооход ихээхэн цаг хугацаа, хүч ордог юм билээ?

-Арваннэгдүгээр сарын 10-нд ажил дээрээ байж байгаад халдвар авсан юм шиг байна лээ. Арваннэгдүгээр сарын 17-нд оношлогдсон. Хавьтал байгаагүй. Яагаад гэвэл 10-наас хойш бие өвдөөд, ханиад хүрсэн байна гэсэн болохоор гэртээ байгаад байсан. Халуураад нэлээн хүндэрсэн тул гарах ч завдал гараагүй. Харин хүүхдүүд маань надтай хамт байсан. Шинжилгээ хийлгэхэд гурван хүүхэд маань халдвар аваагүй гарсан. Эмч нар хүүхдүүд чинь дархлаа сайтай учир өвчлөөгүй байна гэж хэлсэн. Намайг халуураад ханиалгаж байхад хүүхдүүд дэргэд л байж ээжийгээ чадах ядахаараа асарч байсан. Тэгсэн атал халдвар аваагүй болохоор дархлаа үнэхээр сайтай байсан байх.

-Шинж тэмдэг ямар шат дараалалтай, хэрхэн илэрсэн бэ?

-Би нэлээн хүнд өвдсөн. Халдвартай гэдгээ мэдэлгүй олон хоног явсан учир хүндэрсэн байх. Яг л ханиад шиг. Халуураад, амьсгаа давчидаад хэцүү байсан. Би нийт ес хоног халуурсан. Гэртээ зургаа хоног, эмнэлэгт очоод гурав хоног халуурсан. Гол нь өрхийн эмчид их найдаж байсан. Эмч үзээд ханиад гэсэн учир бичиж өгсөн эмийг нь ууж байя, гайгүй болох биз гэж бодсон. Гэвч эм уугаад нөлөөлөөгүй. Сүүлдээ бие үнэндээ болохоо болиод ирсэн. Байнга халуурна. Амт, үнэр мэдрэхээ болиод эхэлсэн. Тэгээд нэг л сонин байна гэж сэжиглэсэн. Би уг нь ханиад хүрсэн бол 2-3 хоног эм уугаад гайгүй болчихдог юм. Гэтэл ингэж олон хоног өнгөрч байхад дарагдахгүй, халуураад байхаар хэрэг бишидсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд л ковидын шинжилгээ өгсөн. Манайд халууны шил байгаагүй. Олон хоног халуурахаар хүн тамирдаад нүдээ нээгээд өндийх гэхээр уначих гээд байдаг юм билээ. Гэхдээ өрхийн эмч нарын буруу гэж юу байхав. Энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй учир ялгаж салгахад хэцүү байсан биз.

-Халдвартай гэдгээ сонсоод сэтгэл санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Анх сонсоод гурван хүүхдээ л баллачихлаа гэж бодсон. Бие нэлээн муудсан байдалтай очсон. Хүүхдүүд маань л нүдэнд харагдаад байдаг юм билээ. Өөр юм бодогдоогүй.

-Хүүхдүүд халдвар аваагүй байгааг сонсоод их баярласан байх?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань зүгээр болохоор маш их баярласан. Би өвдөх яахав. Миний хүүхдүүд л зүгээр бол болоо гэж бодсон. Уржигдар найзуудтайгаа ярьж байгаад хүүхдүүдээ Арцатын ам руу салхинд гаргасан. Дандаа л гэрт хашаад байхгүй, агаарт гаргаж сэтгэл санааг нь дэмжээд өгье гэж бодсон юм. Бас таван “цаас” олбол хүүхдүүддээ л шим тэжээлтэй сайн хоол хүнс өгье гэж боддог.

-Та хаанаас халдвар авсан байх магадлалтай вэ. Эргэцүүлж үзсэн байх?

-Анх халдвартай жолооч Д, хоёр хүний хамт караокед үйлчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсан шүү дээ. Манай хамт ажилладаг эгчийн төрсөн өдөр болсон юм. Наймуулаа тэр караокед орсон. Орой 18:40 болж байхад намайг дуудсан юм. Би “Гэрт махгүй болчихож, 19:00 цагаас өмнө харих хэрэгтэй” гэж хэлэхэд “Хурдан орж ирээд баяр хүргэчихээд гар” гэсэн юм. Хамт олон дуудаж байхад би ороод гарсан. Ер удаагүй. Ганц дуу дуулсан. Тэр үед халдвар авчихсан байх магадлалтай. Яагаад гэвэл тэр караокед халдвар хамгаалал гэж байгаагүй. Микрофоныг нь халдвараас сэргийлж марлиар боосон байдаг. Тийм ч юм байгаагүй. Тухайн үед ороод л гарч байгаа учир төдийлөн санаа зовоогүй. Манай хамт олон ч төрсөн өдрийг ёслоод, 20-30 минут болоод л гарсан юм билээ. Өөрөөр халдвар авсан гэх эрсдэл бага.

Мөн сурагч, оюутнуудын хичээл орохгүй байгаа учир бид борлуулалтгүй болчихсон байсан. Орлого эрс муудсан. Тиймээс би хэдэн номоо бариад захаар явсан юм. Ном маш хүнд. Тэргэн дээр түрээд явна л даа. Тэр үед бас эрсдэл үүссэн байж магадгүй. Сүүлдээ ном маань зарагдахгүй болоод ирэхээр маск зарсан. Самар авч зарсан. Тэгж байж үр хүүхдээ идэх хоолтой байлгана шүү дээ. Нэмээд өр ширтэй. Энэ бүхэн эрсдэл үүсгэсэн байх магадлалтай. Гэхдээ үүний хүчинд л гурван хүүхдээ хоолоор таслахгүй байгаа юм. Намайг 2-3 хоног захаар ном зарж байгаад ирэхэд манайхан энэ хугацаанд ганц ч “хагараагүй” (нэг ч ном зараагүй) гээд сууж байсан. Тэгэхэд би хажууд нь харин ч орлоготой байна гэж баярлаж байлаа.

-Тэгвэл нэлээн ядарч, дархлаа суларчээ?

-Ном чирээд явна гэдэг амаргүй. Хүнд жинтэй. Ер нь их ядарсан. Орой гэртээ ороод суухад тэрийгээ мэдэрч байгаа юм. Энэ байдлаас болж дархлаа суларч, халдвар авсан гэж бодсон. Эмч ч их ядарсан байна, биеэ бодсонгүй гэж хэлсэн. Хүний төлөө хэлж байгаа сэтгэл нь сайхан л даа. Гэхдээ би коронагаас айгаад, эсвэл ядарч байна гээд суучихвал миний гурван хүүхэд яах вэ. Банкнаас өр нэхэгдэнэ. Ажиллахаас аргагүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа бэрхшээл биш. Монголын олон өрх, ээжүүд ийм бэрхшээлийг туулаад явж байгаа.

-Хэд хоног эмчлүүлсэн бэ?

-24 хоног эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад тусгаарлалтад долоо хоносон. Нийт 31 хоног болсон.

-Эмчилгээ хийлгэж байх үед ард үлдсэн хүүхдүүд ямар байв?

-Олон түмний буянд хүүхдүүд сайн байсан. Дунд охин 10 настай. Надтай хамт байсан юм. Том охин маань 17-той. Дөрвөн настай дүүгээ асраад байж байсан. Халдвар аваад эмнэлэгт хэвтсэнтэй зэрэгцэж хоёр хүүхдийг маань “Улаанбаатар” зочид буудалд 14 хоног тусгаарласан. Дараа нь Улсын онцгой комиссоос арга хэмжээ авч хүүхэд хамгааллын 108-ын байранд намайг гарч иртэл байлгасан. Насанд хүрээгүй хүүхдүүд учир харгалзах хүнгүйгээр гэрт нь байлгахгүй гэсэн асуудал гарсан юм билээ.

-Сошиалаар хоёр хүүхэд тань гэртээ орж чадахгүй, очих газаргүй болчихлоо гэх мэдээлэл цацагдсан. Энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх их хүнд байсан ч эмчилгээ хийлгэж, бие гайгүй болоод сэтгэл санаа ч тайвшираад ирсэн. Ер нь дархлаа хүний сэтгэл санаанаас их шалтгаалдаг юм билээ. Хүүхдүүд халдвар аваагүй гэдгийг сонсоод сэтгэл санаа нэлээн сайхан байж байтал интернэтээс тийм мэдээлэл сонсоод бие эргээд муудсан. Шууд л дотор харанхуйлаад ирдэг юм билээ. Миний хоёр хүүхдийг зүгээр л над дээр аваад ир, бид дөрөв хамт байж байгаад гаръя гэж гуйж байсан. Гэхдээ тухайн үед багахан үл ойлголцол болсон байсан. Сайн санаат хүмүүс, төрийн үүрэг хүлээсэн ажилтнууд үр хүүхдүүдийг минь сайн асарч хамгаалж байсан.

-Ер нь ардаа санаа сэтгэлээ чилээж байгаа, амьдралын төлөө хар бор ажил хийж зүтгэж байгаа хүмүүс дархлаа, сэтгэл санааны хувьд ч хүнд учир халдвар авах эрсдэл өндөр байдаг юм болов уу гэж бодлоо?

-Тийм юм билээ. ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг) ажиллуулж, жижиглэн худалдаа хийх зэргээр амьдралын төлөө зүтгэж байгаа эгэл борчууд ажилдаа нухлагдаж ядарч байна. Идэж байгаа хоол хүнс нь ч ямар билээ. Мах, гурилаас хэтрэхгүй. Бас өр зээл ихтэй учир сэтгэл санааны дарамттай. Нэмээд агаар салхинд гарч чадахгүй. Үр хүүхдээ эрүүл саруул, хоол ундтай байлгахсан гээд үргэлж санаа зовоостой. Халдвараас айгаад гэртээ суугаад хүүхдүүдээ өлсгөөд байж болохгүй. Төр дэмжлэг туслалцаа өгч байгаа л даа. Гэхдээ төрөөр байнга тэжээлгэх боломжгүй. Энэ бүхнээс болоод дархлаа унаж амархан өвчлөх магадлалтай юм билээ. Тиймээс би хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, сэтгэл санааг нь өргөж, амттай хоол хүнс гар таталгүй авч өгдөг.

-Одоо та эрүүл болсон. Шинжилгээ өгч байгаа юу?

-Эмнэлгээс гарснаас хойш хоёр удаа шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Би 14 хоноод л шинжилгээ өгч байгаа.

-Эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдсэн бэ?

-Дархлаа сайжруулах эмчилгээнүүд байсан. Дуслаар уураг хийсэн. Рингер (шингэний дутагдлыг нөхөх, хоргүйжүүлэх дусал) хийж өгсөн. Мөн витамин С, Д байнга уусан. Хүнд ирсэн учир эмчилгээ их хийсэн. Эмч нар “Та манай тасгийн хамгийн хүндэвтэр ирсэн хүн шүү” гэж хэлсэн. Маш сайн эмч нар таарсан.

-Эмнэлэгт сарын хугацаанд байхад орлого тасарсан байх. Ер нь хөл хорио таны орлогод ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Хүүхдийн мөнгө байна. Надад бас нэг төрийн бус байгууллагаас 500 мянга, гадаадаас нэг охин 300 мянган төгрөг хандивласан. Энэ 800 мянган төгрөг дээр хүүхдийн мөнгөө нэмээд өнгөрсөн хугацаанд болгоод ирлээ. Хандив өгсөн хүмүүстээ баярлаж байгаа. Мах, өргөн хэрэглээний хүнсний үнэ өнгөрсөн хэдхэн сарын дотор их өссөн. Мань мэтийн хүмүүс үүнийг илүүтэй мэдэрч байгаа юм. Ер нь хэцүү шүү дээ. Өрх толгойлоод гурван хүүхэд авч явна гэдэг амаргүй. Би ч гэлтгүй Монголд олон айл өрх, эмэгтэйчүүд хүнд бэрхшээлийг туулаад явж байгаа. Би номын худалдаа эрхэлдэг. Арслантай гүүрний нэгдсэн худалдаан дээр зогсдог юм. Гэвч одоо ажиллах боломжгүй. Хоолны газрууд гэх зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаад л байна. Гэтэл ном заруулахгүй гэх юм. Хүн хэрэгтэй номоо асуугаад л авдаг. Ямар нэг дараалал үүсээд, номоо гар дамжуулаад байдаггүй. Тэгэхээр бид ч бас номоо борлуулж амьжиргаагаа залгуулмаар байна. Бид халдвар хамгааллаа сайн сахиад явна. Гэртээ байж дархлаагаа дэмж гэдэг. Гэтэл орлогогүй бид юу идэж дархлаагаа дэмжих вэ. Агаар салхинд ч гарч чадахгүй. Ер нь хаашаа л харна корона. Зурагт, интернэт хаа сайгүй дандаа корона ярихаар бид бас хэцүү байна. Хүн ардынхаа сэтгэл санааг өргөх талаас нь анхаараасай.

-Эмнэлгээс гарахад танд юу гэж зөвлөсөн бэ?

-Дархлаагаа дэмжихийг зөвлөсөн. Агаар салхи хэрэгтэй гэсэн. Мөн сайн хоол хүнс хэрэглээрэй гэж зөвлөсөн. Гэвч манайх подвальд амьдардаг болохоор агаар салхи хэцүү. Сая аргаа бараад “Ард кредит”-ээс мөнгө зээлсэн. Хүнсээ авах зорилгоор л зээл авч байгаа юм. Мах, ногоогүй бол дархлаа дэмжиж чадахгүй. Хороо надад хоёр удаа гурил, будаа өгсөн. Хүүхдүүд гэрт байхаар хэрэглээ нь их өсөх юм. Та нар бага идээрэй. Ээж нь хэцүү байна шүү гэж би хэлж чадахгүй. Яадаг юм. Идэж ууна биз. Би зүтгэж байгаад олоод ирнэ гэж боддог. Би олсон мөнгөө хүүхдүүддээ л зориулдаг. Өөрийгөө тас мартаад өвдсөн байх.

-Подвальд амьдрах амаргүй байх. Өөр байр сууц хөөцөлдөж үзэв үү?

-Түрээсийн орон сууцанд орох өргөдөл саналаа өгсөн. Улсын онцгой коимсоос надтай харьцаж байгаа хүн бүтээхийн төлөө хичээнэ гэж хэлсэн. Би өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг учир банк надтай харьцахгүй шүү дээ. Та өвдөж зовоод зээлээ төлж чадахгүй бол таны оронд хэн төлөх вэ, гурван хүүхэд чинь хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй гэж хэлдэг. Би олон банк бусаар явж үзсэн. Бүтээгүй. Ах дүү нар маань Сэлэнгэд бий. Би энд ганцаараа. Тиймээс түрээсийн байр нь бүтээсэй гэж залбирч байна. Нэг өрөө байсан ч болно. Би сар сардаа төлөх мөнгөө нэг ч хоцроохгүй, чадах бүх ажлаа хийгээд төлөөд явна.Надад миний гурван хүүхэд л байна. Өшөө юу ч байхгүй. Тиймээс энэ хэд маань л өлсөж зовохгүй, сайн сайхан өсч торниод авбал миний туйлын зорилго тэр юм.

-Таны гаран дээр хэд хэдэн газар улайлт үүссэн байна?

-Подваль бясаа ихтэй. Хазаад байдаг юм. Урьд шөнө бага хүүхдийг маань хазчихсан байна лээ. Ариутгал хийвэл 80 мянган төгрөгийн хөлстэй юм билээ. Өнөөдөр эмийн сангаас тос аваад түрхэж байна.

Г.БАТЗОРИГ