С.БҮЖИН

Хаврын тэргүүн сар гарч, монгол түмэн XVII жарны цагаагчин үхэр жилтэй учран золголоо. Улиран одсон хулгана жилд дэлхий нийтээр аюулт цар тахлын өмнө хүчин мөхөстөж, хоёр сая гаруй хүн “Ковид-19”-өөр нас барав. Үнэндээ энэ цар тахлаас хэрхэн сэргийлэх талаар хүн төрөлхтөн бэлтгэлгүй байлаа. Өдгөө 110 орчим сая хүн ковидоор өвчилж, манай улсад ч өвчлөлийн тоо 2000 хэдийнэ хол давсан учир хөл хориог хаа сайгүй тогтоож, голомтыг хумих гэж дор бүрнээ л хичээж байна. Хүн амын эрүүл мэнд, улсын эдийн засаг “Ковид-19”-өөс улбаалж амаргүй болсон энэ цаг үед Төрийн гурван өндөрлөг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгосны мэндийг мэдэхийн зэрэгцээ ард түмэндээ барьж буй бодлогоо дайсан. Үгэн дотор үг гэж тэд ямар бодлого барьж, улс түмнээ залуурдах бол гэсэн хүлээлт ч иргэдийн дунд байлаа.

 

ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭВ НЭГДЛИЙГ ОНЦОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сар шинийн мэндчилгээ ард түмэндээ дэвшүүлж, амар амгалан, сайн сайхныг хүсэхийн хажуугаар эв нэгдлийг эрхэмлэхийг онцоллоо. Төрийн тэргүүн гэдэг бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Бид Үндсэн хуулиараа ийн хуульчилж өгсөн. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж буй бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо. “Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ. Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай” хэмээсэн. 

Ердөө сар хүрэхгүйн өмнө Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлээд буй. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ гаргаж, чуулганы хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцсэний дараа “Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээж байна” хэмээж байсан юм. Нэг ёсондоо анхан шатанд гарсан алдааг Засгийн газар нь хариуцлага хүлээж кабинетаараа огцорсон анхны тохиолдол болсон. 

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж үг бий. Улс төрийн төвшинд ч нэг зүгт харж, улс орныхоо, ард түмний төлөө гэсэн ганцхан эрх ашигт зангидагдах учиртайг Төрийн тэргүүн ийн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцолсон байна.ЕРӨНХИЙ САЙД ЭДИЙН ЗАСГАА ТЭТГЭХЭЭ МЭДЭГДЭВ

Шинэ үеийн гэх тодотголтой Л.Оюун­Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын тэргүүн өмнөх кабинетын бодлогыг үргэлжлүүлэн, ингэхдээ эдийн засгаа тэтгэх зоригтой алхам хийж, ажлаа урагшлуулахаа мэдэгдсэн. Үүнийгээ сар шинийн мэндчилгээндээ ч хэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун­Эрдэнэ “Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид арван сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань ­6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна. 

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүрдээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна. 

Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно” хэмээсэн юм. 

Эндээс цар тахлын үед эдийн засгаа ч орхихгүй, эрүүл мэндтэйгээ хамтатган авч явах нь тодорхой боллоо. Өмнөх арван сар гаруйн хугацаанд манай улс цар тахалтай тэмцэхдээ хүн амынхаа эрүүл мэндийг бодож, эдийн засгаа, иргэдийнхээ амьжиргаа, бизнесийг орхигдуулсан билээ. Шинэ Засгийн газар бүх бизнесээ нээж, ковидтой зэрэгцэн ажиллахаа ийн илэрхийллээ.УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ГЭЛЭЭ

УИХ­ын ээлжит сонгуулийн дүнд шинэ бүрдсэн парламент анхны намрын чуулганаа өндөрлүүллээ. Спикер хийсэн ажлаа тайлагнаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэж, батлах тогтоол, хуулийн төслүүдээ сар шинийн мэндчилгээтэй хамтатган ард түмэндээ тайлагналаа. Тэрбээр “Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, дэлхий дахинд цахим парламентын шинэ жишиг тогтоосон анхдагч парламентын нэг боллоо. Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулж, хэлэлцэж, батлах Цахим парламентын шинэ системийг нэвтрүүлэв. Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална. Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. 

Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ долоо хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй. Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна. Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. 

Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10.0 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байна” хэмээсэн юм. Төрийн гурван өндөрлөгийн хаврын тэргүүн сартай учран золгосны өдрийг тохиолдуулан ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээнүүд тус бүрдээ онцлогтой байлаа. Эндээс ирэх хавар өрнөх улс төрийн зураглалыг ч харж болохоор байна. Ерөнхийлөгч эв нэгдлийг эрхэмлэсэн бол Ерөнхий сайд эдийн засгаа идэвхжүүлэх, хүндрэлийг хохирол багатай даван туулах бодлого хэрэгжүүлэхээ хэллээ. Харин хууль тогтоох байгууллага Засгийн газраас оруулж ирж буй бодлогыг улаан гэрлээр дэмжин, батлахаа ийн мэдэгдсэн юм.

npost.mn - ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН