Нуур, тэнгис, далайн болон тэдгээрийн ёроолын гадаргуй дахь их баялаг, аугаа их баялаг бол хүмүүс биднийх. Тэнд байхгүй юм үгүй. Усан доорх газар, гадаргуй нь хуурай газрын гадаргуйнаасаа олон дахин томын дээр ургамал, амьтнаараа ч олон дахин баялаг, эрдэс баялгаараа ч олон дахин илүү их. Энэ их баялаг дээр газрын гадаргуйн болон хөрс шороон дахь баялгийг нэмэх аваас мөн ч их тоо, хэмжээ гарнаа даа.

Тэр бүх баялаг дотор уух ус ч, идэх хоол ч, алт мөнгө ч, ашиглаж болох юу л бол юу байгаа. Гэтэл нийт хүний ихэнх хагас нь ядуу зүдүү, өлөн зэлмүүн, ноорхой цоорхой амьдрахчаа болдог, энэнээсээ болоод богино насалдаг. Нялх, нойтон үрс нь ч өлсгөлөнд нэрвэгдсээр...нийт дүнгээр нь үзэхүл хүн төрөлхтөн, хүмүүс тэнэг юмаа, тэнэг юм...сайхан амьдрах энэ их боломжийг ашиглаж ер чадахгүй байна.

Усан доторх, усан доорх баялгийн талаар товчхон өгүүлье.

Нуур, тэнгис, далайн ёроол бол хуурай газрын гадаргуйтайгаа яг адил. Тэнд уул нурууд бий, өргөн уудам тал бий, дов толгод, жалга, нүх, агуйнууд бий. Сэнжтэй хад ч олон. Бидний мэдэх, мэдэхгүй өвс ургамал, навч нахиа, мөөг, хаг, замаг, бутлаг ургамлууд бий. Олон өнгийн шүр, нефть, өнгөт чулуунууд, хув, шатдаг хий бий. Тэнд бэлчээрийн хомсдол, ган, зуд гэж үгүй.

Далайн ёроолд нүхэн дотор амьдардаг амьтад ч олон, бас шувуу адил, тийрэлтэт онгоц мэт, пуужин мэт нисэж чаддаг загас ч олон бий. Биеэр нь гэрэл нэвтэрдэг шил адил амьтад, есөн шидийн нялцгай биетэнгүүд, хоёр нутагтан, могой, мөлхөгчид ёстой л чөтгөр, мангас, сүнс сүүдэр гэхээр амьтад ч олон.

Шингэн, сийрэг, зөөлөн орчин болохын хувьд ус ба агаар хоёр бараг адилхан. Ус нь зөвхөн илүү их нягт /өтгөн/. Агаарт нисдэг арга, техникээр усан дотор нисэж болно. Агаарт умбан, шумбан нисдэг шигээ усан дотор умбан шумбан нисэж чаддаг шувууд олон бий. Товчхон хэлэх аваас далай, далайн ёроол бол агаар ба газартай адилхан.

Ургамал ба амьтад нь ч адилавтар, тэдний амьдрах арга, хэлбэр нь ч ижилхэн шахуу. Далай, тэнгэст сүүгээр бойждог хөхтөн амьтад ч олон бий. Ихэнх амьтны хувьд далайн ус, ургамал нь бараг л эхийн умайн үүрэгтэй. Усан дотор үр тогтдог, уснаас тэжээл авч бойжсоор амьтдын шинэ үе мэндэлдэг. Ихэнх загас тэгж л үрждэг.

Дэлхий дээрх амьтад анх усанд л үүсэж, усан дотор л хувьсаж хөгжсөн. Амьтан, хүнийг бурхад бүтээсэн бус ус л бүтээсэн юм гэж хэлж ч болно.

Нуур, тэнгис, далайн гүнд, ёроолд ургадаг тэжээллэг, анагаах чанартай ургамал, хөвд, мөөг, замаг мэтийг ашиглах талаар бараг анхаарахгүй байна. Амьтны ертөнцөөс нь зөвхөн загасыг ашигладаг гэхэд хилсдэхгүй.

Тэнгис, далайн өгөөжийг зохистой арга хэлбэрээр, зохих тоо хэмжээгээр ашиглах аваас хүн төрөлхтөн хоолоор дутагдах учиргүй билээ. Дэлхий дээрх хамгийн том амьтад, хамгийн жижиг амьтдаар далай, тэнгис тун ч баян. Олон арван тонн жинтэй аврага том халим, олон арван саяараа бужигнан хөвөх олон зүйлийн жижиг амьтад бүгд л хүмүүсийн хувьд хоол шүү дээ. Нуур, тэнгис, далайгаа унаган төрхөөр нь, цэвэр ариунаар нь байлгаад л байвал тэр их хоол мөнхөд байсаар л байх болно. Гэтэл ихэнх улс орон, хүмүүс далай, тэнгисийг хогийн сав мэтээр үзэх нь хэвээрээ л байна.

Номхон далай гэхэд л мөн ч том сав, мөн ч аугаа их баялгийн уурхай билээ. Зарим хэсгээрээ 10.000-12.000 метр гүн энэ том сав бол шууд утгаараа эрдэнэсийн сан хөмрөг юм. Их далайнуудын гүнд халуун, бүлээн устай хэсэг ч олон, том гол мөрөн адил хүчирхэг урсгалууд ч бий, эргүүлэг, цүнхээл ч олон. Вермутын гурвалжин гэхэд л гайхамшиг, нэгэн том таавар. Далай доор газар дээрхээс ч илүү олон, илүү урт агуй, хонгилууд бий.

Далай дахь том, хүчирхэг урсгалуудыг ашиглан цахилгаан энерги үйлдвэрлэх боломжтой. Далайн уснаас бүх төрлийн эрдэс, минералыг ялган авч болно.

Далайнууд дахь нууцуудыг таних, тайлах аваас газар дээрх олон нууц илхэн болно, автоматаар тайлагдана. Ялангуяа амьдралын үүсэл, хувьслын нууцын олон түлхүүр далайд байгаа. Тэнд амьдралын үүсэл, хувьслын амьд музей бүхий л үе шатаараа оршин буй. Урт наслах, дахин залуужихын нууцыг далай дахь нялцгай биетэнгүүд хадгалдаг гэх үзэл, таамаглал ч бас байдаг...

Хог, хаягдал бол газар дээр хүмүүсийн буй болгосон хортой бүтээгдэхүүн. Далай, тэнгист хог, хаягдал гэж үгүй. Энэ бол байгалийн бүтээсэн битүү, цэвэр тогтолцоо.

Хүмүүс энэ байдлаас жишээ авч хуурай газар дээр амьдралыг мөн л хог, хаягдалгүй битүү, цэвэр, орчин, өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг тогтолцоо болгож хувиргах хэрэгтэй байна. Эсрэг тохиолдолд хүн төрөлхтөн хог, хаягдалдаа дарагдаж, хорлогдож сөнөх болно.

Монголын өнөөгийн нийгмийн жишээ гэхэд баялгаа хамгийн тэнэг байдлаар сүйтгэж, дашрамд нь цөөн хүмүүс, гэр бүл баяжиж, үлдэх хэсэг нь олон зүйлийн хүчирхийлэл, хуурамчлалд өртөж, хууртаж, хэлмэгдэж, авилга гээч альбин чөтгөрт цусаа соруулсаар, ядуурч сульдсаар, итгэл бүхнээ алдаж солиороход хүрээд байна. Монголчууд “эзэн нь хичээвэл заяа хичээдэг” гэж ярьдаг атлаа ядаж л авилгыг нийгмийн амьдралаас хөөж зайлуулах хэрэгт том, багагүй ер хичээхгүй байгаа болно.

Тэг тэгсээр дээр дооргүй бүгд л авилга авч, өгөхгүйгээр амьдрах боломжгүй гэдэгт 100 хувь итгээд “Бүгд Найрамдах Авилгажсан Монгол Улс” хэмээн нэр, хаягаа сольж ч магадгүй болчихоод байна. Хүмүүс бид мөн ч тэнэг юм даа!

 

 

 

Судлаач, профессор Д:Чулуунжав