Хүн хэмээх хомо сапиэнс зүйл амьтан үүсээд 100 мянган жилийн турш сүргээрээ хоол унд хайн нүцгэн шалдан тэнүүчлэн амьдарсаар иржээ. Хоолоо олж идэх, үүр овоохой олох, хүч чадал зэргээрээ бусад араатнуудтай харьцуулахад нэлээд доогуур төвшнийх. Бар, арслан амьтан барьж идээд гэдэс цадан явсны дараа үлдэгдэл дээр нь жижиг махчин ирж зулгаана.

Тэдний дараа махчин шувууд ирж ясыг нь цайртал хувхайлна. Хөөрхий хүн ээлжээ хүлээн нуугдан отно. Хэн ч тоохоо больсон мөлжүүргүй хувхай ясан дээр хүн сүрэг очно доо. Эдгээр амьтадаас ялгаатай нь тэд ирлэсэн чулуутай. Хүний өөрийн гараар хийсэн анхны багаж. Энэ багажаараа ямар ч махчны дийлээгүй чөмгийг хагалж хооллоно. Юваль Харари дэлхий даяар алдаршсан номондоо ингэж дүрслэсэн байдаг.

40 мянган жилийн өмнө л тэдний зарим нь төрлөх Африкаасаа гарч нүүжээ. Хэдэн мянган жил өнгөрөхөд тэд дэлхийн бүх цэгт очиж суурьшсан байх юм. Алс Австрали, Хойд туйл, Бразилийн ширэнгэ, Номхон далайн үй олон арал, Химлайн цаст өндөрлөг, Сахаарын цөл… Тэдний очоогүй газар энэ бөөрөнхий дэлхийд бараг үлдсэнгүй. Хэр баргийн нян тэсдэггүй Химлайн нурууны зургаан мянган метрийн өндөрт төвд хүн, сарлаг хоёр л дажгүй амьдардаг гэсэн.

Одоогоос долоо найман мянган жилийн өмнө дэлхий дулаарч мөстлөгийн эрин дуусахад ургамалын ертөнцөд асар олон мутаци гарч ирсний нэг нь буудай хэмээх зүйл ургамал. Байгалийн дүрмээр ургамал үрээ салхинд хийсгэн цуцдаг атал энэ хачин ургамал хальсаа хийсгээд хүнд жинтэй үрээ үргээдэггүй аж. Байгалийн хуулиар ийм ургамал урт насгүй л дээ. Харин хүмүүс үүнийг анзаарч тарьж эхэлсэн байна. Хүний түүхэн дахь хамгийн аугаа инноваци. Хөдөө аж ахуйн хувьсгал ч гэж нэрэлдэг. Яг ийм төстэй үйл явдал өнөөгийн өмнөд хятадад тохиож хүмүүс тэнд тутрага тариалах болов.

Хүн газартай нягт холбогдсоноос болж хоол эрж нүүдэллэх шаардлагагүй болов. Ингэж хотжил үүсжээ. Хүмүүс нэг дор үй олноороо нэг дор бөөгнөрөн амьдрах болсноор хот, усжуулалт, хэрэм хана, хооронд нь зохицуулсан хууль, үүнийгээ хэрэгжүүлэх төр, соёл зэрэг бий болсныг иргэншил хэмээн нэрэлдэг. Тойнбигийн тооцоолсноор хүний түүхэнд нийт 13 иргэншил буй болж байсан ба үүнээс өдгөө хятадын, энэтхэгийн, хэбрайн иргэншил үлдэж хоцорсон, харин өнөөгийн ертөнцөд давамгайлах болсон өрний иргэншил маш хожим буюу Дахин сэргэлтийн үед үүсчээ.

Иргэншил үүссэнээр хүн сүрэг өөрт нь урьд тохиолдож байгаагүй шинэ зовлонтой учирлаа. Эхнийх нь байгалийн гамшиг. Энэ нь газар хөдлөлт, үер, ган, цунами, галт уулын дэлбэрэлт, түймэр, уулын нуранги, мөндөр, түйрэн… гэх мэт. Энэ гамшигууд мэдээж иргэншлээс болоод үүсээгүй, гэхдээ ийм аюулд хүн урьд нь үй олноороо сүйрдэггүй байж. Нэг газар бөөнөөрөө шавааралдан амьдарч байгаагүй учир хүн байтугай амьтан ч байгалийн гамшигт хэр барагтай бол үй олноороо сүйрэхгүй. Визувын галт уул дэлбэрэлтэд бүрэн сүйрсэн Помпео хотын малтлагаас үзвэл хотын бүх иргэд үхсэн ч ганц сохор муур, нэг доголон нохойн цогцос л илэрсэн гэдэг. Ямар ч хүчтэй газар хөдлөлтөд амьтан ургамал зүйлээрээ сүйрдэггүй. Харин иргэншсэн хүмүүс өөрсдийн барьж босгосон барилга байгууламжид үй олноороо дарагдаж үхдэг. Газартайгаа амьдрал нь нягт холбогдсон суурьшмал иргэд үер болон ганд хамгийн түрүүн өртнө. Тариалангаа сүйтгүүлсэн тэд үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэн хиардаг бол, иргэншээгүйнүүд нь энэ гамшгаас хол.

Иргэншлээс болж үүсэн дараагийн том гамшиг бол дайн. Зуун мянган жилийн турш өлөн хоосон явж, байгалиас заяасан жимс, сэг зэм түүн сүрэглэж, их бодож хаяадаа сүргийн давамгайллаар зарим амьтан агнаж явсан хүн иргэншлийн хүчээр амьтан гэршүүлж, үр тариа тарин хүнсний нөөц хадгалах бололцоотой болжээ. Иргэншээгүй зэрлэгүүд нь энэ нөөцийг булааж авахын тулд хүн хоорондын анхны дайн тулаан үүссэн гэдэг. Иргэншил бол баялаг бүтээх аугаа эх үүсвэр.

Иргэншил хөгжихийн хэрээр соёл урлаг техник технологийн шинэ шинэ ололт буй болж, тэр хэрээрээ иргэншээгүй хэсгийн булааж дээрэмдэх оноолт улам арвижсан хэрэг. Хүн хоорондын сүйтгэл байгалийн аюулыг нэг бус удаа давсан. Монголчуудын аян дайнаар нийтдээ 40 сая хүн үрэгдсэн гэх. Дэлхийн нэдүгээр дайн 10 гаруй саяыг, хоёрдугаар дайн бүр 60 сая хүний амь насыг маш богино хугацаанд авч одсон гэдэг. 

Хүнийг үй олноор нь авч оддог гурав дахь том гамшиг бол цар тахал. Бас л иргэншлээс болоод хүн төрлөхтөн энэ гамшигт нийтээр өртсөөр ирсэн. Тэмдэглэгдэж үлдсэнээр анхны иргэншлийн галыг үүсгэсэн Египт, Энэтхэг, Хятадад эхний цар тахал болж хүмүүсийг үй олноор нь хиаруулж байсан байх юм. Вирус, бактери, шимэгч зэргээс үүдэлтэй эдгээр гоц халдварт өвчнүүд хот балгадад олноор суух иргэншсэн ертөнцийн хүн амыг бөөнөөр нь устгаж байлаа. МЭ-ий 165-180 онд бодоо өвчний цар тахлаар 5 сая хүн, 541 онд тархсан тахлаар 50 сая хүн, XIII зуунд Европт дэлгэрсэн хар тахлаар 200 сая хүн, 1520 онд Евроазид тархсан бодоо өвчнаар 60 сая, 1800-аад оны үеийн шар чичиргэнэ өвчнөөр 150 сая хүн, 1918-1919 оны испани томуугаар 50 сая хүн үрэгдсэн гээд тоймтой хэдийг нь тоолоход ийм байна. Хүний зүйлийг үй олноор нь сүйрүүлж цар тахал болдог гол өвчнүүд: Хумхаа (malaria), Бодоо (smallpox), Тахал (plague), Балнад (typhus), Хижиг (cholera), Чичиргэнэ (fever), Уяман (lepresy), Томуу (flu) гэх мэт. Эдгээр нь ерөнхий нэршил, дотроо цааш олон хуваагдаж ангилагдана.

Эхний цар тахлууд тухайн иргэншлийг л нөмөрдөг байсан бол хөгжлийн явцад худалдаа, тээвэрт үндсэн эргэлт гарснаар тив алгасан иргэншээгүй иргэдийг ч хамрах болжээ. Америк тив нээгдэхээс өмнө Өмнөд болон Төв Америкт 50 сая орчим хүн амьдарч байсан гэнэ. Тэнд Мая, Ацтэк, Инкийн эртний хүчирхэг иргэншлүүд ч оршиж байлаа. Испани португалийн колончлогчид тэнд огт таниж мэдэхгүй өвчнийг нь халдааснаас болж индианчууд хуйгаараа үхсэн гэдэг. Албаар биш байх л даа, чааваас.

 

Монголын өндөрлөгт лавтай хэдэн мянган жилийн турш нүүдэлчид амьдарсаар ирсэн. Ихэнх нутгийг нь говь цөл эзэлсэн энэ нутаг нь хуурай, ургамал амьтан гэсэн биологийн төрөл зүйлээр тун ядмаг, эрс тэс уур амьсгалтай. Ийм газар нутаглагсад гагцхүү ан гөрөө хийгээд нүүдлийн мал аж ахуй эрхлэхээс өөр гарцгүй. Нүүдлийн мал аж ахуй нь маш өргөн бэлчээр шаарддаг. Иймээс бэлчээр нь малын тоо толгойг, малын тоо нь хүн амынхаа тоог хязгаарлана. Тиймээс Монголын өндөрлөгт ХХ зуун хүртэл нэг саяас дээш хүн ам амьдран сууж байсангүй. Чухам энэ шалтгаанаар Хүннү, Жужуан, Түрэг -ээс эхлээд хожмын торгууд нарыг хүртэл бэлчээрийн хомсдолоос болж миграци дүрвэлт тасарч байгаагүй. 1960-аад оны эх хүртэл буюу нэгдэлжих хөдөлгөөн гэх хүмүүсийн малыг хүчээр хурааж хамтралжуулах хүртэл нүүдэлчин монголчуудын амьдралын хэвшил мянган жилийн өмнөхөөс төдийлөн ялгаагүй байлаа. 1960 онд монголчуудын хүн ам анх удаа нэг сая болсон ч нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ 1,5 ам км ноогдож байсан нь дэлхийн хамгийн сийрэг хүнтэйд тооцогдож байв.

Дээр өгүүлсэн байгалийн гамшиг, дайн гамшиг, цар тахлын гамшигт түүхэндээ хэзээ ч өртөж бөөнөөрөө хиарч байгаагүй цөөн үндэстний нэг нь монголчууд болов уу. 1907 оны газар хөдлөлтөд хичнээн хүн үрэгдсэн нь мэдэгддэггүй, юутай ч 10 хүнээс хэтрээгүй байх. Тэнд цуурсан газрын гав л үлдсэн. 1966 оны Могодын газар хөдлөлтөөр Могод сумын бага сургуулийн шавар байшин нурсан, харин үхсэн байтугай шархтсан хүн ч гараагүй. Талын түймэр, түйрэн цаг үргэлж тохиолддог авч нэгэн зэрэг нийт нутгийг хамардаггүй болохоор сийрэг суудаг хүн ард нийтээр өртдөггүй. Хамгийн том гамшиг учруулдаг юм бол ган, зуд. Гэхдээ ийм гамшгийг хагас зэрлэг нүүдлийн мал даван туулах чадвартай. Бэлчээрийн монгол малын ашиг шим гэвэл мах сүү ноос ноолуур гэхээсээ, харин ч ийм эрс тэс уур амьсгалтай, өвс ургамал тачир газар төдийлөн маллагаа шаарддаггүй өөрөө өөрийгөө аваад явчиж чаддаг тэсвэр хатуужилтай үүлдрийг олон мянган жилийн хувьсал буй болгожээ. 1944 оны “аймшигт” зуднаар 25 сая малаас 4 сая нь хорогджээ. 2000 он гараад “сүйрэл заралсан” зуд, гангаар 8 сая мал хорогдсон. Гэвч үлдсэн “олонх” нь дороо үржээд 60 сая толгойд хүрсэн. Нийтийг хамарсан өлсгөлөн хэзээ ч тохиож байгаагүйн нууц нь энэ!

 

Дайн байлдааны хувьд нүүдэлчид том дайны хохирогчид гэхээсээ үргэлжид дайн байлдаан санаачлагчид, өдөөгчид, түрэмгийлэгчид байсаар ирсэн. Иргэншсэн орнуудыг дээрэмдэх, эд баялагийг нь булаах зэрэг нь дайны үндсэн шалтгаан байсаар ирсэн. Хятад, Перс, Лал, Загалмайн иргэншлүүд Төв Азийн нүүдэлчдийн түрэмгийллийн золиос болсоор ирсэн. Хүн цөөтэй нүүдэлчдийн дотор болоххэрүүл заргын байлдаан тулалдаан нэг талаас ихэнхдээ бэлчээрийн булаацалдаан байсан, нөгөө талаас гадагш хийх дайнд эзэлсэн орныхоо хүмүүсийг цэрэгт дайчлан олуул болж байсан болохоос дотроо овог аймгийн тулалдаан цөөн хүний оролцоотой тул үй олноороо хядуулж байгаагүй. Түүхэнд тэмдэглэгдсэнээр хамгийн олон золиос дагуулсан дотоодын дайн 1756-1757 онд Зүүнгарыг буулгах тулалдаан байжээ. Зүүн гарын хаант улс 600 мянган хүн амтай байснаа дайны дараа ердөө 150 мянган хүн үлдсэн гэдэг. Гэхдээ Зүүнгар гэдэг маань бага хэсэг нь ойрдын нутаг, ихэнх нь Шиньжаан Могиластаны нутаг, баруун тийшээ Ташкент хүрч байсан. Өнөөгийн Казахстан, Киргиз, Узбекстан, Шиньжаан Уйгар гэсэн үг. Тэгээд ч тулалдагч талуудын аль аль талынхан нь монголчууд өөрснөө байсан юм.

Төв Азийн нүүдэлчид хэзээ ч цар тахалд өртөж байгаагүй нь хүн амын хэт сийрэгжилттэй холбоотой. Хамгийн их аюул учруулж байсан нь бодоо, тарваган тахал хоёр. Лигдэн хааны их цэрэг Төвдийг эзлэх гэж яваад замдаа бодоо өвчинд хиаруулж байсан. Бөөгнөрсний л гай л даа. Ийм тохиолдол нүүдэлчдийн цэрэг дайны түүхэнд цөөнгүй тохиолдож байлаа. Тарваган тахлын хувьд гол үүсгэгч нь шимэгч бүүрэг гэх бөөс нь. Илүү хурдан тархдаг хэлбэр нь уушигны тахал. Гэхдээ хичнээн агаар дуслын замаар халддаг байгаад уул давахгүй нь мэдээж. Хөрш айл 20 км-ын цаана шүү дээ. Харин түүхэнд маш тод тэмдэглэгдэж Еюропын хүн амын 30-40 хувийг үхэлд аваачсан Хар тахлын уг үүсвэр, тараагчид нь монголчууд байсныг судалгаа харуулж байна. Ратус норвэгус гэсэн латин нэртэй харх тахал тарааж гэж олон жил үзэж байсан. Гэтэл монголчууд Хятадтай нийт 60 жил байлдахдаа маш олон хот тосгоныг байлдаан биш таравган тахал сүйрүүлжээ. Хятадад тархсан тахал Торгоны замаар дамжин Венец хүрч бүх Европыг сүйдэлсэн гэж тайлбарлаж байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар Венецид тахал аваачигч нь Торгоны зам биш, Алтан ордоос Крым хүрсэн монгол дайчид гэнэ. Крымын хойгт венецийн худалдаачид олон байсан, тэд үүнээ төрлөх хотдоо аваачжээ.

Өнөөдөр Монгол улсад хүн амын ердөө 15 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Хүүхэд чавганцаа оруулаад шүү. 2010 оноос Улаанбаатар нь дэлхийн саятан хотод бүртгэгдэх болсон. Хүн амын маш олон хувь нь нэг хотдоо төвлөрсөн орнууд гэхээр Унгар, Аргентин, Дани гэж тоолдог байлаа. Эдгээр орнуудад хүн амын 30-35 хувь нь нийслэлдээ оршин суудаг. Гэтэл эднийг гэнэт Улаанбаатар давдаг байгаа! Энэ хотод нийт хүн амын бараг хагас нь оршин сууж байна. Нэгдэлжих хөдөлгөөн гэгчээс болж малаа хураалгасан нүүдэлчид амьдрахын эрхээр нийслэл рүүгээ дүрэвсээр Улаанбаатар анх удаа 1960 онд 100 мянган оршин суугчтай болсон. 1990 онд 520 мянга, одоо 1 сая 350 мянга. Үүний зэрэгцээ 100 мянган хүнтэй Дархан, 60 мянган хүнтэй Эрдэнэт, 20-оос дээш мянган хүнтэй олон аймгийн төв, тэрбайтугай 15 мянган хүнтэй Хархорин, Зүүнхараа зэрэг сумын төвтэй болжээ, Монгол орон. 500 орчим суурин хот, тосгонтой. Эртний дэлхийн аль ч иргэншсэн оронтой харьцуулашгүй илүү төвлөрсөн хотожсон улс. Өөрөөр хэлбэл дээр өгүүлсэн иргэншлийн гурван том гамшигт өртөмхий газар болж хувирсан. Ийм гамшигт үй олноороо сүйрч болох аюул хажууд ирлээ гэсэн үг.

Нийтийг хамарсан анхны гамшиг бол 1966 оны Туул голын үер. Хот тэр чигээрээ усанд автсан. Үхэж үрэгдсэний хувьд гайгүй ч нэг зуун мянга гаруй иргэнийг эд материал дүрвэлт нүүдлээр хэдэн сар зовоосон. Нийтийг хамарсан гамшгийн эсрэг нийтийн оролцоо хэрэгтэй.

 

Үүнийг ч монголчууд анх удаа ухаарсан. Туулын даланг хүүхэд хөгшчүүд оролцон богино хугацаанд босгосон. Хамтын үүрэг харицлага гэдгийг ч мөн л анх удаа биеэр мэдэрсэн. 1982 онд Улаанбаатарт болсон уулын үер олон хүний амийг авч одсон шүү. 

Одоо мэдэгдэж байгаагаар хоёр мянга орчим томууны вирус илрээд байна. Эдгээр вирусууд жил болгон, ялангуяа өвлийн улиралд дэлхийгээр нэг тарж маш олон хүмүүсийн амь насыг авч оддог. 1940 оноос томууны вакцин үйлдвэрлэх болсон ч тухайн өвөл аль төрлийн томуу айлчлан ирэхийг зөвхөн тааварлаж л болно. Гэхдээ томуу тэр болгон цар тахал болдоггүй. Айхтар тахал тараасан нь 1918 оны испани томуу, хонгонг 33, сарс, мэрс гэх мэт. Испани томуугаар 50 сая хүн, зарим нэгний тооцоолсноор 100 сая үхүүлсэн гэдэг. Тэр үед Хойд Америк, Европ дахь цар тахал бүртгэгдсэн болохоос бусад газар хичнээн хүн үрэгдсэнийг зөвхөн таамагладаг. 

Цар тахлаас хэдэн зуун жил ангид байсан монголчуудын амьдралын хэвшил өдгөө шал өөр болсон. Дэлхийн хамгийн том төвлөрсөн хотуудын жагсаалтад нэгэнт багтсан Улаанбаатар мөн л тэр утгаараа цар тахалд өртөх хамгийн эрсдэлтэй газрын нэг болсон. Томууг вакцинаас өөр юу ч хамгаалж чадахгүй. Үгүйдээ л анагаах ухааны өнөөгийн төвшинд. Антибиотик нээгдсэнээр бактерийн гаралтай олон өвчнийг ялан дийлсэн. Гэтэл дан нуклейний хүчлээс тогтсон, амьд организм мөн эсэх нь эргэлзээтэй вирусын эсрэг бидний барих зэвсэг ганцхан вакцин. Вакцин гэдэг нь үнэн хэрэгтээ өвчин үүсгэгчийг хүний өөрийнх нь дархлааны системээр устгах арга. 

Арилжааны зорилгоор, улс төрийн шалтгаанаар, хуйвалдааны онолоор вакцинд хамрахгүй байх суртал нэвтрүүлэг их явагдаж байна. Ухамсар боловсрол дорой, эсвэл хуйвалдааны онолд хэт “баривчлагдсан” олон хүмүүс энэ ятгалгад автаад байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатарт 480 мянган хүн вакцин тариулаагүй байна гэсэн. Одоо арай цөөрсөн байх, гэхдээ л тариулахгүй гэж гүрийж буй гар цөөнгүй бололтой. Энэ бол нийгмийн эсрэг хорлон сүйтгэл. Цөөн хүнтэй монголчуудын хувьд нийтээр вакцинд хамрагдах нь харьцангуй амар. Техник технологи анагаах ухаан нь хадандаа гарсан орон байлаа ч тэрбумаар тоологдох хүн амтай бол нийтээр вакцинжуулахад ямар их бэрхшээлтэй нь ойлгомжтой. Үүнтэй харьцуулахад гурван сая хүнийг вакцинжуулах нь хүүхэд нохойн наадам. Гэвч нийгмийн дайснууд бусдыг хорлохын тулд тариулалгүй “сүпэр халдаагч” байсаар байх болно гээд зөрүүдлээд байх юм бол санасан үр дүн гарахгүй. Хүмүүний эрх гэдэг нэг ойлголт, нийгмийг хорлон сүйтгэх гэдэг тусдаа өөр ойлголт шүү.

Одоо үйлчилж буй Монгол улсын Үндсэн хууль иргэдэд үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийг бүрнээ зөвшөөрөх байтугай дэмжих боловч дайн, үндэстэн болон шашин, хүйсээр ялгаварлан гадуурхах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах зэргийг сурталчлан, уриалан дуудахыг хориглодог. Нийгэмд зориудаар гоц халдварт өвчнийг тархаах зорилгоор сурталчлах, уриалан дуудахыг харин яадаг юм бол?

 

 

Баабар

 

2020.5.5