"Суварган цэнхэр уулс" киноны сурвалжлагч бүсгүйг та бүхэн хэдийнээ танина. Солонго хэмээх сурвалжлагч бүсгүйн дүрийг “Монголжин” студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг гэдгийг андахгүй ээ.

Тэрбээр "Тэмцлийн оч",  "Мэлмий",  "Вансэмбэрүү", "Фронтод явах өргөдөл",  "Сахиул уу, сахиус уу",  "Хээн Хуар",  "Тойрох хуудас" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Түүний тоглосон дүрүүд өдгөө ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон.

Түүнийг оюутан байхад нь “Эх бүрдийн домог” киноны Нарангарвууд тоглуулах хүүхдийг хайгаад киноныхон сургууль дээр ирсэн гэдэг.  Тэр үеэр  УГЖ М.Бадамгарав гуай Н.Батцэцэг рүү  дөхөж ирээд шүлэг уншдаг уу, дуу дуулдаг уу, урлагийн ямар авъяастай вэ хэмээн олон зүйл асууж байжээ. Тэгээд хэд хоногийн дараа Кино үйлдвэр дээр ирж сорилтод ор гэсэн байна. Ийн тэрбээр очиж шалгуулсанаар тэнцэж тоглож байсан удаатай. 

Хожим нь М.Бадамгарав гуай Ж.Бунтар найруулагчид, "Миний олж ирсэн хүүхэд тэнцэнэ ээ гэж би хэлээгүй юу" гээд инээж байж билээ. Тэр сайхан хүн намайг кино руу хөтөлж хувь заяаг минь өөрчилсөн юм" гэж гавьяат нэгэн ярицлагадаа дурдсан байдаг.

Түүнтэй хамт зургаа авахуулсан эрхэм бол хорь гаруйхан насандаа Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж Төрийн соёрхолтоор шагнуулж байсан МУГЖ Ц.Төмөрбаатар. Түүнийг бид Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн том хүү гэдгээр нь сайн танина.

1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгссөн. Тэрбээр ах дүү долуулаа бөгөөд тэдний дөрөв нь урлагийн төлөө зүтгэж өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй улс.

"Хүний амь", "Говь Хянганд тулалдсан нь", "Мандах нарны туяа", "Төрийн сүлд өршөө", "Үхэж үл болно-Чингис хаан", "Сайн байна уу, амьдрал минь","Боолын гэрээ", "Фронтод явах өргөдөл", "Ирэх хаврын цэцэг", "Хүний хүү", "Үлгэр дууссан хойно", "Амьдралын нахиа", "Ээждээ үнсүүлэхсэн" зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн ахмад жүжигчдийн нэг.


Д.Ана