С.БАТЗАЯА

Энэ гарчгийг хараад “Төрийн дээр нам гараад суучихлаа” гэж сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэх болсон яриа таны санаанд бууж магад. Угаас улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг хэрэгжүүлдэг учраас парламентын сонгуульд ялалт байгуулсан нам дөрвөн жил засагладаг. Тэд хэнийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагын тэргүүн болгох эсэхээ Удирдах зөвлөл, Бага хурал, Үндэсний бодлогын хороогоороо эхлээд шийдэж, дараа нь УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслээд явдаг. Парламентад суудалтай хоёр том намын хувьд ялсан намын дарга Ерөнхий сайд байхаар дүрэмдээ заасан. Энэ дүрэм улс төрийн тавцанд гажиж, өөрчлөгдөж байсан тохиол бий. Үүнээс үүдэж, улс төрийн тогтворгүй байдал бий болж, ялсан намынхан УИХ, нийслэл, орон нутагт хоёр талцаж, нам дотроо бүлэг, фракц бий болгож байсан үйл явдлын бэх бүрэн хатаж амжаагүй байна.

Тодруулбал, МАН 2016 онд үнэмлэхүй олонх болж, ялалт байгуулсныхаа дараа намын дарга нь Ерөнхий сайд болоогүйгээс улс төрийн тогтворгүй байдал үүсэж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар нь 1.2 жилийн настай байв. Энэ шийдвэрийнхээ горыг МАН-ын зарим удирдлага 2016-2020 онд хангалттай амссан. Одоо МАН энэ алдаагаа давтах уу, эсвэл алдаан дээрээ ухаажаад 100 жилийн түүхт нам цааш явах уу гэх сонголтын өмнө ирээд байна. Улс төрд найз байдаггүй, мөнхийн эрх ашиг бий гэж үг бий. Ийм байхад юун алдаагаа ухаарах, хэнд улс төрийн “тоглолт” хийж, рейтингээ өсгөж, албан тушаалд хүрэх боломж байна, түүнийгээ ашиглах нь чухал шүү дээ гэх нэгэн ч гарч магад. Улс төр гэдэг өөрөө эгнээгээр явдаг. 

Залуу, дунд, ахмад үеийн хэлхээн дээр явдаг энэ замналд улстөрчид түүчээлэх, манлайлах ёстой. Дээрээс нь ард түмний төрөө гэж хүндэтгэн мандатаа өвөртлүүлсэн улстөрчид улс төрийн тогтвортой байдлын төлөө байж, үүргээ ухамсарлах ёстой. Иймийн учир эрх баригч намын тамга У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэд шилжих учиртай гээд буй юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тамга У.Хүрэлсүхээс Л.Оюун - Эрдэнэд шилжээд таван сар болж байна. Нэгэнт У.Хүрэлсүх төрийн Тэргүүн болж буй учраас намаасаа түдгэлзэнэ.

Тэрбээр маргааш Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөсөө өмнө намын тамгаа генсек Д.Амарбаясгаланд дараагийн намын дарга тодортол шилжүүлж, үүрэг гүйцэтгэгчээр томилно гэх мэдээлэл байна. Энэ хүрээнд МАН-ын Бага хурал маргааш өглөө 10.00 цагт товлогдоод байгаа юм. Нэг ёсондоо, долдугаар сард 100 жилийн түүхтэй намын дараагийн дарга хэн бэ гэдгийг тодруулах марафон МАН-ынхны дунд ил, далд өрнөнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 хоногийн үеэр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ерөнхий сайд, намын дарга байх ёстой гэж манай намын дүрэмд заасан. Энэ дагуу журмын нөхөд маань намайг намын дарга болгож, эрх мэдлийг бүтэн өгөх байх” хэмээж байв. Гэхдээ энэ санаснаар шийдэгдэх хялбар зүйл биш. У.Хүрэлсүхийн дараа хэн намын дарга болохоос шалтгаалж, МАН 2024 онд сонгуульд ямар багаар хэрхэн оролцож, амжилт үзүүлэх эсэх шалтгаална.

Наанадаад Засгийн газрын хувь заяа ч яригдах учир Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас МАН -д албан бусаар намын даргын төлөөх тэмцэл хэдийнэ өрнөчихсөн. Эх сурвалжийн өгүүлсэн МАН дотор 2-3 талцал үүссэн гэх мэдээлэл анхаарал татав. 2017 оны намрын улс төрийн тогтворгүй байдал бий болгохгүйн тулд эрх баригчид хоёр сонгууль дамнан итгэл хүлээлгэсэн ард түмний сонголтыг, найдварыг хөсөрдүүлж болохгүй юм. Ялангуяа 100 жилийн түүхтэй улс төрийн хүчинд шүү дээ. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын сүүдэрт монголчууд нэрвэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа энэ цаг үед засаг төр тогтуун байх нь юу юунаас илүү чухал байна. Тиймийн учир энэ Засгийн газарт итгэл хүлээлгэж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах зайлшгүй шаардлага бий. Нэгэнт цагаан дээр хараар эрх баригч намын дүрэмд “...Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан учраас Л.Оюун-Эрдэнэд энэ эрх мэдлийг нь өгч байж, тэрбээр одоогийнхоосоо хүчтэй болно.

Хэрэв 2016 оных шиг намын дарга биш Ерөнхий сайдтай байвал МАН Засгийн газраа огцруулах ойрын зовлонд унана. Энэ зовлонгийн төлөөс өдөр ирэх тусам муудаж буй эдийн засгийн үзүүлэлт, ард түмний амьжиргаа, худалдан авах чадвар, ядуурлаар илэрнэ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж чадаагүй “зовлон” ганц МАН-д тохиолдож байсан юм биш. 

АН 2012-2016 онд засаглаж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ч.Сайханбилэг намын дарга биш Ерөнхий сайд байсан. Тэр хүчгүй Ерөнхий сайд байв. Яагаад гэвэл, түүнд бүрэн эрх мэдэл байгаагүй учраас аливаа шийдвэрт шийрэгнэсэн, хүйчгүйдэхийн зэрэгцээ зоригтой алхам хийхдээ хойрго байв.Нам нь УИХ-д олонх буюу 35 суудалтай байсан учраас 19 гишүүний гарын үсэг цуглуулаад, Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн мэдүүлж, хэрэв УИХ хэлэлцвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор шийдэх хууль, эрх зүйн орчин байсан учраас тэр биз. Хэдий Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт үл ялиг өөрчлөгдсөн ч нийт гишүүдийн 50+1 хувийн саналаар Засгийн газар огцрохоор байгаа. Тэгэхээр эрх баригчид ард түмэн гэдэг хамгийн том эрх ашгаа нэгдүгээрт тавьж, дотооддоо эв зүйгээ ололцож, Л.Оюун-Эрдэнэд бүрэн эрхийг нь олгох ёстой. Ингэж байж эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөр үргэлжилнэ. Ингэж байж 2024 онд МАН-аас хариуцлага нэхэж чадна. Улс төрийн тогтвортой байдал улсын хөгжил урагшллуулах учир Ерөнхий сайдад эрх мэдлийг өгсөн шиг өгөх зүйн хэрэг болоод байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН