М.Энхсайханыг хэлмэгдүүлсэн үнэн түүх
2021/07/05
Түүнийг буруутгасан гол асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 1/72 тоот албан бичгээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотой юм.
Энгийн логикоор бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй албан бичгийг албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол Ч.Сайханбилэгийг эхлээд шалгах ёстой байв. Тэр Монголд ирж уг асуудлаар тайлбар, мэдүүлэг өгөх шаардлага үүссэн, гэвч тэр гадаадад байв. Энэ бол хууль зүйн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан юм. Үүнээс өмнө хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй байлаа. Гэтэл үйл явдал эрх мэдлийн хүчээр эсрэгээрээ өрнөв.
Анхан болон давж заалдах шатны шүүх “Тавантолгой” төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг М.Энхсайханд шууд хамаатуулж, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж түүнд дөрвөн жил зургаан сарын хугацаатай хорих ял оноосон. Уг нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд л УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлж, гарын үсэг зурах ганц эрхтэй албан тушаалтан юм. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг алгасаж, Засгийн газрын нэг гингүүнд ял халдаав. Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан, давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магаддалд залруулга хийсэн юм. М.Энхсайхан нь УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй нь тодорхой, гэхдээ түүнийг хэргээс салгаж болохгүй тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай гэж шийдсэн. М.Энхсайхан нь ямар нэгэн захирамж, тогтоол, албан бичигт гарын зурсан зүйлгүй, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан, эцэстээ гэрээний төсөл боловсруулсан асуудал нь түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцоццох, дөрвөн жилийн хорих ял эдлэх гол шалтгаан болов. Байгуулагдаагүй, хэрэгжээгүй, ямар нэг бодитой үр дагавар үүсгээгүй гэрээний төслийг шүүн хэлэлцэж, хэрвээ энэ гэрээ хэрэгжсэн бол Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хохирол учрах байсан гэж үзэж ял шийтгэсэн. УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн олон удаагийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас боловсруулсан улс төр, эдийн засгийн бодаого, томоохон төслийн асуудоыг Монгол Улс эрүүгийн шүүхээрээ шүүж, ял шийтгэсэн асуудал бол УИХ, Засгийн газрын улс төр, эдийн засгийн бодаого тодорхойлох эрх мэдэлд шууд халдсан хэрэг юм. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж хэлэхээс өөр аргагүй. Улс төрийн бодоогын асуудал алдаатай бол түүнд бодаогын өөрчлөлт хийх, шинэ бодлого дэвшүүлэх замаар шийдвэрлэдэг болохоос улс төрийн бодаого тодорхойлсон хүмүүсийг эрүүгийн шүүхээр шүүж, яллах гэдэг бол ардчиллын зарчимд огт нийцэхгүй.
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсэг болон өөрсдийн үзэл бодлыг аялдан дагалдаагүй нийгмийн хэсгийг залхаан цээрлүүлэх, егүүтгэх, баривчлах, цагдан хорих, тарчлаан зовоох, ялгаварлан гадуурхах, мөрдөн хавчих, хилс хэрэгт тулган шийтгэх, айлган сүрдүүлэх, мөн үй олноор нь хоморголон устгах, нийгмийг айдас хүйдэст автуулах, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс (төрийн эрх мэдэл авсан хэсэг хүмүүс) хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагааг хэлдэг.
Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий энэ гаж үйлдлийг орчин үед сэтгэцийн өвчин гэж үздэг болсон. Энэ нь байнга хэн нэгэн хүнийг хардаж сэрдэн, устгах, зайлуулах талаар бодож, хувь хүнийг эрх мэдлийн хүчээр нухчин дарж хэлмэгдүүлэх, хүн зовоож эрх мэдлийн амт таашаал мэдрэх, өрсөлдөгч нараа болон үзэл санаа нийлээгүй хэсэгт улс төрийн дарамт шахалт үзүүлэх, өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсийн амьдралыг тэвчихийн аргагүй болгох, хилс хэрэг тулгаж шийтгэх, хүнийг “амьдын там”-д унагах, бусдыг дарамтлах, хууль бусаар тагнах, эрүүдэн шүүх, элдэв янзын хонгил, схем бодож зохиох, бусдыг тарчлаан зовоох, эрх мэдэл, нэр төр хөөцөлдөх, түүндээ донтох, шүүмжилсэн, үг хэлсэн хүнийг гадуурхах, мөрдөн хавчих, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт хийх, өөрсдийгөө хуулиас дээгүүр, гадуур гэж бодож, нийгмийн оюун санааг бүхэлд нь хүчирхийлэх, нийгмийг айдас хүйдэст автуулах, эрх чөлөө, ардчилсан соёл, үнэт зүйлд дайсагнадаг бусармаг арга, шинж тэмдгээр гоц илэрдэг юм.
Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэддийн хүчирхийлэл гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялаг, эрх ашгийн төлөө эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болов.
Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд:
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шахирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд бүү тартагтун” гэсэн үг сийлсэн байдаг.
Түүхээс сургамж авч, эрх мэдэл, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийллийг хугацаа алдахгүй, нэн даруй таслан зогсоож, дотроо эв эеийг хичээж чадахгүй бол гашуун түүх давтагдаж эхлээд байна.
Түүхэн нөхцөл байдал хэвээр байгаа тохиолдолд дахин давтагддаг. Харин хоёр дахь удаагаа давтагдахдаа илүү хоржоонтой байдаг гэсэн үг бий. Болж өнгөрсөн үйл явддын түүхээс үлдэх чухал зүйл нь сургамж байдаг. Түүхээс сургамж авч чадвал түүх давтагдахгүй. М.Энхсайханы эрүүгийн хэрэг бол шинэ зууны Монголын анхны улс төрийн хилс хэрэг болно.
МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧ НАР ЯМАР ДҮГНЭЖ ГАРГАВ
Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн, эдийн засагч нарын дүгнэлт харин бодитой, үндэслэлтэй гарсан юм. Шинжээчийн 2019 оны аравдугаар сарын 19-ний дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурдах нь зүйтэй” гэдгийг онцолсон байдаг.
Мөн шинжээчийн дүгнэлтэд “...Хэрэв Тавантолгойн уурхайгаас жилд 30 сая тн нүүрс олборлож, боловсруулах, төмөр замын тээврээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байсан бол доорх давуу талууд үүснэ. Үүнд:
-Нүүрсээ боловсруулж, угааж өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана.
-Төмөр замаар тээвэр хийхэд өртөг зардал буурна.
-Сул чанартай нүүрсний олборлолт хийгдэнэ. (Одоогоор олборлохгүй орхиод байгаа)
-Нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээ гэрээнд заасан 30 сая тн нүүрс олборлож, 20.5 сая тн баяжуулсан нүүрс борлуулах хүчин чадалд хүрч нэмэгдэнэ.
-О-давхаргын нүүрсийг олборлосноор хоосон орон зай үүсэж, энэ орон зайг ашиглан ТЭЗҮ-д төлөвлөсний дагуу дотоод овоолгод хуулсан хөрсийг буулгана, үүний үр дүнд өртөг зардал буурна.
-Нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, тоосжилтын хэмжээ багасах боломж бүрдэнэ.
-Төмөр замын тээврийг ашигласнаар нүүрсийг хилийн бүсэд дахин буулгах, ачих зэргээр хаягдал үүсгэх, тоосжилт босох зэрэг сөрөг нөлөө арилна. Улмаар авто тээвэр хийж олон жолоочийг тав тухгүй, хоол унд муутай орчинд ажиллуулж, амьдруулж байсан нөхцөл болон үүнээс улбаатай гэмт хэрэг, зөрчил гарч байсан эх үүсвэрүүд арилна.
-Тавантолгойн уурхайн Цанхийн баруун, зүүн хэсэг болон Ухаа худагийн ордуудыг нийлүүлж олборлох ТЭЗҮ боловсруулж, ашиглалт явуулснаар нийтдээ ордын өгөөж сайжирна.
-Эрчим хүчний нүүрсний борлуулалтын байдоаас шалтгаалж, Ухаахудаг дахь цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, эсвэл шинээр том хүчин чадлын станц барих төлөвлөлтийн асуудал үүсэж, шийдэгдэх боломжтой. Энэ нь дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна экспортлох боломж юм.
-Нүүрс борлуулалтын үнийн асуудал нэг цонхны бодоогоор шийдэгдэнэ.
-Хоёр болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас хараат үнийн асуудал багасна...” гэжээ.
Хэрэв М.Энхсайхан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдоаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн юм бол нийтийн ашиг сонирхолд нийцсэн, улс оронд давуу байдал үүсгэсэн ийм үр дагавар үүсэхгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр хэрвээ гэрээ хэрэгжсэн бол ийм давуу байдал үүсэх байсан гэж тогтоогдож байгаа нь энэ асуудал бол өөрөө гэмт хэрэг биш гэдгийг харуулж буй.
Албан тушаалаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдоын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдоийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдоээ хэтрүүлэхийг ойлгодог.
Шинжээчийн. дүгнэлтээр М.Энхсайхан нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон биш, харин түүний хариуцан боловсруулсан төслийн гэрээ хэрэгжсэн бол Монгол Улсад олон давуу талтай байжээ гэдэг нь хөдөлбөргүй тогтоосон юм. Харамсалтай нь, шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар ч шалтгаангүйгээр үнэлж үзээгүй.
УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНИЙ ОНЦГОЙ МЭДЭГДЭЛ
УИХ-ын чуулганы 2021 оны нэгдугээр сарын 21-ний хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд УХүрэлсүх "... Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж би хүсдэг... ҮАБЗ-ийн хурал дээр хэлж байсан ...та бүгд хэзээ нэг өдөр шалгагдана шүү, төрийн өмнө... Ерөнхийлөгчөө, би удаа дараа хэлсэн, удаа дараа сануулсан... тэр тусмаа Төрийн тэргүүн... та бид хонгил гэж баахан ярьдаг... би цаашид энэ ажлаа өгсний дараа Монгол Улсын хууль, дүрэм хэрхэн, яаж, зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх, прокурорын байгууллагад яаж дарамт шахалт үзүүлж байсан тухай баримт нотолгоотой ярина, хууль хүчний байгууллагууд ч өөрсдөө гаргаж ярих ёстой гэж бодож байгаа, зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж бодож байна... шударга ёсны төлөө хэн яаж хууль, дүрэм зөрчиж байсан талаар... Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа... Үндсэн хуулийн асууддаар Парламент дээр асуудал тавина гэж бодож байна... би ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд муу муухай зүйлийг чинь олон түмэнд дэлгэж тавина аа...” гэж, мөн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "... Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан, Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч хүн ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гээд үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт шаарддагыг биелүүлээгүй...” гэж хэлсэн нь ихээхэн анхаарал татсан мэдэгдэл болсон юм.
Шүүхийн тухай хуулийн 27.1-т “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасан. Уг заалт хэрэгжсэн бол М.Энхсайхан гэртээ сууж байх байлаа.
ХУУЛЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ, ХАРИН ЭРХ МЭДЭЛ ЭСРЭГ ТАЛД
Эрүүгийн хуулиар хэрэг явдал болох үед үйлчилж байсан хуулийг хэрэглэх журамтай юм. Тухайн үед 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль үйлчилж байв. 2002 оны Эрүүгийн хуулийн 263,264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдоаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал бодитой хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Иймд “Тавантолгой” төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн асуудал нь бодитой учирсан хохирол гэж байхгүй тул 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш байв.
Гэтэл шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг биш, 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэх нь М.Энхсайханд ашигтай гэж үзэж ял оноосон нь хүлээн зөвшөөрч боломгүй, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөнд илтэд харш шийдвэр юм. 2015 оны Эрүүгийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон байсан. Хэрэг гарах үед хуучин хууль, хэргийг шийдвэрлэх үед шинэ хууль үйлчилж байвал шүүгдэж буй хүнд аль ашигтай хуулийг нь хэрэглэх зарчимтай. Гэтэл хэрэг гарах үе үйлчилж байсан хуулийг харсан ч, шүүгдэгч иргэнд ашигтай хувилбарыг бодсон ч 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тодорхой юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт (Тавантолгойн гэрээний төсөл, автомашины хэрэг) ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашиггүй юм, харин 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашигтай байна гэж үзсэн. Рационал хандлагаар бол 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэх биш, харин гэмт хэрэгт тооцогдохгүй тул хоёр хэрэг хэрэгсэхгүй болох байв. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар бол албан тушаалын гэмт хэрэгт хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон тул харин М.Энхсайханд ашиггүй тусаж байсан. М.Энхсайхан ч 2002 оны Эрүүгийн хуулиар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж, уг хууль нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа гэжхэлж байв.
Харамсалтай нь, шүүх бол 2002 оны Эрүүгийн хууль танд илүү ашигтай гэж дүгнэсэн. Шүүхийн тайлбараар бол 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт яллагдаж, хоёр хэрэг нь хэрэгсэхгүй болж байснаас, 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт яллагдаж, дөрвөн жил шоронд суух нь М.Энхсайханы эрх зүйн байддыг дээрдүүлж байгаа хэрэг болж буй юм.
Хуулийг эрх мэдэлдээ тулгуурлан ингэж илтэд буруу тайлбарлаж хэрэглэнэ гэдэг бол Үндсэн хуульд заасан хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болно.
Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил. “Тоёота лексус-570” загварын автомашинтай холбоотой асуудал 2013 оны тавдугаар сарын 18-нд үүссэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд 1/72 тоот албан бичгээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлсэн, уг өдрөөс хойш таван жилийн хугацааг тоолбол 2020 оны дөрөвдүгээр сарын 23-наар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт ял шийтгэсэн юм.
Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол ял завших хэлбэр биш бөгөөд эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хэрэгсэхгүй болгодог зарчимтай. Энэ нь ямар ч хугацаа хязгааргүйгээр ямар ч хүнийг мөрдөн мөшгөх, шалган байцаах, яллах, шийтгэхээс, хэлмэгдүүлэхээс сэргийлэх, хүн санаатай оргон зайлаагүй, шалгах бүрэн боломжтой байхад уг хугацаа дууссан бол уг үйлдлийг нийгэмд аюулгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгодог зарчим.
Хууль хэрэгжиж, М.Энхсайхан шударгаар шүүгдсэн бол гэм буруугүйд тооцогдох бүрэн боломжтой байв. Харин улс төрийн оролцоо, нөлөө ихсэх, эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэх юм бол Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, ардчилал гэдэг “тунхаг” төдий “мөрөөдөл” юм гэдгийг харуулж байна. Эрүүгийн хариуцлагад татагдаж шүүхийн өмнө зогсохдоо хүн бүр төрийн машинтай нүүр тулдаг. Харин гэмт хэрэгт шалгагдаж буй хүнд хэрхэн хандаж байгаа, эрүүгийн шүүх ажиллагаанаас тухайн улс орон хувь хүний эрх, хууль дээдлэх ёсыг хэр хүндэтгэдэг болох нь харагддаг.
Бодит үнэн бол М.Энхсайханг шүүсэн ажиллагаа илт шударга бус, ялгаварлан гадуурхсан, хүний шударгаар шүүлгэх эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал юм. “Хаа нэг газар дахь шударга бус явдал бусад газрынхаа шударга байдалд заналхийлдэг” гэж Мартин Лютер Кинг хэлж байсан билээ. Монгол Улсын иргэн М.Энхсайханы зөрчигдсөн эрхийг сэргээх, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох асууддаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээ илэрхийлэх болно.
Д.Оросоо Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч
Зочин · 2021/07/08
2 эхнэр, 4 хүүхэдтэй, тамдаггүй баян нөхдүүд, бага хатных нь 2 охид олигархиудын хүүхдүүд сурдаг Орчлон 2-т сурдаг шт.
Зочин · 2021/07/06
Х.Баттулагын хийсэн ажил шүү дээ?? Хариугий нь хийх л хэрэгтэй??
Зочин · 2021/07/05
Бат · 2021/07/05
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний ,төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
зочин · 2021/07/05
өндөр боловсролтой улс төрийн тогоонд чанагдсан хүн гэж боддог түргэн гаргах хэрэгтэй дээ
Зочин гуай · 2021/07/05
Энхсайханыг З.Энхболд л eрөнхийлөгчид нөлөөлж хэлмэгдүүлсэн байх
Зочин · 2021/07/05
ter aldaa gargasan mongoliin esreg ajillasan ta 66 nastai hun iin balairahaa bolih heregtei. ta gerchgui gantsaaraa buh yumiig hiideg, tavan tolgoin ord... mine info... bugd shivshig