ХААН банкны хувьцааны 60 хувийг мэдэлдээ авсан цаад эзэн хэн бэ?

Монголын хамгийн том банкны хувьцааг худалдаж авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу...

 

Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Савада Холдингс" ХК энэ сарын 01-нд Япон улсын “Мета капитал” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент" хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа арилжсанаас үүдэн энэ асуулт улс төрийн хүрээнд эрчээ авч, бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг улам ширүүсгэлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “ХААН банкин дээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй биз" хэмээн чуулганы танхимд энэ сарын 04-нд улалзуулж, Б.Лхагвасүрэн сандрахдаа “Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан” гэсэн гэрээ байхгүй. Зөвшөөрөл олгогдоогүй" хэмээн УИХ-ын гишүүдэд худлаа хэлсэн удаатай. ХААН банк тойрсон улстөржилт ийнхүү улайсах зуур хэвлэлүүдэд Жүничи Хаттори гэдэг эрхмийн нэр ил болсон. Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс" корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан түүнийг “Упсипон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн талаар ч Монголын хэвлэлүүд мэдээлсэн.

 

Жүничи Хаттори хэмээх сонирхолтой намтар бүхий эрхэм 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт" гэдэг компани байгуулжээ. Тус компанийг хамтран эзэмшигчид нь Буд Шандас, Окуно Рико нар.

 

Буд Шандасын хувьд, 2018 оны аравдугаар сарын 12-нд бүртгүүлсэн бол Жүничи Хаттори, Окуно Рико нар 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Ваёо Эйрт” компанийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тухай мэдээлэл http://opendatalab.mn/search/573736?model=CFounder сайтад бий.

Харин Жүничи Хаттори 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флорид” ХХК-ийг Монголд байгуулсан байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх энэ компанийг “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна" гэж бүртгүүлсэн аж. Жүничи Хаттори “Ваёо флорид” компаниа анх байгуулахдаа өөрийгөө буюу ганцхан хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгүүлсэн. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан (гүйцэтгэх захирал)-аар Окуно Риког 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд бүртгүүлжээ. Японы цагны алдартай брэндийг үүсгэн байгуулагч Хатторигийн гэр бүлийн гишүүн Монголд юуны учир татагдав. ХААН банкны нийт хувьцааны 60 хувийг гартаа оруулсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн “үүр’’-ндээ үймэлдэх зуураа Жүничи Хатторигийн нэрийг хэвлэлүүдэд өгөөш болгон зарладаг нь сонирхолтой л хэрэг.

Окуно Рико гэдэг бизнес хамтрагчтайгаа “Ваёо Эйрт”, “Ваёо флорид” гэдэг хоёр ч компани байгуулсан Жүничи Хатторигийн Монголд эхлүүлсэн бизнес хронологийг хөвөрдвөл бүр ч сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Тодруулбал, ХААН банкны 60 хувийг хяналтдаа оруулсан хуйвалдааны бүлэглэлийнхэн гол технологио эндээс эхэлсэн байж мэдэхээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн” гэдгээ албан бичгээрээ нотолсон.

Үүнээс яг арав хоногийн өмнө буюу 2021 оны долдугаар сарын 16-нд Жүничи Хатторигийн байгуулсан “Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монголын гурван иргэн болох Амарсайханы Даваажав, Бадрахын Наранзаяа, Раднаагийн Бадрах нарыг нэмж бүртгүүлжээ.

 

Цаг хугацаа, үйл явдлын хувьд энэ анхаарал татах хэрэг биш үү. “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан схемийг санагдуулахгүй байна гэж үү!

“Сахал’’ Д.Эрдэнэбилэг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахын тулд Ц.Пүрэвтүвшин гэдэг 29 настай, хэн ч мэдэхгүй, бизнесийн түүх ч үгүй тэрбумтныг “төрүүлсэн”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “49 хувийнхан”-ы луйврын схемийг олон нийтэд ил болгож байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан нь тогтоогдсон тухай мэдэгдэж байв. Нэг ёсондоо, тэр их мөнгө Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорэшн’’-ий дансанд орж, “Кью Эс Си”, “Хээдвей Трейдинг’’, “Пик Девилофмент", “Канетик”, “Рийверстөүн”, “Юнайтед Энержи" зэрэг олон компанийг “өндөглүүлсэн” цаад эх сурвалж нь Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой нь нотлогдсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдээлсэн.

 

Эндээс харахад, ХААН банкны 60 хувийг нэг олигархи, нэг банк дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хяналтад оруулах хуйвалдаан яг ийм технологиор өрнөсөн аж. Хамгийн сонирхолтой нь Жүничи Хатторигийн компанид хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн гурван монгол хэний хүмүүс вэ. “Сахал” Д.Эрдэнэбилэг, хотын мэр Д.Сумъяабазар нарын байршуулсан нөхөд тэд мөн үү.

Тэгэхээр өрнөж буй үйл явдлаас харахад, ХААН банкны 60 хувийг хоёр япон хоорондоо наймаалцсан хэрэг огт биш байгаа биз. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын шоглосончлон ХААН банкны хувьцааг гадаадынхан өөр хоорондоо өгч, авалцсан юм бол дотоодынхон юуны учир сандралдаж, ээлж дараалан мэдэгдэл хийж, эрхэм гишүүнийг Асашёорюүгээр айлгаж, Монголбанкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд худлаа ярьцгаана вэ.

 

Б.Гэрэл

sonin.mn