Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2021 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16,17,18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч  суларна.