Банкны хувьцаа худалдан авах иргэдийн боломжийг инфляц “залгих” уу...
2022/02/14
-Банкны системийн нөлөө бүхий таван банк 700 тэрбум төгрөг хөрөнгийн биржээр дамжуулан босгоно-
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Банкны салбарын нөлөө бүхий таван гол тоглогч энэ онд өөрсдийн хувьцаагаа олон нийтэд санал болгоно. Дотоодын хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн түүхэн дэх томоохон үйл явдлын нэг энэ болох юм. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 90 хүртэлх хувийг дангаар бүрдүүлсээр ирсэн. Уг статистик үзүүлэлт сүүлийн 15 жилийн хугацаанд хэвээр хадгалагдсан. Өөрөөр хэлбэл, банкны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг жин дарсаар байгаа юм.
2021 оны эцсийн байдлаар банкны системд 40.9 их наяд төгрөг эргэлдэж, 2020 онтой харьцуулахад 4.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэхүү эргэлдэж буй нийт эх үүсвэрийн 85.5 хувь нь эхэнд дурдсан таван банкинд төвлөрч байна. Тав гэж хэн бэ. Үүнд, ХААН, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк багтдаг. Тухайлбал, Хаан банк 2021 онд 291.5 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 89.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Өнгөрсөн оны эцэст дээрх таван банкны татварын дараах ашиг 517 тэрбум төгрөг болсон байна. Банкны IPO хөрөнгийн зах зээлд хөгжлийн шинэ хуудас нээх учиртай. Энэ оны хоёрдугаар улирлаас банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож эхлэх юм. Банкууд нийт хувьцааныхаа 5-15 хувийг биржээр дамжуулан арилжаалах бөгөөд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ.Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд хөрөнгийн бирж дээр IPO хийх нь зөвхөн дотоодын гэлтгүй гаднын хөрөнгө оруулагчдад ч банкийг нээлттэй болгож байгаа. Гаднаас хөрөнгө татах нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх Монгол Улсын нэр хүндийг өсгөх, дотоодын бизнесийн стандартыг сайжруулах, дэлхийн сайн жишгийг нутагшуулах зэрэг олон ач холбогдолтой. Иймд санхүүгийн салбарт бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын хувьд гаднын хөрөнгө оруулагчдад нээлттэй байх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Мэдээж манай банкуудад Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргэн босголт, хөгжлийн банк зэрэг гаднын томоохон санхүүгийн байгууллагууд хувь эзэмшилтэй байдаг нь бусад хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болсоор ирсэн болов уу. Үүний зэрэгцээ банк олон нийтэд хувьцаагаа арилжаалснаар нэг эзний бус, олон нийтийн хараа хяналтад орно. Энэ нь банкны засаглалыг сайжруулахаас гадна тухайн банкны үнэ цэнэ бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны үнээр тогтдог болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк өөрөө өөрийгөө “сайн банк, том банк” гэж үнэлэх бус, энэ үнэлгээг олон улсын жишгээр зах зээл, зах зээл дээрх хувьцааны ханшийн хөдөлгөөн нь илэрхийлнэ” хэмээн системийн гол банкууд олон нийтийн өмчлөлд шилжсэнээр гарах ач холбогдлыг тодорхойлсон юм.
Бусад жижиг банкны хувьд хуулийн зохицуулалтаар заавал нээлттэй байх шаардлагагүй ч өөрийн саналаар нээлттэй болох боломжтой билээ. Үүний эхлэлийг Богд банк тавьсан. Тус банкны хувьд нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож, 30 тэрбум төгрөгийн хувьцааг арилжаалсан. Тэгвэл оны хоёрдугаар улиралд таван банк нийлээд 700 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлэх өрсөлдөөн эхлэх нь. Эдийн засгийн өсөлт удааширсан, инфляц хоёр оронтой тоонд хүрч, нийслэлд 14 хувь давсан, өрхийн худалдан авах чадвар муудсан зэрэг нь банкны хувьцаа иргэд, олон нийтэд хүрэх боломж тэр хэрээр хумигдах эрсдэл юм. Өөрөөр хэлбэл, жижиг хөрөнгө оруулагчид гэхээс илүү томоохон хөрөнгө оруулагчид банкны салбарын 700 тэрбум төгрөгийг бүрдүүлэхэд голлохоор эндээс харагдаж байгаа юм.2021 оны хувьд виртаул хөрөнгийн нэг хэсэг болох койны арилжаанд иргэд идэвхтэй оролцож, хоёр их наяд төгрөг эргэлдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс хэд дахин илүү байсан гэх таамгийг зарим судлаач дэвшүүлж буй. 2021 оны 10 дугаар сараас эхлэн койны зах зээлийн өсөлт уналт руу шилжсэн. Он гарсан цагаас койны ханш үргэлжлэн уналттай хэвээр байна. Маш олон иргэн уг зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн нь банкны IPO олон нийтийн дэмжлэг авахгүй, хувьцааны бүтэц дотор эзлэх хувь хэмжээ нь ч дорвитой өсөхгүй байхад нөлөөлж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, банкны IPO иргэдийн хувьд хүртээл багатай болж мэдэх талтай. Койны арилжаанд оролцоод мөнгөө алдсан эсвэл дараагийн өсөлт хүртэл хүлээхээр шийдсэн олон хүний хувьд банкны IPO хол. Энэ нь банк мөнгөний эрэлд гарах, томоохон дүнтэй хэлцэл бусадтай хийхэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, банкны хувьцааг авах бэлэн зах зээл, хөрөнгө оруулагч байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэрчлэн тухайн банкны хувьцааны үнэ хэдэн төгрөгөөр тогтох нь анхаарал татаж байгаа юм.
Инфляцын өндөр өсөлт иргэдийн хувьцаа худалдан авах боломжийг “залгиж” мэдэхээр байна. Үүнээс гадна өөр нэгэн асуудал бий. Шинэ хуулийн заалтын дагуу нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч таван хувиас дээш хувьцаа эзэмшигч нөгөө банкинд таван хувиас дээш хувьцаа эзэмшихийг хориглосон. Гэвч уг заалттай холбоотой маргаан үүсэхийг үгүйсгэх аргагүй. Үүнийг хэрхэн хянах нь Монголбанкны хувьд том ажил болж байгаа билээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН