Н.УУГАН 

Манай дэлхийн эдийн засгийн нийт хэмжээ 100 триллион ам.доллар. 100 их наяд ам.доллар гэсэн үг. АНУ энэ эдийн засгийн 20 хувийг, Хятад 15, Япон 5 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгвэл ойролцоогоор 13 тэрбум ам.доллар байдаг Монголын эдийн засаг үүний 0.013 хувь нь. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр манай эдийн засаг “40-ийн бидон”-д л багтчихдаг. 

Гэхдээ тэрхүү 40 литрийн бидоны маань ¼ нь уул уурхайн салбарт ногддог. Айлаар зүйрлэвэл орлогын маань дөрөвний нэг нь гадаад зах зээлээс шууд шалтгаалсан хэвээр байна. Гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдвэл бидний орлого нэмэгдэнэ, унавал уруудна. 2021 оны мэдээгээр экспортын 92 хувь нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, 83 хувь нь урд хөршөөс хамааралтай. Нийт импортоо харвал 40 хувь нь машин тоног төхөөрөмж, барилгын материал, төмөр ган эдлэл, хуванцар эдлэл, 32 хувь нь хэрэглээний бүтээгдэхүүн, 17 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 11 хувь эрчим хүч, химийн бүтээгдэхүүн. Нийт гадаад өр 27.1 тэрбум ам.долларт хүрсэн. 

Гадаад валютын нөөц Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан 12 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрээгүй буюу үндэсний хуримтлал хангалтгүй гэх зэргээр Монгол Улсын эдийн засагт таатай мэдээ тун ховор. Статистикийн үндэсний хорооноос өнгөрсөн долоо хоногт зарласан 2021 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр ДНБ 1.4 хувиар өсчээ.

 Ингээд 40 литрийн бидоноо бага зэрэг хальж, 43 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.6 их наяд төгрөгөөр өссөн дүн гарсан байна.Гэхдээ 2020 онд -4,6 хувиар агшсаныг санах хэрэгтэй. Харамсалтай нь, ДНБ өслөө гэтэл инфляц аль хэдийнэ 16 хувьд хүрч, өрхийн эдийн засаг эрчимтэй уруудаж эхэллээ. 2021 он бол дэлхийн эдийн засгийн хувьд сэргэлтийн жил байсан. Түүхий эдийн ханш урд өмнө байгаагүй өссөн нь манайх мэтийн уул уурхайгаас эдийн засаг нь шууд шалтгаалдаг орнуудад ковидоос үүдсэн хямралыг сөхөрч уналгүй даван туулахад дэм болов. 2022 онд ОУВС энэ сэргэлт үргэлжлэх хэдий ч төсөөлж байсан шиг хурдтай биш гэж үзсэн байна. 2021 онд дэлхий нийтэд инфляц нийтлэг өссөн бөгөөд ОУВС-гийн судалгаагаар ижил төстэй зүйл тогтол ажиглагдаж байна гэжээ. АНУ, Европ болон хөгжиж байгаа орнуудын хувьд инфляцыг хөөргөх гол шалтгаан нь нефть, хүнсний үнэ. Нефть импортлогч орнуудын холбоо ОПЕК-ийн зүгээс нийлүүлэлт дээрээ хязгаарлалт хийж, үнийг өндөрт барьж байгаа. Харин хүнсний хувьд нийлүүлэлтийн хомсдлоос гадна хилийн боомтууд дээрх гацаа түгжрэл үнэд нийтлэг нөлөөлөх шалтгаан болжээ. Манай улсын инфляцын 10 хувь нь шатахуун, хүнс, махны үнээс шалтгаантай хэмээн эдийн засагчид үзэж буй. Өрхийн хэрэглээний сагсан дахь 370 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний 200 гаруй нь импортын бүтээгдэхүүн байгаа нь инфляц дотоодын гэхээс илүүтэйгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна гэж тайлбарлаж байна. Зарим гол нэрийн барааны өнгөрсөн долоо хоногийн үнийг өмнөх долоо хоногтой харьцуулсан статистикаас харвал нийслэлд мах 0.6-1.2, шатахуун 1.7, цагаан будаа 1.3 хувиар өссөн бол өндөг, сонгино, гурилын үнэ бага зэрэг буурсан дүн гарчээ.

 Нийтээр нь өмнөх сарын дүнтэй харьцуулбал 0.5 хувиар өссөн дүн гарсан байна. Харин орон нутагт нийтдээ өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс инфляц энэ хавар биднийг “дээрэлхэх” тодорхой байна. Гэхдээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Өнгөрсөн жилийн сүүлчээр Төвбанкнаас инфляцын түвшин хавар 14 хувьд хүрэх төлөвтэй ч 2022 оны дундуураас буурна. 2022 оны сүүлээр бидний зорилтот түвшин буюу 6+-2-т дөхнө гэж мэдээлж байсан. 2022 оны нэгдүгээр сарын статистик мэдээнээс харвал инфляц Төвбанкны төсөөлсөн шиг эрчтэй буурахгүй нь. 

Эдийн засагчдын тайлбарласнаас боомтууд дээрх түгжрэлийг цэгцэлчихвэл нийлүүлэлт хэвийн хэмжээнд очиж, инфляцын түвшин дэлхий нийтээрээ буурна хэмээн таамаглаж байна. Гэхдээ манай улсын инфляцын гол шалтгаан болсон шатахууны үнийн хувьд цаашид буурна гэдэгт төдийлэн итгэлтгүй. Учир нь шатахуун импортлогчид өнгөрсөн оны 10-11 дүгээр сард алдагдалгүй ажиллахын тулд чөлөөт үнийн системд шилжиж, АИ-92 шатахуун литр нь 2350 төгрөгт хүрнэ гэдгийг хэлж байсан. Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд нефтийн үнэ дэлхийн зах зээлд өссөн. Дээрээс нь шатахуун экспортлогч голлох орнуудын улс төрийн тогтворгүй байдал ч нөлөөлж байна. Махны үнийн хувьд хаврын хомсдол үүснэ.

 Дээрээс нь өнгөрсөн жилийн шүлхий өвчний тархалт үхрийн махны үнэд багагүй нөлөөлсөн. Засгийн газраас махны үнийг тогтворжуулахын тулд нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулж, 13 мянган тонн мах нөөцөлж, гуравдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөөд буй. Мах бол дотооддоо бэлтгэж, зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн учраас харьцангуй үнийн зохицуулт хийх боломжтой зүйл. Энэ хаврын инфляцад голлон нөлөөлж байгаа гурав дахь хүчин зүйл хүнсний бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс шууд шалтгаалж буй. Юуны түрүүнд боомтын түгжрэл гацааг арилгавал нийлүүлэлт тогтворжих хэдий ч гадаад зах зээл дээрх үнийн мэдээллээр тийм ч сайн мэдээ хүлээх шаардлагагүй л болов уу. Төвбанкны хувьд энэ удаагийн инфляцыг эдийн засгийн тогтсон онол болсон бодлогын хүүг өсгөх замаар барих боломжгүй гэдгээ ч илэрхийлсэн.

 Учир нь, эдийн засгаа тэлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа үед Төвбанкнаас инфляцыг хязгаарлахаар бодлогын хүүг өсгөчихвөл зах зээл дээрх мөнгөн урсгалыг боомилно. Хэдийгээр энэ сард Төвбанкнаас 6 байсан бодлогын хүүгээ 0.5 нэгжээр өсгөсөн боловч энэ нь инфляцад төдийлэн нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид илэрхийлж байгаа. Энэ бүхнээс харвал эдийн засгийн сэргэлт, инфляц гээд бүх зүйл зөвхөн Засгийн газрын бодлогоос л шууд шалтгаалах нь. Эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлж, томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслүүд эхлүүлэхээр зарласан учраас энэ удаад инфляцыг хүчээр барьж тогтоох гэж хаа хаанаа зүтгэхгүй л болов уу.

Нийлүүлэлтийн гэх тодотголтой энэ удаагийн инфляцыг төрийн бодлогын түвшинд л зохицуулна гэдгийг эдийн засагчид ч онцолж байна. УИХ, Засгийн газрын түвшинд хийх зохицуулалтаар иргэдийн нуруун дээр ирэх ачаа хөнгөрөх үү, хүндрэх үү гэдэг шалтгаалах нь. Иргэд нуруун дээрээ хүнд ачаатай удаан тэсэхгүй гэдгийг бодлого боловсруулагчид маань хамгийн түрүүнд ухамсарлаж байгаа гэдэгт л итгэе. Тиймээс иргэдийн хувьд инфляцтай эвлэрч энэ хаврыг үдэх нь. Хамгийн гол нь цаашид хэвийн зүйл мэт хүлээж авах уу. Түр зуурынх гэж тайвшрах уу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН