Монголчууд маань Монголдоо л сайхан амьдраасай билээ!
2022/09/28
XXI зууны гучаад он (2021-2029 гэх утга) эхэлчихлээ. Дэлхий дахины нөхцөл, байдал, олон улсын харилцаанд шинэ үе мэндэлж байна. АНУ-ын, мөн долларын дангаар ноёрхолд цэг тавигдахнээ. Дэлхий дахин гэх том нийтлэг олон төвтэй болж байна. Доллар хэмээх цаасан мөнгө алтан зоос мэт байж чадахгүй боллоо. Ийм нөхцөлд монголчууд бид биеэ яаж авч явах нь зөв вэ?
Бид өөрсдийгөө одоо байгаагаар нь зөв ойлгох хэрэгтэй. Мөн өрөөл бусдад ч зөвөөр танилцуулах, сурталчлах ёстой. Ингэх нь бидний үндэсний ашиг, сонирхолд тустай. Дэлхий дахин биднийг сайн мэддэг байг.
Түүхийн сургамж юу билээ? гэж эхэлье. Нүүдэлчид, тэр дундаас монголчууд муу танигдсан, буруу танигдсан, бусадтай их хольж, солигдсон, эндүүрэгдэж байсан хүмүүс, угсаатан билээ. Хятадуудын “Ху” нар, оросуудын “Татаар” гэх нэрийн цаана олон хэлний нүүдэлчид байсан боловч муу, муухай бүхнийг нь ганцхүү монголчуудад нялзааж үздэг цаг үе, хүмүүс ч бас байжээ. Монголчуудад хандах, үнэлэх өөрийн гэсэн өвөрмөц, гэхдээ үнэнээс их хол байр, суурьтай судлаачид ч цөөнгүй байв. Чухам иймийн учир монголчуудын уг шинж, төрөлх шинжид үл нийцэхээр олон зүйл түүх мэт болж бичигджээ. Жишээ нь Модун шаньюгийн зан авир, үйлдэл (эцгээ хөнөөсөн, эхнэрээ харьд булаалгасан, хүлэг морио хөнөөсөн гэх мэт) эргэлзээ төрүүлдэг. Энэчлэн нийтийн тооллын өмнөх III зууны үеэс эхлэлтэй итгэхэд хэцүү, худал тал нь давамгайлсан “мэдээ, баримт” Сыма Цяны бичсэн түүхэнд ч олон бий. Харамсалтай нь нэн эртний тиймэрхүү худлыг залруулах, өөрөөр үзэх, нотлох боломж бараг үгүй юм.
Европчууд бүр XIV-XV зуунд ч гэсэн Төв Азийн нүүдэлчид, тэр дундаас монголчуудын талаар тун ч бага мэдлэгтэй, үнэнийг тусгасан мэдээллээр ч нэн хомс байжээ. Европын болон Азийн хүмүүс олон арван мянган жилээр хол, хөндий байсны учир нэг нь нөгөөгөө дахин нээх, шинээр танилцахад хүрсэн нь ч үнэн юм.
1298 онд бичигдсэн Марко Пологийн “Аялал” ном ч үүнийг гэрчилдэг. Геродот, Сыма Цян, Тойнби, Гегель, Маркс нарын хэн нь ч нүүдэлчдийг, тэр дундаас монголчуудыг цаг цагтаа бүрэн гүйцэд таньж, эргэлзээгүй үнэнээр нь тодорхойлж чадаагүй юм. Яг үнэндээ бол монголчуудыг төрөлх газар нутаг дээр нь таних, тодорхойлох боломж бусад бүх улсад олон мянганы туршид тун ч хомс байжээ. Суурьшмал ард түмнүүдээс ихээхэн алсад оршдог, тэгэхдээ бараг бүх талаасаа бусад нүүдэлчдээр хүрээлэгдсэн, байгаль-цаг уур нь хахир хатуу, хүн ам нь их сийрэг, олон хөлийн замаас хол, ус ургамал багатай, байнгын шахам нүүдэллэж аж төрдөг, харь орны мэргэжлийн жуулчид хүртэл Монголд ирэхэд ч хэцүү, удаан хугацаанд байхад ч хэцүү (наад зах нь дөрвөн улирлын хувцас хэрэгтэй), мөн буцаж харихад ч аюул осол ихтэй, хэлмэрч орчуулагч олоход ч бэрх, зам харгуй нь ч бартаа, саадаар дүүрэн байсан болохоор Монгол, монголчууд удтал оньсого, үлгэр, домог, гажуу зөрүүд мэдээ, ойлголтын бай болсоор л байжээ.
Нүүдэлчдийн бүтээсэн соёлын талаарх мэдлэг, мэдээлэл, баримт, жишээ, ном, тэмдэглэл, биет болон биет бус зүйлүүд бараг л зуун зуундаа устаж, үрэгдэж байв. Алдар суу ихтэй Хүннүгийн эзэнт гүрэн, залгамж нь болсон Сүмбэ, Нирун улсын нийслэл хотуудын туурийг ч малтаж, шинжилж чадаагүй байна. Кидан улсын үеийн монголчуудын талаарх мэдлэг, мэдээлэл мөн л хомсхон янзаараа, гажуудал, гуйвуулга ихтэй хэвээрээ байгаа болно.
Их Монгол улс болон Чингисийн эзэнт гүрний үе, мөн түүний дараах үеийн түүх ч гэсэн үнэнээс хол мэдээ, дүгнэлтүүдээр дүүрэн юм. Монголчуудыг хүнийх нь хувьд ч муу, муухайгаар гажуудуулан үзүүлсэн, гутааж доромжилсон түүхэнцрүүд ч цөөнгүй бичигджээ.
Монгол орны цаг уур эрс тэс, хахир, дөрвөн улиралтай, монголчууд нүүдэллэж явдаг, гэрт амьдардаг, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр голлож хооллодог, хөгшид, хүүхэд, эр, эмгүй морь унадаг, ихэнхдээ малын гаралтай түлш хэрэглэдэг, гэрийн сургалтаар хүүхдүүддээ боловсрол олгодог гэхчилэн олон олон өвөрмөц онцлогуудтай болох тул суурин иргэд, европ хүмүүс Монголыг ч, монголчуудыг ч ойлгоход үнэндээ бэрх байжээ. Энэ байдал нь бодитой бэрхшээлүүдийг үүдэж, олон янзын төөрөгдлүүдийг буй болгожээ. Гэхдээ тэдний төөрөгдөл бодит үндэстэй юм.
Нүүдэлчдийн тухай хятадуудын бичсэн зүйлс, зүүн европчуудын бичсэн зүйлсийг харьцуулж үзэхэд тэд хэрхэн төөрөлдөж байсан нь илт болдог. Ялангуяа XIII зуунд монголчуудын хийсэн аян дайны талаарх мэдээ, дүрслэл, үнэлгээ, дүгнэлтүүд, бэсрэг түүхэнцрүүд дунд үнэнээс маш хол, санаатайгаар гуйвуулж, харлуулж бичсэн, хонзогнож гутаасан зүйлс олон бий. Монголчуудаас ихээхэн өмнө, аль эсвэл ихээхэн хойно болсон дайны үеийн эвдрэл, сүйрлийг хүртэл монголчуудад тохож, харааж, зүхэж бичсэн тохиолдол ч олон гарчээ...
Монголчууд бид эртний түүхэндээ ч тэр, эдүгээ цагт ч тэр ойлгох, танихад бэрхшээл ихтэй хүмүүс, ард түмэн гэдэг нь үнэн юм. Монгол орноор хэсэж, хэрээд юм бүхнийг нь таних, мэдэх нь бүү хэл алс холоос аялан аялсаар хүрэлцэн ирэх нь ч бараг бололцоогүй зүйл байжээ. Эзгүй зэлүүд, усгүй, зам харгуйгүй, олон мянган километр урт, аюул ослоор дүүрэн, хэл нэвтрэлцэхэд хүнд, ихэнх төлөв муугаар дурсагддаг, “зэрлэг, догшин, дээрэмчин” нүүдэлчид рүү хэн зүглэх билээ дээ?
Өмнө дурдсан байдлыг ойлгож, өөрсдийгөө зөвөөр сурталчлах хэрэгцээ, шаардлага байгааг монголчууд бид ч ер тооцдоггүй, тоодоггүй байжээ. Чухам иймийн учир бид эндүү, ташаа ойлгогдож ирснээ ухаалгаар тооцож харь орны хүмүүсийн цэвэр танин мэдэхүйн шинжтэй алдаа, эндэгдлийг байнгад л уучилж, ойлгож хандах нь чухал юм.
Монголоо, монголчуудаа зөв таниулахын тулд өөрсдийгөө нээж, нээлттэй байлгаж, гадаад сурталчилгааг идэвхжүүлж, энэ хэрэгт зохих зардал, хөрөнгө төсөвлөж, мэдээллийн бүх сувгийг ашиглаж, энэ чиглэлээр бүр эргэлт хийх шаардлагатай байна. Гадаадын залуу монгол судлаачдыг урьж авч ирэх, монгол хэлийг нь сайжруулах, Монголын хот, хөдөөг танилцуулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бүтээл, туурвилыг нь хэвлэх, түгээх гэх мэт аргаар монголч эрдэмтдийн залуу халааг бэлдэхэд санаа тавих хэрэгтэй. Үүний зэрэгцээ үе үеийн монголчуудын амьдрал, түүхтэй холбоотой ном, бүтээлүүд дэх алдаа, гуйвуулгыг баримтаар илчлэн залруулж, шүүмж бичиж, тайлбар өгч байх нь зүйтэй болно.
Өнөөдөр Монгол улсад амьд хөдөлмөрийн үнэлгээ (цалин хөлс) хэтэрхий бага байна. Энэ бол түүхэн үзэгдэл (социализмын үеэс гарч ирсэн) юм.
Социалист байгуулалтын үед цалингүй хүн бараг байгаагүй (хүн бүр ажил эрхэлдэг), мөн цалингаараа баяжчихсан хүн нэг ч байгаагүй. Энэний инерци, жишгээр л өнөөдөр хүмүүс цалинжиж байна. Харин хувийн өмчийн эзэд, авлигачид, зальхай улстөрчид бараг л 100 хувь тэрбумтан болцгоожээ. Ажилчид, бага тушаалын болон төрийн үйлчилгээний албан хаагчдын орлого амьжиргааг залгуулж дийлэхгүй байна. Ядаж л мөнгөний ханш уналтыг дагалдуулж цалин, тэтгэврийг нэмэхгүй байна. Монголын ард түмэн олон зуун жил ядуу тарчиг амьдарч сурсан тулдаа л номхон, хүлцэнгүй байцгааж байна.
Ажилчин хүмүүст Монголдоо сайхан амьдрах боломж байхгүйг төр засаг ойлгомоор доо! Идэвх санаачилгатай, зохих хэмжээний боловсрол, туршлагатай залуус маань хилийн чанад руу л сад тавин урсах боллоо. Эрч хүч, тархи гадагшаа урсаад дуусахнээ! XIII зуунд идэрмэг дайчин эрсээ Монгол гадагшаа урсгаж алдсантай адилхан үзэгдэл XX, XXI зуунд давтагдаж байна. Энэ бол сайны ёр огт биш шүү! Залуус маань олон орон, олон ард түмнээс сайн ч юм их сурна, бас муу зүйл ч олныг сурна. Гадаадад харьцаж буй хүмүүс нь (ажил дээрээ) гол төлөв л бүдүүлэгдүү, танхайдуу, боловсрол, хүмүүжлээр сулхан байдаг нь нууц биш... “Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт” гэж хөгшчүүл хэлдэг дээ. “Боолын шахуу хөдөлмөр эрхэлж, хүнд нөхцөлд аж төрж байлаа” гэж л ярьцгаах юм. Гэхдээ бүгд, зуун хувь тийм биш гэдэг нь ч тодорхой. Санаатайгаар жаахан харлуулсхийж бичлээ. Хүлцэл өчье!
х х х
Монголчууд бид эртнээс нааш эх түүхдээ яг таг, жинхэнэ эзэд нь байж, болж чадаагүйн муу үр дагавар гэж бас бий.
Бурханы шашны нөлөөнд бүрэн автаад хаадынхаа гарал, үүслийг үе залгамжлалыг хүртэл итгэхийн аргагүй хэмжээнд шашинжуулж бичсэн нь олонтаа. Үлгэр, домог болгож шахам хөөрөгдөж, магтаж бичсэн түүхэнцрүүд ч бас бий. Ихэрхэж, хийрхэж бичсэн тасархай түүхүүд ч тааралддаг. Эзэн гүрэн нэг бүрдээ тал засаж, их зуйрган байр, сууринаас бичигдсэн бүтээлүүд ч цөөнгүй.
Одоо үе гэхэд л Монголын олон нийтийн үндэсний телевизээр нэвтэрч буй түүхчдийн ярилцлагууд, мөн Монголын дуу хоолой радиогоор таван хэлээр цацагдаж байгаа нэвтрүүлгүүдэд ч гэсэн худал, буруу, эмзэглэхээр зүйлүүд цөөнгүй байна.
Монголчууд бид гадаад сурталчилгаандаа онцгой анхаарч, цаг үедээ тохирсон бодлого боловсруулж, цацаж байгаа нэвтрүүлэг нэгбүрээ чанаржуулмаар, энэ салбарт ажилладаг хүмүүсээ ихэд чадавхжуулмаар байна. Энд хоцрогдол, төөрөгдөл мэтээс шалтгаалсан алдаа, дутагдал байх учиргүй.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Mongol hyn eh orondoo amidrah chag dehej l baina. · 2022/09/28
2030 onoos hois Mongolchyyd eh nytagtaa ergen irj saihan amidrah bolno?....enyyniig bi heleegyi Mongoliig byteeh tyyh egyylne....tiimees sanaa zoboltgyi ee!!Odoo jaahan tyrslaga sydlaj mengetei bolog?.....ergeed Mongol hyn eh oron ard tymenee hezee ch hayadaggui Mongol yhaan maani bidniig hamtatgana.