Нийгмийн даатгалын байгууллага 2022 оны есдүгээр сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлогыг сандаа төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 105.4 хувиар биелүүлснээ мэдээлэв.

Мөн нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар нийт 676.8 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 2.5 их төгрөг олгосон байна.

Тухайлбал, 

  • тэтгэвэрт 2.1 их наяд
  • хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсан эхийн тэтгэмж зэрэгт нийт 116 тэрбум, 
  • хиймэл эрхтэн, протезийн төлбөр болон сувиллын зардалд 1.7 тэрбум,
  • ажилгүй болсон даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 53 тэрбум төгрөг олгожээ. 

Үүнээс онцолбол, ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оноос 15.6 хувиар өсөж, тэтгэмжид зарцуулсан хөрөнгө 34.7 хувь нэмэгдсэн байгаа юм. Түүнчлэн тэтгэвэрт олгосон мөнгөн дүн өмнөх оноос 31.7 хувиар өсөв. 

Тэтгэвэр авагчдыг ангилж үзвэл, 77.4 хувь нь өндөр насны, 14 хувь нь тахир дутуугийн, 4.2 хувь нь тэжээгчээ алдсан тэтгэвэр авч буй бол 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна.