Ц.Чинбаяр: КОВИД-19-өөр хүнд өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь маш чухал
2022/10/25
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-д томуу, томуу төст өвчний үед хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр 200 ор дэлгэжээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүүхэд амьсгалын замын өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 85 хувь нь 0-3 насныхан юм. Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын замын халдварын хүнд хэлбэр хэмээх оноштойгоор дөрвөн хүүхэд эмчлүүлж байгааг албаны хүн хэллээ.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "0-5 насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр учраас дархлаажуулалтад хамрагдсанаар эрсдэлийг багасгах ач холбогдолтой.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалд өндөр настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд нэлээд өртсөн. КОВИД-19-өөр өвчилсний дараа богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эдгээр хүн илүү хүндрэх эрсдэл байгаа. Иймд КОВИД-19-өөр хүнд өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь маш чухал байгаа" гэв.
ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд үзүүлж буй бөгөөд 50 гаруй нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ирж буй хүүхдүүдэд энтеровирусийн халдвар, гар хөл, амны өвчний тохиолдол ч их илэрч байгааг тэрбээр мөн хэллээ.