Эрдэнэт, Хялганатыг холбосон засмал ЗАМ ТАВИГДАНА
2022/11/01
Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил явагдаж байна. Уг орон нутгийн чанартай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм.
Энэхүү замын ажлын явцын талаар Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Отгонбаатараас тодруулахад, “Засмал зам тавих энэ ажлыг гурван багцад хуваасан. Гурван замаас Хангал сум хүртэлх 30 километр замын гүйцэтгэгчээр “Замын битум” компани шалгарсан.
Тус компанийн ажил 2023 оны 11-р сарын 1-нд дуусна. Хуучин бетон хучилттай 4,9 километр замын эвдрэлийг засаж, өргөсгөлт, асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Хангал сум хүртэлх шороон замын далангийн өргөсгөлт хийж суурийн доод үеийн шороог авсан. Ирэх онд гүүр хоолой, суурь хучилтын ажил хийгдэнэ. Хангал сумаас Хялганатын гүүр хүртэлх зам засварын ажлыг “Хурдны зам” компани хийнэ.
“Хурдны зам” компанийн хувьд хил гааль болон цементийн хомсдолоос шалтгаалан гүүр хоолойн ажил хийгдээгүй. Харин хоёр гүүр буулгах ажил хийсэн. Одоогийн байдлаар далангийн өргөсгөлт, суурийн доод үе, ухмалын ажил хийгдэж байна. Тус компани чулуу бутлуурынхаа үйлдвэрийг байгуулчихсан. Энэ зун хоёр удаа тэсэлгээний ажил хийсэн. Одоогоор чулуугаа буталж асфальт бетон хучилт хийх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Манай үйлдвэрийн технологийн зам болох “Сэлэнгэ” амралтын бааз хүртэлх 3,3 км, нэг, хоёрдугаар ус өргөх станц хүртэлх 7,1 километр замын ажлыг “Жавхлан харгуй” компани хийнэ. Энэ компани “Сэлэнгэ” амралт хүртэлх замын өргөсгөлт, гурван километрт далангийн ажил хийгээд явж байна” гэв.
Эх сурвалж: https://erdenettoday.mn
ЗОЧИН · 2022/11/01
Орон нутгийн жижиг замаа дараа болбол яасан юм. Эхлээд нийт олны эрх ашиг болох Дарханы болон бусад замаа янзлах нь зүйтэй гэж бодож байна.