УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.

-Та Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар томилогдоод хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд салбараа хэрхэн тоймлон харав?

 

-Инновац, цахим бодлого бол Монгол Улсын ирээдүйд маш чухал сэдэв. Учир нь бид эдийн засгаа солонгоруулах, хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахад зорьдог. Үүний тулд инновац, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл болоод байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Олон улсын зах зээлээс хамааралтай, хэзээ ч үнийн уналтад орж мэдэх алт, зэс, нүүрсний экспортоор бид амьдарч байгаа. Энэ өөрөө том эрсдэл. Харин үүн дээр бид оюуны экспортоо нэмэх боломж байна. Ялангуяа программ хангамжийн салбар хамгийн боломжтой.

Учир нь старт-ап буюу гарааны бизнес эрхлэгч технологийн компаниуд олон улсын томоохон программ үйлдвэрлэгч компаниудтай нэг гараанаас эхлэх бололцоо нь байдаг.

 

“Samsung”, “Apple”-тэй өрсөлдөж гар утас хийхэд хэцүү, харин программаар нь өрсөлдөх нь илүү боломжтой гэсэн үг.  Энэ салбарын төгсөгчид Монголд, Америкт, Японд байна уу хамаагүй, бүгд нэг гараанаас эхэлж, цэвэр оюун ухааны өрсөлдөөнийг хийдэг. Ялангуяа нүүдэлчин ард түмний оюуны өндөр чадамж нь энэ мэдлэгийн өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болж байгаа гэж би боддог. Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, мэдлэгийн экспортыг тэлэх тухай УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ч ярьж, зорьж байсан. Одоо яг энэ салбарынхаа дотор нь байгаа болохоор бодит алхам, дэвшлийг зорьж ажиллаж байна.

 

-Мэдээллийн технологийн салбарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг ярьж байна. Бодлогын төвшинд ямар ажлууд хийж байгаа вэ?

 

-Байнгын хорооны даргаар томилогдсоноос хойш төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагатай танилцаж, уулзалт хийж байна. Тэдэнд тулгамдаж байгаа хамгийн эхний том асуудал бол хүний нөөц. Нэгдүгээрт, дээд боловсролын байгууллагуудын мэдээллийн технологиор суралцаж байгаа оюутнуудын тоо хангалтгүй байна. Хоёрдугаарт, сургуулиудын хөтөлбөр олон улсын жишигт хүрч чадахгүй байна. Энэ бол бодит үнэн. Мэдээллийн технологийн инженер бэлтгэх нь улс орны стратегийн ач холбогдолтой асуудал. Хангалтгүй учраас энэ салбарын компаниуд хоорондоо хүний нөөцөөрөө өрсөлдөхөөс аргагүй болж байна. Энэ өрсөлдөөн дээр төр өөрөө нэмэгдээд байгааг хувь хүний зүгээс дэмждэггүй. Хувийн хэвшлийнхэн хөгжүүлэлтээ хийгээд төр нь хяналтаа тавиад дэд бүтцийг нь хангаж өгөөд явах бүрэн боломжтой. Ялангуяа Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд хүний нөөцийн хуваарилалтаа хамгийн үр өгөөжтэйгээр хийх хэрэгтэй. Тиймээс Инновац, цахим бодлогын байнгын хорооноос  тогтоол гаргаж, энэ асуудлыг шийдэхэд дунд хугацааны стратеги боловсруулж хэрэгжүүлэх, мөн ерөнхий боловсролын сургалтын агуулгад тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудад программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сүлжээ, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх гэсэн тодорхой чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн. Ялангуяа МСҮТ-үүдэд энэ мэргэжлээр сургаж төгсгөх нь их чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Байнгын хороо зүгээр нэг тогтоол гаргачихгүй. Тооцоо судалгаанд үндэслэж байгаа. Тиймээс Засгийн газрын түвшинд тодорхой шийдэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

-Та сая УИХ-ын даргатай хамт БНСУ-д ажиллах үеэрээ энэ асуудлыг бас хөндсөн байсан?

 

-Миний хувьд тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайдтай тусгайлан уулзсан уулзалт их ач холбогдолтой болсон гэж бодож байгаа. Бид гурван асуудлаар ярилцсан. Эхнийх нь старт-ап компаниудад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг холбож өгөх талаар тохирсон. Хоёрдугаарт,  инновац талдаа ажиллаж байгаа компаниудын экспортыг дэмжиж, тус улсад аутсорсинг хийлгэх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Мөн энэ салбарын хүний нөөцийг Солонгос улсад бэлтгэхээр ярилцсан. Мэдээллийн технологийн салбарт Солонгос улс хүний нөөцөөрөө дэлхийд өрсөлдөхүйц буюу топ 10-т орж байгаа. 1980-аад онд тус улс мэдээллийн технологид суурилсан эдийн засагтай болох шийдвэрийг гаргаад өнөөдөр 40 жилийн дараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд өгөөжийг нь хүртэж байна.  Манай улс ч гэсэн энэ жишгээр  явах ёстой. Гэхдээ бидэнд хүлээх 40 жил байхгүй. Дэлхийн улс орнуудын хамгийн зөв практик, туршлагыг судлаад харайлт хийх нь маш чухал. Богино хугацаанд дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар байна. Тиймээс хамгийн түрүүнд төрийн бодлогоо зөв тодорхойлох тухай яриад байгаа юм.

 

-Та байнгын хорооны даргын хувиар төрийн байгууллагуудтай нэгбүрчлэн уулзаж байгаа тухай ярьсан. Төрийн байгууллагуудын цахим шилжилт ямар түвшинд байна?

 

-Жигд биш байна. Зарим нь маш сайн хөгжүүлсэн байна. Зарим нь санаанд хүрэхгүй байна. Дийлэнх харагдаж байгаа асуудал бол байгууллага хоорондын интеграц дутагдалтай. Төр нь хувийн хэвшилтэйгээ санхүү болон хүний нөөцөөр өрсөлддөг. Зөв жишгээрээ бол төр нь дэд бүтэц, хяналтаа хийгээд хувийн хэвшлээ өсч хөгжих боломжийг нь нээх ёстой. Тэгж байж манай компаниуд инновац шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсад гаргаж чадна. Төрд нийлүүлсэн сайн үйлчилгээ, амжилттай хэрэгжүүлсэн төсөл нь олон улсад маш том маркетингийн түүх нь болох боломжтой.  Төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзахдаа ч энэ талаар ярилцаж, санал бодлоо солилцож байгаа.

 

-Монгол Улс цахим үндэстэн болно гэсэн том зорилго тавьсан. Та хэрхэн харж байгаа вэ?

 

-Цахим үндэстэн болно гэдэг зөвхөн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх тухай биш. Том зургаар нь харж, салбарын зөв экосистемийг бүрдүүлэх тухай яриад байгаа юм. Мэдээж хөрсөн дээр ажил хэрэг болохгүй байгаа саад бэрхшээлүүд тулгамдаж байгаа ч бид сүүлийн хоёр жилд буюу маш богино хугацаанд тодорхой амжилтуудыг олсон гэж хэлмээр байна.  Жишээлбэл, НҮБ-ын индексээр манайх 14 байр урагшлаад дэлхийд 74-т жагсаж байна. “И-Монголиа” системээс төрийн 685+ үйлчилгээг авдаг болсон байна.  Үүний цаана маш их цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт үүсч байгаа. Салбар маань өнгөрсөн онд багц дөрвөн хуультай болсон. Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт дээр бид сайтар анхаарч ажиллаж байгаа.

 

Нөгөө талдаа түрүүнд хэлсэн оюуны экспортыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, эдийн засгаа солонгоруулах зорилгод өөрийн хувьд илүүтэй анхаарч ажиллаж байна. Бизнес эрхлэх таатай эрхзүйн орчинг нь бий болгоё. Татварын хөнгөлөлтүүдийг нь өгье.

 

Хүний нөөцийг нь бүрдүүлэх бодлогыг тодорхойльё. Банк санхүүгийн салбарыг либераль болгоё. Тэгээд үлдсэн зүйлийг монгол залуучууд өөрсдөө бүрэн хийгээд аваад явах боломжтой гэж харж байна. Саяхан монгол залуучууд Казахстаны үүрэн телефоны хамгийн том компанид клауд үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарчихлаа. Энэ бол ганцхан жишээ. Монгол Улс ийм мянган компанитай бол гадаадаас орж ирэх орлого тэрбум тэрбумаар яригдана. Заавал бид нүүрс зэсний үнээс, аль нэг боомтоос хамааралтай амьдрах шаардлагагүй болно. Эцсийн үр дүндээ нийт эдийн засгийн өгөөж нь хэмжишгүй боломж гэж харж байгаа. Монгол Улс ажиллах хүчээ биш оюун ухаанаа экспортолдог улс болоход төрийн бодлого шийдвэрийг чиглүүлэх том амбицтайгаар ажиллаж байгаа.

 

-Монгол Улс 2023 оны төсвөө батлах гэж байна. Эдийн засагчийн хувиар энэ талаар асуухгүй орхиж болохгүй. Гадаад валютын нөөц багассан, инфляц өссөн, гадаад өр төлбөрийн хугацаа тулсан энэ үед эдийн засаг сайнгүй байгаа нь багагүй шүүмжлэл дагуулж байна?

 

-Эерэг сайн мэдээ гэвэл валютын нөөц эргээд тодорхой хувиар нэмэгдэж байгаа. Нэг өдөрт гарах нүүрсний экспорт ковидын өмнөх үедээ хүрлээ. Гашуунсухайтын төмөр зам, чингэлэг тээвэр, боомтуудын автомат систем зэрэг экспортын үйл ажиллагааг дэмжсэн ажлууд сайн хэрэгжиж байна. Гадаад өр төлбөрийн хувьд энэ жил хийх Хөгжлийн банкны өр төлбөрийн хувьд санаа зовохгүй байна. Хөгжлийн банкинд одоогийн байдлаар 700-гаад тэрбум төгрөгийн эргэн төлөлт орсон байна. Энэ ондоо багтааж нэг их наядад хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бондын төлбөрөө өөрсдөө эргэн төлөх боломжтой.  Ирэх жил төлөх 500 сая ам.долларын бондын төлбөрийг оны сүүлээр төлөх ёстой.  Одооноос гадаад зах зээлд refinance хийгээд явж байгаа болохоор болчих байх. Гэхдээ гадаадын өр зээл гэж яригдаж байгаа нь шинэ зүйл ер биш. Цаашид бид өмнөх алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Хамгийн анх Чингис бондыг босгохдоо импортыг дэмжиж, экспортыг орлох төсөлд зарцуулаагүй, үр ашиггүй  зарцуулалт хийснээс болоод нэг зээлээс нөгөө зээл рүү явж байгаа. Нэг доллар гаднаас босговол эргээд 4-5 доллар болж эдийн засагт өгөөжөө өгөх ёстой шүү дээ. Одоо Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлт буюу экспортыг дэмжих, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дараагийн шатанд боловсруулах том бодлого явж байгаа. Үүний үр дүнд манай экспорт хэд дахин нэмэгдэж, эдийн засаг тэр хэрээр тэлнэ гэсэн эерэг төсөөлөлтэй байна.

 

-2023 оны улсын төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Ирэх оны улсын төсвийн төслийг тойргийн шинжтэй төсвүүдийг хасч, илүүтэй эдийн засгаа дэмжих, макро тэнцвэрийг хангах чиглэлд боловсруулсан. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар төсвийн алдагдал өмнөх онуудаас 800 тэрбум төгрөгөөр бага байгаа. Энэ ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэж байна. Гэхдээ улсын төсвийн төсөл хараахан батлагдаагүй байна. УИХ-ын ажлын хэсэг дээр тодорхой сайжруулах өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа.

 

Ер нь дэлхий даяар эдийн засгийн хувьд хоёр том шоконд орсон байна. Цар тахлын нөлөө, ялангуяа БНХАУ-ын тэг ковид бодлого нийт дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө авчирч байгаа.

 

Хоёрдугаарт, геополитикийн хүнд нөхцөл маш их хэмжээний инфляцын шок авчирч байна. Сүүлийн 30 жилд байгаагүй инфляцыг АНУ, Европын холбоо мэдэрч байна. Үүнийг дагаад Монгол Улсын инфляц хоёр тоонд орсон. Засгийн газраас шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэтэй холбоотой тодорхой тохируулгууд хийж байна. Төвбанкнаас бодлогын хүүгээ өсгөлөө. Бусад улс орнууд ч ийм арга хэмжээг авч байна. Өөрөөр хэлбэл, дэлхий бүхэлдээ эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд байна. Эдийн засагчийн хувьд харахад Монгол Улс нэн түрүүнд Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимтэй, шуурхай хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа боомтын болон аж үйлдвэрийн сэргэлтэд илүү анхаарах шаардлагатай.

 

-Сүүлийн асуулт болгож сонирхож асуухад Инновац, цахим бодлогын байнгын хорооноос саяхан гаргасан тогтоолд “И- баримт” болон олон улсын төлбөрийн системтэй холбоотой чиглэлүүд байсан. Ямар өөрчлөлтүүд хийхээр тогтоолд тусгасан юм бэ?

 

-Бид мэдлэгийн экспорт хийнэ, цахим үндэстэн болно гэж зориод байдаг. Гэтэл яг иргэд, аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын хэрэглээнд тулгарч байгаа асуудлууд байна. Нэг жишээ нь, И баримтын систем. Маш их цаас үйлдвэрлэдэг, худалдан авалтынхаа баримтыг гараар шивж оруулдаг гэх мэт төвөг ихтэй. Үүнийг банкны төлбөрийн системтэй нь холбоод худалдан авалт бүрт нь автоматаар системд нь шивэгдэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ бол дотооддоо хийх боломжтой тохиргоо. Тиймээс Засгийн газарт хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн. Ойрын хугацаанд хэрэгжих боломжтой гэж харж байна. Нөгөө нэг зүйл нь олон улсын төлбөрийн систем. Paypal, Applepay гэх мэт. Монгол Улсаас гадагш доллар гаргаж болж байгаа ч, доллар авах боломжгүй хаагдмал байгаад байна. Нөгөө компаниуд маань хийсэн аппликэйшнээ зарж экспорт хийх гэхээр мөнгөө яаж ямар төлбөрийн системээр авах дээрээ гацчихдаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид ч энэ асуудалд тулж байгаа. Тиймээс олон улсын дэд бүтцэд холбогдсон төлбөрийн системийг нээлттэй болгох ажлыг хэрэгжүүлэх чиг үүргийг өгсөн. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд гадны санхүүгийн байгууллагуудтай ойлголцох шаардлагатай байгаа. Тодорхой судалгаа, уулзалтууд хийсний үр дүнд ямартай ч хийх боломжтой гэж харж байгаа. Манай улс ФАТФ-ийн саарал жагсаалтаас гарсан байна. Мөн манай улсын дотоодын төлбөрийн систем харьцангуй сайн хөгжсөн. Мобайл банк гэх мэт бэлэн бус төлбөрийн гүйлгээ нийт гүйлгээний 90-ээс дээш хувь болчихлоо. Энэ бүхнийг  олон улсад сайн танилцуулаад гацаа, хүндрэлийг арилгах боломжтой.

 

Б.ТӨГС

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин