Таван толгойд нүүрс тээвэрлэдэг 18 мянган машины 600 орчим нь л Монголчуудынх
2022/12/06
Тусгаар тогтнолын алуурчид
40 их наядын нүүрсний хулгай бол өчүүхэн жижиг зүйл
Гашуунсухайтад тусгаар тогтнол алдагдсан явдалтай харьцуулахад 40 их наяд төгрөгний нүүрс хулгай хийсэн хэрэг бол хумхын тоос шиг өчүүхэн жижиг зүйл. Өнөөдрийн байдлаар Таван толгойд нүүрс тээвэрлэдэг 18 мянган машинаас 600 орчим нь л цэвэр монголчуудын машин. 2022 оны 4 дүгээр улиралд нийт 6000 ширхэг С зөвшөөрөл олгосноос 600 ширхэгийг л цэвэр монгол компаниудад олгожээ. Энэ тоонууд нүүрс тээврийн хувьд тусгаар тогтнол алдагдаад нилээд хугацаа өнгөрчээ гэдгийг батлаад өгнө.
Сүүлийн жилүүдэд Таван толгойгоос Цагаан хад, Чойр, Мааньт, Ханги чиглэл рүү нүүрс тээвэрлэхэд монгол компаниуд ажилгүй, жолооч нар нь тоосонд дарагдсан бор гэрээ налаад, тээвэр хийж байгаа хятад машинууд руу харж, наранд гялбан нүдээ анивчаад, горьдон зогсож байхад, хятад компаниуд зав чөлөөгүй тээвэр хийгээд явж байдаг болсон. Нөгөө горьдогчид болох монгол компаниуд хятад компаниудаас “манай компаниар нүүрс зөөлгөөч” гэж царайчлан гуйхад “Бид өөрсдийн машинаар тээврээ хийнэ” гэж хэлнэ. Ингээд цэвэр монгол компани, жолооч нар нутагтаа ажилгүй горьдлогын хашаа руу шилжсэн.
Яагаад Таван толгойд тусгаар тогтнол алдагдав?
Улаан сайдын улаан махны хэргийн үр дүнд үүссэн Эмээлтийн өмхий махны дуулианаас Хятадуудын гарт махны эрх бүрэн шилжиж дууссаныг та бид бүгд мэдэх болсон. Одоо бид мах, хиам идэхгүй хэр удаан гүрийх билээ дээ. Шинэ жил, цагаан сараар хиамаа авч салат, закускаа хийж идээд, сүүлдээ, формальдегидгүй мах идэхээр амтгүй, амнаас уначих гээд, формальдегидтэй мах идэх нь хэвийн үзэгдэл болж дасан зохицох бизээ.
Харин нүүрс тээврийн хувьд, хятадуудын машиныг хэмжээ хязгааргүй хилээр оруулан ирж, номер дугаар олгон, “C” зөвшөөрлийн бичгийг монгол компаниудаас булаан тэдэнд өгч, авилга аван, монгол компаниудын ажлыг зогсоож, оронд нь хятад компаниудыг явуулдаг. Үүний үр дүнд монгол компаниуд өлийн цагаан огтоно шиг даржин биетэй, хятад компаниуд заан шиг аврага том болсон.
“Заан хулгана хоёрын хайр дурлал” өгүүллэгээс зохиолын хоёр баатар маань хэр зэрэг зөрүүтэйг санаж байгаа биз дээ. Монгол машинуудын тоо багассаар устаж үгүй болох улмаар улаан номонд орохдоо тулж байхад хятад машинууд ковид туссан хүмүүсийн тоо шиг огцом олширсон.
Тэр нүүрсний хулгайчийн нэр хэний хэн бэ?
Өнгөрсөн өвөл Хятадад нүүрсний хэрэгцээ ихэсч, худалдан авагч компаниуд нүүрсээ Цагаан хаднаас Ганц мод руу хурдан оруулж зарахын тул тээврийн компаниудад өндөр үнэ хэлж нэг тонн нүүрсийг 2100 юанаар тээвэрлүүлсэн. Нэг машин нүүрс ачаад Цагаан хаднаас Ганцмодонд (25-н километр) буулгаад ирэхэд 140 сая төгрөг болдог байв. Яг тэр үеийн гаалиар гарсан машин тус бүрийн статистикийг гаргаад харахад нүүрсний хулгайч хэний хэн болох нь торойгоод гараад ирнэ.Тэр үед хамгийн олон явсан бөмбөлгүүд нүүрсний хулгайчууд болон төрийн албан хаагчдын хамаарал бүхий этгээдүүдийн машинууд явж байгаа бөмбөлгүүд юм. ХӨСҮТ-ийн хүмүүст мөнгө үнэртүүлээд тангараг өргөсөн эмч хүнээр худлаа дүгнэлт гаргуулж бусад бөмбөлгүүдийг дэлбэлүүлж өөрсдөө олон удаа явсан.
Энэ статистикийг гаргаж ирэхээс залхуу хүрч байвал улсын хил гаалиар гарч байгаа хүн, машины бичлэг хадгалагдаж байдаг тул заавал тагнуул, цагдаа, шүүх прокор гэж нуршаад байх ч шаардлагаггүй.
40 их наяд төгрөг авсан нүүрсний хулгайч өрөө яаж төлдөг вэ?
Төрийн албаныхан маань нүүрс хулгай хийгээд хятадуудад өгнө. Хулгай хийсэн нүүрсийг нь авч, мөнгө болгож өгсөн учир хятадуудын хүссэн зүйлсийг монголын талд биелүүлж өгөх үүрэг хүлээнэ. Үүргээ элдэв шалгалт нэртэй дээрэм тонуул, дүрэм журам болгож батлуулах замаар гүйцэтгэнэ. Тэд бол бидний нүдээр харахад их мөнгөтэй том дарга, боссууд боловч хятадуудын хувьд боолууд юм. Босс дүртэй боолууд ерөнхийдөө 2 төрлийн ажил гүйцэтгэнэ:
1-рт, “С” зөвшөөрлийн бичгийг монгол компаниудаас булаан хятад компаниудад өгнө. Ингээд ажил хийх эрхгүй болсон монгол компаниудыг цаашид томорч, хөгжиж чадахгүй, дампуурах замд нь оруулж өгдөг. Өрмийг нь хамж үнэтэй тээвэр хийх эрх гартаа оруулсан хятад компаниудыг цэцэглэн хөгжих замд нь оруулж өгдөг.
2-рт, ААН-үүдийн кэмпийг өдөр шөнөгүй, баруун солгойгүй шалгана.
Дэндүү олон хятад машин оруулж ирсэн тул толгой нь эргээд менежмент хийж чадахгүй болсон. Иймээс монгол компаниудыг түрж гарган хятад компаниудыг оруулах үүрэгтэй. Ковид тархах гээд байгаа учир бөмбөлөг шинээр үүсгэхгүй гээд монгол компаниудыг оруулахгүй. Хятадын машинуудыг оруулахын тулд “шалгалт” нэртэй дээрэм хийж монгол компаниудыг хасдаг.
Саяхан МХЕГ-ыг татан буулгах сургаар, амжиж, дээрэм хийсэн явцаас товч өгүүлье. Манай компани 34-н жолоочтой. Сангийн сайдын баталсан журам болон Цагаан хаданд байгуулсан хар мянган төрийн байгууллагууд шаардсаны дагуу, газар ухаж, 9-н жорлон хийсэн. Ойролцоогоор 3-н хүний дунд нэг жорлон хийлээ гэсэн үг. Гэтэл шалгалт нэртэй дээрэм ирж жорлонгүй гээд хасах оноо тавиад явав. Эрүүл сайхан газрыг энд тэндгүй сэндийчин ухаж хүн бүрт нэг нэг жорлон хийх ёстой юу. Эсвэл нэг хүнд хоёр жорлон хийх ёстой юу. Монгол газар нутгийг ухсан жорлонгоор дүүргэж, компаниудыг жорлонгийн нинжа нар болгох гээд байна уу. Юм асууж, ярьж болохгүй, тас намчирдаад “чи юу яриад байгаа юм” гэж загинана.
Сангийн сайдын гаргасан журам болон Цагаан хадны төрийн байгууллагуудын шаардлагын дагуу 34-н жолоочдоо зориулж компанидаа 1 эмч авч ажиллуулдаг. Гэтэл сая ирсэн шалгалтын хүн 34-н жолоочид доор хаяж 3-н эмч ажлуулах шаардлагатай, эмчгүй гээд, хасах оноо тавиад явлаа. Компани ажилчдынхаа 10 хүн тутамд нэг эмч ажиллалуулах ёстой юм бол монголын нийт 74 000 компанид эмч хүрэлцэх үү. Монголын бүх хүнийг эмч болгох шаардлагатай эсвэл бүх компани 10 хүн тутамд нэг эмч байлгах нөхцөл хангагдахгүй. Монголд нийт 12970 эмч байдаг. Тэгж ярих юм бол яагаад төрийн байгуулагуудыг 10-н хүний дунд нэг эмчтэй байхыг шаардахгүй байна. Монголын төр Цагаан хаданд нэг ширхэг эмнэлэг байгуулж чадахгүй байхад, тэнд байгаа компани бүрийг эмнэлэгтэй бай гэж шаардаж байгаа хүмүүсийг “гаж донтон”-гууд гэхээс өөр юу гэх билээ. Ийм зүйлийг журам гээд баталдаг төрийн сайдыг яалтай билээ. Бүх компани иж бүрэн тусгаарлах байртай. Яагаад гэвэл Ковид цар тахалын үед хил хааж, бараа материалгүй болсон байхад дааж давшгүй амандаа орсон төрөл бүрийн хэнд ч хэрэггүй зүйлсийг хийж бүтээ, барьж байгуул гэж шаардсаны нэг нь тусгаарлах байр юм. Гэтэл сая шалгахдаа энэ тусгаарлах байрууд чинь хангалтгүй, Ковидоос өөр гэдэсний халдварт өвчин ч юм уу гарсан үед тусгаарлах байр байхгүй байна гээд бүх компаниудад хасах оноо тавиад явлаа.
Халдварт өвчин гарвал компани дээрээ эмчлэхгүй, дурын компани эмнэлэг ажиллуулах эрх ч байхгүй, эмнэлэг хүргэх ёстой шүү дээ. 34-н жолоочийг сардаа нэг, хоёр удаа ойрхон газар ПСР-ын шинжилгээнд хүргэж өгөхийн тулд доор хаяж 3-н автобус худалдаж авахыг даалгав. Бид тус бүр нь 45-н хүний суудалтай 3-н автобус худалдаж авлаа. Нэг автобус нь эвдрээд засварт явсан хойно шалгалт ирсэн. 2 автобустай байна, хангалтгүй, автобус байхгүй гээд хасах оноо тавиад явлаа.
Шалгалтын зорилго нь монгол компаниудад тэнцээгүй гэсэн нэр зүйх явдал юм чинь. Ийм маягаар биднийг дарамтлаад ажил огт хийлгэхгүй учир утгагүй ажил хийлгэж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрээд явж байна. Энэ тэнэглэлийг үтэр түргэн зогсоож, нүүрсний хулгайчуудыг шоронд хийхгүй бол улс орон мөхөж сөнөхөөс өөр замгүй шүү.
Эцсийн найдвар
2022 оны 10 сарын 5-нд ЗГ-ын 362-р тогтоол гарч “С” зөвшөөрлийн бичгийг уурхайнууд хариуцаж байхаар болжээ. Уурхайгаас зөвхөн Хятад компаниуд нүүрс худалдаж авдаг. Ингэхээр С зөвшөөрлийн бичиг, далд утгаараа, Хятадын компаниудад шилжжээ. Монгол компаниуд надад “С” зөвшөөрөл өгөөч гэж Хятад компаниудаас гуйх болсон байна. Хятадын нүүрс худалдан авагч компаниуд өөрсдийн тээврийн компаниудтай. Ингээд, Монгол компаниуд Монгол нутагт ажил хийх эрхгүй, гологдож, дампуурал руу зам нь шулуудсан “улныхан” боллоо.
Намайг залуу зандан явахад хүн төрлөхтөний ганц найдвар нь В.И.Ленин байсан бол өнөөдөр Монголын нүүрс тээврийн компаниудын хувьд цаазлуулахын өмнөх эцсийн найдвар нь ЭТТ-н захирал Ж.Ганбат та боллоо. Таван толгойн дурын жолоочоос “Энэ компани Монголынх уу, Хятадынх уу” гэж асуувал өчүүхэн ч түгдрэх зүйлгүй шууд хэлээд өгнө. Харин төрийн албаныхан маань “бүгдээрээ л адилхан монгол дугаартай машинууд шүү дээ” гээд нүдэн будилна. Хийж байгаа ажлынхаа тухай мэдлэггүй, дэндүү хайнга, Монголын төрд ажиллах шаардлага хангахгүй байна гэсэн үг. Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч, төрд ажилладаг хүн бол монгол компаниудыг дэмжин ажиллах үүрэгтэй. Эргээд монгол компаниуд хөл дээрээ босч, улсынхаа төсвийг бүрдүүлээд, хөгжөөд явахаас биш, хэн нэгэн гадныхан хөгжүүлж өгнө гэж горьдож өөрсдийгөө хуураад яахав дээ. Таны улс орноо бодсон ухаалаг шийдвэрт найдахаас өөр гарцгүй боллоо.
Аз транс ХХК-ийн захирал Жорж
иргэн · 2022/12/07
ЭНэ бол эртнээс л дуулддаг байса. Монгол жолооч нараа ажилгүй болгон Хятадуудыг их хэмжээгээр Монголд Тавантолгойн нүүрсийг тээвэрлэхэрх олгосон. Үүнийг л эхлээд шалгаадах. Бүх Хятад жолооч нарыг гарга. ҮЛдэж байгаа хэдэн монгол жолооч нар нь бүгд ардаа сайд дарга нарын хөлснийхөн. Ийм байж болохгүйээ. Бүгдийг шалгаж, төрийн өндөр эрх мэдэлтэн тэнд хүн хөлсөөр ажиллуулж байгааг бүр мөсөн таслан зогсоохгүй л бол энэ байдал цааашид ч үргэлжилнэ.
Аьили · 2022/12/06
Хэний ч машин бсан Эзэнтэй Тэдгээр эздээс л төлбөрийг ав
Зочин · 2022/12/06
vneen
Зочин · 2022/12/06
шаабар · 2022/12/06
Ийм зүйлийг олж харж чадахгүй сайд Ерөнхий сайд цаашлаад УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч байх шаардлага харагдахгүй байна. Тэд мөнгөнд нүдээ бас амаа бүр гараа ч таглуулчихаж, тасдуулчихаж
Бат инженер · 2022/12/06
Үнэн үү