Манай улсын эдийн засаг хур­дацтай хөгжихийн хэрээр банк, санхүүгийн байгууллагууд үндэс­тэн дамнасан үйл ажиллагаа явуу­лах болсон. Гэхдээ үндэстэн дам­насан үйл ажиллагаагаар дам­жуулж, банкууд мөнгө угааж бай­на уу, үгүй юу гэдгийг хууль, хяналтынхан хянаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Уг нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-аас манай улсад хандан мөнгө угаах, тер­роризмыг санхүүжүүлэхээс урьд-чилан сэргийлэхийн тулд хийх ёс­той ажлуудыг зааж өгсөн. Улмаар холбогдох хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруултал бүтэн хоёр жилийн хугацаа өгөөд байсан юм. Хоёр жилийн хугацаа ирэх зургаадугаар сард дуусах гэж байна. Гэтэл энэ хугацаанд манай улс FATF-аас өгсөн зөвлөмжүүдийн дөнгөж 50 хувийг л биелүүлжээ. Үнэндээ манай улс мөнгө угаахаас ангид байж чадахгүй гэдэг нь саяхнаас ажиглагдаад эхэлчихсэн. МИАТ компанийн удирдлагууд олон жилийн турш мөнгө угааж байсан нь он гарсаар илэрч, хууль хяналтынхан шалгаж буй. Түүнчлэн Батлан хамгаалах яамны удирд­лагууд Хойд Солонгос руу сөнөөгч онгоцны мотор зарсан, мөнгийг нь манай томоохон банкаар дам­жуулан шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн. Батлан хамгаалах яамны тухайд үнэн худал нь төдийлөн мэдэгдэхгүй байгаа. Харин МИАТ-ийн удирдлагууд олон жилийн турш тус компаниар дамжуулан 7-8 сая ам.доллар угаасан гэдэг нь тодорхой болчихсон. Өөрөөр хэлбэл, манай улсын банк, санхүүгийн байгууллагууд мөн­гө угаахгүй, терроризмыг сан­хүүжүүлэхгүй гэсэн баталгаа огт байхгүй байгаа юм. Хуулиудаа янзлаад, засчихвал хангалттай баталгаатай болчихно. Гэвч одоо болтол хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах ажил нэг л ахицгүй байх шиг. Хэрвээ зургаадугаар сар гэхэд холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулахгүй бол манай улс “Хар жагсаалт” руу шилжих нь.

Үнэндээ мөнгө угаах, тер­роризмтэй тэмцэх хуулийг батлаагүй, эсвэл баталсан ч хяналт, шалгалт муу байснаас улстөрчид, томоохон банкууд хэрэгт орооцолдсон, их хэмжээний мөнгө угаасан түүх олон бий. Манай улс заавал ийм гашуун түүхийг давталгүйгээр асуудлыг шийдэх хэрэгтэй баймаар. Дэлхий дахинд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гарч байсан томоохон хэргүүдийн түүхийг сөхсөн юм.

 

“HSBS” ХАМГИЙН ИХ ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЖЭЭ

 

Их британийн хамгийн том банк HSBC нь мөнгө угаасан тул АНУ-ын хууль хяналтынханд дэл­хийн түүхэнд хамгийн их буюу 1.9 тэрбум ам.долларын торгууль төлж байжээ. Банк нь хоригийн тухай хуулийг илт зөрчиж, мөнгө угаахын эсрэг зохисгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийхөө төлөө 1.92 тэрбум ам.долларын торгууль хүлээсэн. Түүнчлэн тус улсын Стан­дарт Чартеред банк хууль зөрчсөн нь тогтоогтож, 667 сая ам.долларын торгуулийг төлж байсан удаатай. BCCI буюу Bank of Credit and Commerce International 1980-аад оны дундуур маш их хэмжээний мөнгө угаасан хэрэгт оролцож байсан нь тогтоогдсон. Банк нь Саддам Хусейн, Панамагийн хуу­чин дарангуйлагч Мануэл Нориега, Палестины терроритсын удирдагч Абу Нидал зэрэг хүмүүст үйлчилж байсан байна.

 

МӨНГӨ УГААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УЛСТӨРЧИД

 

Филиппиний Ерөнхийлөгч асан Фердинанд Маркос АНУ, Швейцарийн банкуудаар дамжуулж эх орноосоо хулгайлсан тэрбум тэрбум ам.долларыг угааж байсан. Түүний эхнэр 2500 хос гуталтай байсан гэдгээрээ алдаршиж байжээ. Филиппиний хууль хянал­тынхан хожим нь түүнээс долоон тэрбум ам.долларыг буцаан авч байсан удаатай. Түүнчлэн Ниге­рийн Ерөнхийлөгч асан Сани Абачагийн хэрэг чамгүй томд тооцогдоно. Тэрбээр улс орноосоо найман тэрбум ам.доллар хулгайлж, гадаадын банкуудад байршуулсан байдаг. Трансперенси интернэшнл түүнийг орчин үеийн дэлхийн түүхэнд дөрөв дэх том авлигач гэж нэрлэсэн. Түүнийг Нигерийн үндэсний баялгийн 10 хувийг дээрэмдсэн гэж үздэг.

 

ХАРИН МОНГОЛД

 

Цаашдаа эдийн засаг тэлж, томрохын хэрээр манай арилжааны банкууд өөрсдөө ч мэдэлгүйгээр терроризмыг санхүүжүүлчихсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл гадаадаас ирэх хөрөнгө оруулалт цаашдаа улам нэмэгдэнэ. Харин банкуудын харилцагчдаа тавьж буй хяналт хэр байгаа бол. Орж ирж буй мөнгө хаанахын хэн гээчийнх вэ гэдгийг нарийвчлан мэдэж чадаж байгаа болов уу. Банк, санхүүгийн систем нэг үеэ бодвол сайжирсан. Дотооддоо эргэлдэж буй мөнгөн шилжүүлэг, харилцах дансны гүйлгээ зэргийг хангалттай л хянаж байгаа байх. Харин гадаад улсын янз бүрийн банк, томоохон хөрөнгө оруулагчдаас орж ирж буй мөнгөний үнэн, мөнийг яг таг мэдэж чадах болов уу. Эргэлзээтэй л асуулт. Нөгөөтэйгүүр банкууд сэжигтэй, эргэлзээтэй гэж үзлээ гэхэд түүнийг хянаад, илрүүлээд, нотлох хууль эрх зүйн орчин хэр байна вэ. Жишээ нь мөрдөн байцаагчид мөнгө угаах хэргийг шалгах, ямар нэгэн компанийн дансыг хаах, битүүмжлэх гэх мэт эрх байгаа юу. Энэ чиглэлээр Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт оруулж, мөрдөн байцаагчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг Олон улсын сан­хүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-аас зөвлөдөг юм билээ. Манай улс энэ зөвлөмжийг одоо болтол хангаж чадаагүй л байна. Ингэхэд бид улстөрчдийг хойрго хандаж, тэгж ингэсхийж байх зуур хамаг баялгаа гадагш нь алдаад, “угаалгаад” дуусаж байгаа юм биш биз.

 

 

Л.Энхдэлгэр