Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах 2 эрүүгийн хэргийг прокурор хянаж байгаа аж. 

Тодруулбал, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын

  • Тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх,
  • Ачилтын талбайгаас дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэргийг шалгаж эхэлжээ. 

Мөн Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг

  • Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганцмод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн,
  • Хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэргүүд тус тус хянагдаж байна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.