Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 09 минутад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр асаалттай байсан “Автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Б”-ийн эзэмшлийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ халаах болон бусад шалтгаанаар асаалттай орхихгүй байх, хяналтын камер болон харуул, хамгаалалттай зогсоолд байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.