Видео стриминиг үйлчилгээний Нэтфликс компани нууц үгээ дундаа хуваалцаж хэрэглэх явдлыг хориглох эхний арга хэмжээгээ өчигдөр зарлажээ.

Тус компани АНУ болон дэлхийн бусад 102 улсын хэрэглэгчдэд илгээсэн захидалдаа нэг хэрэглэгчийн эрхийг гэр бүлээс нь гадуур давхар ашиглах боломжгүй болж буйг мэдэгдсэн байна.

Гэр бүлээс нь гадуур давхар ашигласан тохиолдол бүрийг тусдаа хураамжтай болгохыг анхааруулжээ. Тухайлбал АНУ-д энэ хураамж сарын $8 байх гэнэ.

Нэтфликс компани нууц үгээ хуваалцаж, давхар ашиглах явдлыг хориглох гэж байгаагаа өнгөрсөн онд зарлаж байсан юм.

100 сая гаруй айл өрх үзэх эрхээ бусдад дамжуулан ашиглуулдаг гэсэн тооцоог тус компани гаргаж байжээ.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар Нэтфликсийн бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 232.5 сая хүрсэн байна.

Шинэ журмын дагуу нэг өрхийн гишүүд Нэтфликс эрхээ хуваалцаж, янз бүрийн төхөөрөмжүүд дээр давхар ашиглах боломжтой хэвээр байх гэнэ.

Стриминг үйлчилгээний анхдагч Нэтфликсийн зах зээл ханаж, хэрэглэгчийн өсөлт зогссон тул одоо орлогын шинэ эх үүсвэрүүдийг хайж байгаа. Тухайлбал сурталчилгаа үзэх нөхцөлтэй үйлчилгээний хямд хувилбарыг тус компани саяхан бий болгосон юм.

 

Эх сурвалж: Reuters