УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндсэн хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар эргүүлэн татах ёстой гэж мэдэгдлээ. Үндсэн хуулийн 6.5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж заасан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай  хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана" гэж тусгажээ. Мөн тэрээр "Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан Засгийн газрыг АН-ын бүлгийн дарга нь хамгаалахдаа өмнөх рүүгээ гүтгэсэн байдлаар худлаа мэдээлэл цацсан. 2002 онд батлагдсан Газрын хууль дээр ийм заалт байсан гэж ярьсан нь ташаа" гэв. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 6.3-д "Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно" гэж заасан байдаг аж.

Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг дөрвөн хоногийн дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Уг нь Үндсэн хуультай эн тэнцэхүйц ач холбогдолтой Газрын хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн хүмүүс, ард нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үр дүн нь илүү байх боломжтойг ч тэрээр тодотгов. Иймээс МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар татаж авах, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж дахин зөв хэлбэрээр нь оруулж ирэх шаардлагатайг онцлов.