Сүүлийн жилүүдэд “Life coach”, “Business coach”, “Хурдан баяжих арга зам” гэх мэт сургалтууд олширч, олон хүн итгэл найдвар тавьж хамрагдах болсон. Энэ талаар Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед залуус “Life coach”, “Хурдан баяжих сургалт” гэх мэт зүйлд ихээр татагдах болсны цаад сэтгэл зүйн шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ. Нэг сургалтад суугаад л маш амархан амжилтад хүрчих юм шиг бодолтой хүмүүс цөөнгүй болжээ?

-Энэ асуудал нь хүмүүсийн шийдвэр гаргалттай шууд холбоотой. Аливаа амжилтыг хэрхэн тодорхойлох нь өөрөө маш чухал зүйл. Хүмүүс ихэвчлэн амжилтыг олон хүнээр хүрээлүүлэх, богино хугацаанд бусдад нөлөөтэй байх гэж ойлгодог. Харин үүгээрээ дамжуулаад сургалт зохион байгуулдаг, ямар нэгэн үйл ажиллагааг маш хурдан, нэг удаа зохион байгуулаад түүнээсээ их хэмжээний мөнгө олох байдлаар амжилтыг төсөөлөх үйл явц энэ жишээн дээр харагдаж байна.

Ялангуяа цахим ертөнц хөгжөөд хүн бүр гар утастай болсон энэ цаг үед цахимаар сургалт хийх, сургалтад хамрагдах боломж нь нээгдэж байгаа учраас энэ асуудал газар авсан байна. Үүнээс үүдэлтэй хүмүүс богино, түргэн хугацааны үйлдлээр мөнгөтэй болох, нөлөөтэй болох зорилгоор өөрийнхөө урт удаан хугацааны амьдралыг бодохоосоо илүү богино хугацааны зүйлсийг сонирхох болсон. Энэ нь тухайн хүний сонирхол болон ямар үнэ цэнийг бий болгож амьдрах вэ гэдэг хоёр зүйлийн хоорондын зөрчил ямар байгааг харуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бодохгүйгээр шийдвэр гаргаад аль болох хурдан хугацаанд нэр нөлөөтэй болохыг хүсэж байна гэсэн үг. Энэ нь эргээд өөрт нь ямар хор хохиролтой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, бусдад ямар хор хохиролтой байх вэ гэдгийг огтхон ч бодохгүй байна. Өөрийгөө бодохгүй, бусдыг бодохгүй байна гэдэг нь эргээд нийгэмд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа юм.

-Тэгэхээр энэ асуудалд хувь хүний ёс зүйн асуудал хөндөгдөх үү?

-Мэдээж ёс зүйн асуудал хөндөгдөнө. Мэргэжлийн хүний үйл ажиллагаанд тавигдах хамгийн чухал нь ёс зүй байдаг. Ёс зүй байхгүй хүн сургалтад хамрагдсан хүмүүсийнхээ хувийн асуудлыг буцаагаад бусдад ярих гэх мэт асуудлууд үүсээд эхэлдэг. Ямар нэгэн үйлчилгээ, сургалт, бусдыг сайн сайхан зүйлд уриалсан зүйлийг хийхийн тулд тэр хүн өөрөө мэдлэгтэй, ур чадвартай байх ёстой. Гэтэл бодит байдал дээр эдгээр ёс зүйн шаардлагыг хангахгүй байна. Магадгүй өөрөө амьдрал дээрээ ёс зүйгүй, гэр бүлтэйгээ зохисгүй харилцдаг, хувийн амьдралаа шийдэж чадаагүй хүн байвал агуулгын хувьд зөрчилдөнө. Энэ нь бусдыг хуурч байгаа хэрэг. Том зургаар нь авч үзвэл өөрийгөө хуурч байгаа гэсэн үг. Нөгөө талдаа хоёр гуравхан сарын сургалтад суугаад өөрийнхөө амьдралыг өөрчлөх зорилготой хүмүүс байгаа. Залуу үеийнхнээс эхлээд ахимаг насны хүмүүс ч бий. Энэ хүмүүс яаж хурдан хугацаанд нэр төртэй, мөнгөтэй болох уу гэдгээ хайж байгаа. Гэтэл мэргэжилтэн болоход асар их цаг хугацаа, хичээл зүтгэл, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ зориулдаг. Ингэж байж хүссэн зүйлдээ хүрдэг. Эргээд тэр зүйл нь өөрт нь маш өндөр сэтгэл ханамжийг үүсгэдэг. Мөнгө хурдан олдох тусмаа хүний сэтгэл ханамж илүү хурдан буурдаг гэсэн судалгаанууд хүртэл байдаг.

-Зөвхөн мөнгө олох гэсэн зорилготой, туршлагагүй хүн энэ мэт сургалт явуулах нь бусдын ирээдүйд яаж нөлөөлөх бол?

-Маш олон төрлийн лайф көүч, эцэг эхийн сургагч багш гэж хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр лайф көүч зэрэг хүмүүс бусдын амьдралыг яаж эргүүлэх нь тодорхойгүй, бүр насан туршид нь сөргөөр нөлөөлж ч мэднэ. Тухайн хүнд шашнаас ч илүү нөлөөлж болно. Эдгээрээс гадна анги хамт олон, байгууллага дээр хүртэл зөвлөгөө, сургалтуудыг явуулаад эхэлдэг. Энэ байдлаар богино хугацаанд ашиг олж болох ч тэр хүний хэлсэн нэг үгний хор нөлөө нь гэр бүлд нь хүртэл нөлөөлж болно.

-Тэгэхээр ийм зүйл хийж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авбал зөв юм бол?

-Энэ нь нэг талдаа иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж, ийм зүйл хийж байгаа хүмүүст шаардлага тавих хэрэгтэй. Нөгөө талдаа мэргэжлийн байгууллагууд, холбоодууд шаардлага тавих, мэдэгдэл хүргүүлэх хэрэгтэй. “Ингэж байгаад л больчихно” гэдэг байдлаар хандвал санал нэгдэж байгаатай ялгаагүй.

Сэтгэл судлаачийн дүрэмд сэтгэл судлаач хүн хүнд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол үүрэг хариуцлага хүлээнэ гэж байдаг. Гэтэл мэргэжлийнх нь боловсролыг эзэмшсэн, долоо хоногийн сургалтад суусан хүн хоёр мэдээж тэнгэр газар шиг ялгаатай. “Мөнгөө төлөөд энэ дамжаанд хоёр сар суучихвал көүч болчихно. Данс руу мөнгө нь шууд ороод ирдэг юм байна, надаас ур чадвар нь шаардахгүй юм байна” гэсэн бодолтой болчихсон байдаг. Амархан ажил хийчихнэ, гэрээсээ ажлаа хийгээд бусад зүйлээ амжуулж болно гэдэг ийм мунхруулга, залилан маягийн зүйл байдаг гэж ойлгосон. Өмнө хэлсэнчлэн энэ асуудал ёс зүйтэй холбоотой. Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл нь хүүхдийнхээ хүмүүжлээр дамжуулаад ёс зүйг ойлгуулж таниулах ёстой. Мэдээж бүх шатны боловсролын байгууллагууд ёс зүйг мэргэжилтэн болоход шаарддаг. Дээрээс нь нэгнээ дагаж дуурайх зүйл ажиглагддаг. Ихэвчлэн ойр дотны хүмүүс нь санал болгодог.

-Тэгвэл “көүч” гэж нэрлэгдээд байгаа хүмүүс өөрөөсөө юуг асуух ёстой юэ?

-Хүнд зөвлөгөө өгөөд л мөнгөтэй болно гэж байвал “би өөрөө туршлагатай билүү, миний ёс зүй болох уу, чадваржих шаардлагатай юу” гэдгийг өөрөөсөө асуух нь туйлын зөв гэж хэлмээр байна. Ойр дотны хүмүүс нь ч шаардлага тавьж анхааран, ямар учраас ийм зүйл хийж байгааг нь ойлгох зэргээр ярилцаж, сонсох нь чухал байна.

 

Г.БАЛГАРМАА