Нийслэлийн ерөнхий төлөвлгөөний газраас өнгөрсөн сард ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан барилгын компанийн жагсаалтыг гарган Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж зөвшөөрөлгүй 33 барилгад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар есөн аж ахуйн нэгжид арга хэмжээ авч, дөрвөн компанийн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн дөрвөн компанид акт тавьж, тог цахилгааныг нь таслах шийдвэрийг гаргажээ.

Харин барилгын ажлаа эхлүүлээгүй ч газрын зөвшөөрөлгүй, эзэмшигч нь тодорхойгүй 16 компани байгааг тогтоосон аж. Өдгөө Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт "Баянбогд цончин" компанийн зоорь бүхий хоёр давхар барилга, Баянзүрх дүүрэг IV хороо 80 айлын таван давхар хоёр блок орон сууц, XVI хороо Да хүрээ техникийн захын хажууд барьж буй "Мануул трэйвэл" компанийн барилга угсралтын ажлыг тус тус зогсоосон байна. 

Баримт нэг: Сүхбаатар дүүрэг I, II хорооны нутаг дэвсгэр Нэгдүгээр сургуулийн хажууд "Болор мэлмий" эмнэлгийн суурин дээр барьж буй "Макс-Өргөө" компанийн 16 давхар барилга.

Уг барилга нь ямар ч зөвшөөрөлгүй атлаа шаардлага тавьсан албан тушаалтнуудыг үл ойшоосон байдалтайгаар өнөөдрийг хүрсэн. Анх 16 давхар хоёр орон сууц, хоёр давхар эмнэлэг гараашийн хамт барина хэмээн зураг төслөө баталсан байдаг. Харин техникийн нөхцөл, холбогдох зураг төслийг нь холбогдох албаны хүмүүсээр батлуулалгүй барилга угсралтын ажлаа 2012 оны наймдугаар сараас эхлүүлсэн юм. Ингэхдээ газар эзэмшигч "Болор мэлмий" компани өөрийн газартаа барилга барих эрхээ авсан ч ойр хавийн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг устгаж, талбайн хэмжээг заасан хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил гаргаад удаж байгаа. Тухайн үед НМХГ-аас олон удаа албан бичиг хүргүүлсэн ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоогүй.  Иймд акт тогтоолгож, шүүхийн байгууллагад хандсан ч асуудал тэгсхийгээд намжсан.

Баримт хоёр: "Макс-Өргөө"-гөөр хязгаарлагдахгүй. Нэгдүгээр сургуулийн замын урд байрлах "Чонон бөртэ" төвийн урд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн өргөтгөл барина хэмээн нийслэлийн газрын албанаас "Уран суварга" гэх компанид зөвшөөрөл өгчээ. Гэтэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг газрын эзэмшигч нь иргэн н.Бат-Эрдэнэ гэж бүртгэгдэж, барилга сургалтын зориулалтаар бус 10 давхар үйлчилгээ, оффисын зориулалтынх болон хувирсан байна. Тус барилгын хажууд нь "Хурган мөнх" нэртэй компани 15 давхар оффисын зориулалттай барилгыг мөн л сүндэрлүүлсээр...

Дээрх барилга нь Газрын зөвшөөрлөө хэзээ авсан эсэх нь тодорхойгүй. Үйл ажиллагааг нь НМХГ-аас нэлээд хэдэн удаа зогсоосон байдаг.

Энэ мэтчлэн жишээг дурдахад, манай улсад  зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхлүүлснийг нь холбогдох хууль хяналтын байгууллагаас тогтоож, улмаар үйл ажиллагааг нь зогсоодог ч маргааш нь ажлаа үргэлжүүлдэг тогтолцоонд шилжээд удаж байгаа юм. Тусгаар тогтносон улсынхаа хуулийг уландаа гишгэн байж улайрах нь бидний ирээлдүйд ашигтай юу? Мэдээж үгүй харин ч эсрэгээрээ олон арван хүн барилгын ослоос болж алтан амиа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болон хоцорч байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх хэрнээ эл зөвшөөрөлгүй баригдаад байгаа барилгын ажлыг зогсоож чадах эрх дээд эрх мэдэлтнүүдэд алга.

Уул нь Барилгын тухай хуульд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 50 метр зайд барилга, байгууламж барихыг хориглосон заалт бий. Гэтэл мөн л энэхүү хууль үйлчлэхгүй байгаа нь тун хачин...

 

Х.Даваа