Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-ийн Сургамж, судалгааны тасгийн дүн шинжилгээний офицер ахлах дэслэгч Б.Сувдтай ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Бид БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтад хамрагдаж байхдаа ийнхүү ярилцсан юм. Тэрээр Японы Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг дүүргэсэн анхны монгол эмэгтэй сонсогч гэдгээрээ онцлог нэгэн билээ. 

-Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Батсайханы Сувд гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн, айлын бага хүүхэд. Гурван эгч, нэг ахтай. Сүхбаатар дүүргийн Тэргүүний 35 дугаар дунд сургуулийг төгсөөд 2012 онд ҮБХИС-ийн Цэргийн командын сургуульд Радио-электроникийн инженерийн ангид элсэж хоёрдугаар курс хүртлээ суралцаад Японы Үндэсний Батлах хамгаалахын их сургуульд суралцах шалгаруулалтад тэнцэж арлын орныг зорьсон. Тус сургуульд ерөнхий цэргийн командын офицер, цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр таван жилийн хугацаанд суралцаж төгссөн. 

-Цэргийн хүн болох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Хүмүүсээс цэргийн хүн болсон шалтгааныг нь асуухад ихэнх нь аав, ээж нь цэргийн хүн болохоор тэднээсээ үлгэрлэж, удам угсааг нь залгамжлахыг хүссэн гэж хариулдаг. Миний хувьд бол арай өөр, эгч маань  цагдаагийн дэд хурандаа хүн л дээ.

Намайг таван настай байхад Цагдаагийн академид элссэн юм. Эгчийг анх карантинаасаа буугаад гэртээ бидний хэлж заншсанаар “Чацга ногоон”-той ирж байсныг ерөөсөө мартдаггүй юм. Цагаан царайтай эгч минь өөрөө бов бор, ногоон өнгөтэй китель нь шав шар болсон байсан нь тод харагддаг.

Хэдий царай нь борлож хувцас нь гандсан ч цэргийн дүрэмт хувцсаар гоёсон эгч маань энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй мэт харагдаж билээ. Тоглож наадахаас өөрийг боддоггүй балчир охин би яг л тэр үеэс эгч шигээ цэргийн хүн болох нууцхан хүсэл мөрөөдлийг дотроо тээж эхэлсэн. Эгч маань дүрэмт хувцсаа угааж индүүдээд жимбийтэл эвхээд шүүгээндээ хийчихнэ, би гаргаж ирээд л өмсчихнө. Ахин дахин өмсөж, толины өмнө нааш цааш эргэлдэж сониучирхана, уйдна гэж даан ч байхгүй. Үүнийг анзаарсан эгч маань “Миний дүүд ч гэсэн таарах гоё дүрэмт хувцас байж л таарна” гэж билээ. Эгчийнхээ энэ хэдхэн үгнээс урам зориг авч заавал өөрийн гэсэн дүрэмт хувцастай болно доо гэж өөртөө амлаж байлаа. Өнөөдөр тэрхүү амлалт маань биеллээ олжээ. 

-Цэргийн хүн болно гэхэд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ? 

-Манай гэр бүлд инженер, цагдаа, цэрэг, эдийн засагч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг болохоор аав, ээж хоёр минь намайг эмч болгох гэж нэлээд ятгасан. Гэвч би өөрөө эмч болох талаар огт бодоогүй. Тухайн үед аав маань цэргийн эмч болох боломж бий, үндсэндээ эмч мэргэжил ч эзэмшинэ, өөрийнхөө хүсэж байгаачлан цэргийн хүн ч болоод аль алиныг нь хослуулаад явах боломжтой талаар хэлсэн. Би ч зөвшөөрч Санкт-Петербургийн Хүн эмнэлгийн их сургуульд орохоор бэлдээд шалгалт өгч тэнцсэн. Гэтэл яг сургуульдаа бүртгүүлж, хуваарь авдаг өдрөө өөрийнхөө болхи байдлаас болоод бүртгэлээс нь хоцорчихсон. Үеийнхэн бүгд сургууль авчихсан би л ганцаараа үлдлээ, аав ээждээ юу гэж хэлэх вэ, тэнцсэн мөртлөө сургуульдаа элсэж чадсангүй гээд л өдөржингөө уйлж билээ. Ингээд л Монголдоо хуваарь авч өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу ҮБХИС-д элссэн хэрэг. Аав, ээж ч сонголтыг минь хүндэтгэн хүлээж авсан. Одоо бодох нь ээ аав, ах, эгч гээд манай гэр бүлд хууль, хүчний байгууллагад алба хаадаг цөөнгүй хүн байдаг болохоор бага охиноо эмч болгочихвол зүгээр юм уу л гэж аав ээж минь бодсон байх.

-Мөрөөдөж байсан хувцсаа өмсөж цэргийн хүн болсон анхны өдрийн сэтгэгдэл ямар байсан бэ? 

-Үсээ хоёр салаа сүлжсэн балчир охины цагаахан атаархал, хүсэл мөрөөдөл тэр өдөр биелсэн. Хээрийн эрээн хувцсаа өмсөж зургаа дараад “Өөртөө таарах дүрэмт хувцастай болчихлоо” гээд хамгийн түрүүнд эгч рүүгээ илгээсэн тэр мэдрэмж үнэхээр гоё. Бусад хүмүүсийн хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд ЕБС, ҮБХИС, Японы их сургуульд өмсөж байсан дүрэмт хувцаснуудаа нандигнаж хадгалдаг. Хожмоо үр хүүхэд, ач зээ нартаа ээжийнх нь, эмээгийнх нь өмсөж байсан хувцас гээд Батсайханы Сувд хэмээх бяцхан охины түүхийг ярьж өгнө дөө гэж боддог юм.  

Таныг Японы Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг дүүргэсэн анхны монгол сонсогч гэж сонссон. Энэ тухайд тодруулна уу?  

-ҮБХИС-ийн хоёрдугаар курст суралцаж байх намраа оюутнуудын дунд зохион байгуулагддаг Физикийн улсын олимпиадад оролцоод мөнгөн медаль хүртсэн. Үүний дараагаар их сургуулийн багш маань чиний голч оноо хангалттай юм байна, гадаадын их, дээд сургуульд шалгалт өгөөд үзвэл яасан юм гэж зөвлөсөн. Мэдээж Япон Улс аль ч талаараа дэлхийд алдартай, өндөр хөгжилтэй, залуусын хувьд очихыг хүсэж мөрөөддөг улс орнуудын нэг учир ямар ч эргэлзээгүйгээр тус улсын ҮБХИС-д шалгалт өгч тэнцсэн. Хэдийгээр тэнцсэн ч эмэгтэй гээд хасчих вий гэсэн айдас хургасаар л байлаа. Урьд нь манайхаас эмэгтэй сонсогч төгсөж байгаагүй учраас тэр шүү дээ. Тэгээд л суралцах болсон тухай хариу ирсэн тэр мөчид баярлах гэхээсээ илүүтэй маш их тайвширч, цээж дүүрэн амьсгалсан даа. 

-Японы ҮБХИС-ийн онцлогийн тухайд манай уншигчдад сонирхуулбал... 

-1953 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын тусламжтайгаар байгуулагдсан түүхтэй. Япондоо нэр хүндээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг их сургуулиудын нэг. Япон гэлтгүй гаднын улс орнуудын маш олон сонсогч суралцдаг. Тус сургуульд 1999 оноос монгол сонсогчид суралцаж эхэлсэн. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог.

Монголоос зөвхөн эрэгтэй сонсогч авдаг байсан их сургууль намайг суралцах хүсэлт өгсөн жил анх удаа Монголоос эмэгтэй сонсогч элсүүлсэн. Хэн хүний орж чаддаггүй тийм их сургуульд орж чадсан минь надад хангалттай том шагнал, аз завшаан байхад нэмээд Монголоос суралцаж буй анхны эмэгтэй сонсогч гэдэг эрхэм алдрыг би хүртсэн.

Монгол эмэгтэй сонсогчдын тухай анхны сэтгэгдлийг би энэ хүмүүст үлдээх нь дээ гэж бодохоор асар их үүрэг хариуцлагыг мэдэрдэг байлаа. Анх Японд очихдоо англи хэлээр ойлгох төдий, япон хэлний хувьд “А” үсэг ч үгүй байсан. Хүнтэй мэндэлж өөрийгөө танилцуулахаас авхуулаад дэлгүүр хоршоо орж ганц нэг хүнс цуглуулахад хүртэл хэл мэдэхгүй учир үнэхээр хэцүү. Манай их сургуулийн дээд ангийн сонсогч нар анх элсэн орж байгаа хүүхдүүдийг дааж авч хичээл, номыг нь хийлгэдэг, харж ханддаг, хүмүүжүүлдэг уламжлалтай. Түүний дагуу Зүүн Тимор Улсаас ирсэн нэг эгч намайг дааж авсан. Хоногт хоёр, гуравхан цаг унтаад л сарын хугацаанд эрчимтэй хичээж хичээллэсний үр дүнд өөрийгөө илэрхийлж чаддаг болсон. Тухайн үед л гадаад хэл сурч өөрийгөө хөгжүүлэх нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг маш сайн ойлгосон. 

-Сургалтын систем, чанарын хувьд манай ҮБХИС-иас хэр ялгаатай байсан бэ?

-Манай Батлан хамгаалахын их сургууль дэг журам, сургалтын чанар маш сайн. Төгсгөж буй офицер, ахлагч нарынх нь цэргийн хэргийн мэдлэг, бие бялдар болоод сэтгэл зүйн бэлтгэлжилт гадаадын цэргийн их, дээд сургууль, академийн төгсөгчдийн өмнө гишгэнэ үү гэхээс ард нь ороод байхгүй.

Ганц дутагдалтай тал гэвэл төгсөгчдийн хэлний мэдлэг арай тааруу байдаг юм болов уу гэж хардаг. Соёлын ялгаа бол нэлээд байсан. Манай монголд марш, тэмцээн уралдаанд оролцох үед эрэгтэйчүүд эмэгтэй сонсогчдодоо тусалж, бууг нь үүрэх, хөтлөөд гүйх гэх мэт тохиолдол түгээмэл ажиглагддаг. Японд бол эсрэгээрээ, энэ нь тухайн хүнийг халамжлах гэхээсээ илүүтэй доромжилсон хэрэг гэж хардаг.

Жишээлбэл, намайг хэлний дамжаа төгсдөг жил манай сургуульд метр 45-тай, туранхай охин элссэн. Тэр охинд таарах дүрэмт хувцас, гутал олдоогүй. Би ч дотроо бие бялдрын шалгалтдаа тэнцэхгүй шууд л хасагдах байх даа гээд бат итгэчихсэн байлаа. Шалгалт болоход бидний дунд түүн шиг хурдан гүйдэг, бяр чадалтай, онц сурлагатай хүүхэд байгаагүй. Хүнийг гадна төрхөөр нь шүүж, дүгнэсэн өөрөөсөө ичсэндээ сүүлд тэр охиноос би уучлалт гуйж билээ. Товчхондоо, Японд эрэгтэй, эмэгтэй гэж хүнийг хүйсээр нь ялгадаггүй. Давна, туулна, чадна гээд тус сургуульд элссэн л бол чиний эмэгтэй эсвэл эрэгтэй байх нь хамаагүй байдаг. Энэ нь ч зөв юм билээ. Ер нь цагаа тулбал манай эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй тэсвэр тэвчээртэй шүү дээ.(инээв) 

-Арлын оронд суралцаж байхад тань тохиолдсон хамгийн гоё дурсамж гэвэл юуг онцлох вэ? 

-Мэдээжийн хэрэг дипломын ажлаа амжилттай хамгаалаад гарч ирсэн  яг тэр мөч үгээр хэлэхийн аргагүй байсан. Мөн Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ төгсөлтийн баярт маань оролцож, бид таван жил хичээж суралцсаны үр дүнгээ мэдэрч малгайгаа шидэн хөөрцөглөж байсан тэр үе, эх орондоо ирээд офицерын анхны цол буюу дэслэгч цолоо ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Ганзоригоос гардан авсан мөч үнэхээр сайхан. Тухайн үед Ганзориг генерал ЗХЖШ-ын АУГ-ын газрын дарга байсан юм. 

-Хүний газар эх орноо санагалзах, харьж ирмээр болох үе бишгүй л байсан биз? 

-Тэгэлгүй яах вэ, бишгүйдээ л санана. Шантрах няцах үед бүр их санагддаг даа, эх орон минь. Курс бүрт бие бялдрын хувьд заавал биелүүлэх хүн нэг бүрийн нормативтай. Түүндээ тэнцэхгүй бол дэвшин суралцахгүй гэсэн бичигдээгүй хуультай л даа. Туул голоосоо өөр их ус үзээгүй надад зах хязгааргүй далайд найман километрийн зайд сэлнэ гэдэг бараг л бүтэшгүй санагддаг байлаа. Сэлж байхдаа хөл алдаж живэх, давстай ус залгих, далайн залхагт хазуулах гээд багагүй бэрхшээлтэй тулгарсан ч аажимдаа дасан зохицож, сүүлдээ тоохоо больсон. 

-Сургуулиа төгсөж ирээд аль ангиас ажлын гараагаа эхэлж байв?  

-Анх Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сэтгэл зүйч албан тушаалд томилогдон гурван жил ажилласан. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч мэдсэн, манай Монголын цэргийн алба хаагчид хэчнээн мундаг болохыг мэдэрсэн он жилүүд байсан даа. Гадаадын улс оронд зөвхөн өөрийн мэргэжлийн хүрээнд тухайн хариуцсан ажлаа хийдэг бол манайд тийм биш. Сэтгэл зүйч нь СХА, бичээч, хэвлэл мэдээлэл гээд хэд хэдэн мэргэжлийн наад захын чадварыг эзэмшсэн байх шаардлага тулгарсан. Сэтгэл зүйч гэлтгүй бусад мэргэжлийн цэргийн алба хаагчид хүртэл адилхан хэнд, хаана, ямар тусламж дэмжлэг шаардлагатай байна түүнд тохируулан хувьсаж чаддаг, тухайн ажлыг чадварлаг гүйцэтгэдэг нь бахархмаар шүү. 2021 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-д ажиллах санал ирсэн. Бараг бодолгүй шууд л саналыг нь хүлээн авч өдгөө хүртэл мундаг чадварлаг хамт олны нэг эд эс нь болон ажиллаж явна. Анх ЭДАСТ-д томилогдож ирэхдээ үе үеийн мундаг дарга нарын ажиллаж байсан, ажилласаар ч байгаа энэ газар миний чадвар, чадал хүрэх болов уу гээд их айж түгшиж байсан даа.

-Ингэхэд таны мөрөөдөл юу вэ?

-Япон хэлтэй, англи, солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй болохоор албан тушаал, хэргэм зэрэг хөө, ирээдүйгээ бод гэх мэтээр зөвлөх хүн олон таардаг. Ямар цол, эрх мэдэлтэй байх нь надад нэг их чухал биш. Харин сайхан аав, ээжийн нэр хүндийг сэвтүүлэхгүй зөв явах юм сан гэж боддог. Гэлээ гэхдээ хүний амьдрал таашгүй шүү дээ. Ирээдүйд хүмүүсийн зааж зөвлөөд байгаа шиг “дарга” болох ч юм бил үү, хэн мэдлээ. “Соёмбо” сонинд өгсөн ярилцлагаа эргээд уншсан чинь дарга болохгүй, албан тушаал хөөхгүй гээд баахан томорчихсон байвал ичмээр биз дээ. Нөгөө л нэр дэвшихгүй гэж байгаад Их хурлын гишүүн болчихсон байдаг ах, эгч нар шиг (инээв). Мөрөөдлийн хувьд их энгийн. Ээж, эгч шигээ хүний сайн хань, сайн ээж болохыг хүсдэг. Хүн гэдэг эцсийн эцэст сайхан хайр, гэр бүлийг цогцлоохын төлөө үхэн үхтлээ хөдөлмөрлөдөг юм шиг санагддаг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол. Заавал эрх мэдэл, албан тушаал хөөж завгүй амьдрахаас илүүтэй чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж, хамтдаа аялж, зугаалж эрх чөлөөтэй, стрессгүй, эрүүл сэтгэл зүйтэй амьдрахыг илүүд үздэг. 

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр тун удахгүй БНӨСУ-ыг зорих гэж байна шүү дээ. Энэ тухай сэтгэгдлээ хуваалцаач? 

-Тийм ээ. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальонд иргэн-цэргийн харилцааны офицероор үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлээ базаачхаад байна. Цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын эгнээнд элсэж буйдаа сэтгэл хангалуун байна даа. 

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Хэд хэдэн учир шалтгаан байсан. Юуны түрүүнд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь өөрөө асар том нэр хүнд гэж ойлгодог. Биднийг ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтад хамрагдаж байх хугацаанд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамт олон ирж тодорхой сэдвийн хүрээнд яриа хийсэн. Энэ үеэр тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч бидний сайн мэдэхээр “Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгч Э.Ууганбаяр хэлсэн үгэндээ “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь энэ дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож буй хэлбэр” хэмээсэн. Түүний энэ үг надад маш их таалагдсан. Зөвхөн жишээ татахад Конго Улсад гэхэд секундэд гурван эмэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Цохилж буй бяцхан зүрх бүхэнд хүрч ажиллаж чадахгүй ч тодорхой хэмжээнд өөрийнхөө хийж чадах бүхнээр тусалъя гэж бодсон учраас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх шийдвэрийг гаргасан. 

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Энхийг сахиулах ариун үйлсэд нь амжилт хүсье...  

 

-Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.   

Дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

Эх сурвалж: "Соёмбо" сонин