Нийслэл маань түгжрэл, утаа дундаа таг зогсож байна
2023/12/25
Нийслэл хот түгжрэл, утаа дунд, ажил төрөлтөй нь ажилдаа, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хожимдож, амьдрал нь бүхэлдээ таг зогсож, дарга маань энэ хүнд, хэцүү үед хариуцсан ажлаа орхиод ирэх жил болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр гүйлдэж байна. Монгол Улсын нийслэлийн өнөөгийн байгаа дүр төрх нь энэ.
Цас зудын байдалтай байгаа хөхүй өвлийн хүйтэнд шатахуун, эрчим хүч нь хомсдож буйгаас харахад эх байгаль сонгуулийн өмнөх улс орны байдлыг шалгаж байна уу гэмээр. Дэлхийн нийслэл хотуудаас хамгийн цөөхөн буюу 1,6 саяхан оршин суугчтай Улаанбаатар хот түгжрэл, хорт утаагаараа бол тэднийг араасаа дагуулж буй. Тэр нь бүр энгийн аар, саархан, оршин суугчид нь ямар орчинд, хэрхэн амьдарч, ахуйн болон бусад үйлчилгээнүүд гэх мэт өдөр тутмын амьдралд анзааралгүй өнгөрөөсөн бэрхшээл, зовлон нь хураагдсаар өнөөгийн түвшинд хүрчээ. Энэ дунд жолооч нар, явган зорчигчид нь замын хөдөлгөөнд оролцож буй байдал бол дайсандаа ч хүсмээргүй зүйл. Өнөөдөр нийслэл хотын зам харгуй, зогсоол, орон зайг бүхэлд нь автомашин дангаараа эзэлчихсэн байна.
Түгжрэл... Энэ хэцүү үгийг бид зөвхөн эрүүл мэндийн хүрээнд хааяа хэрэглэдэг байсан бол одоо өглөөнөөс орой болтол бүхний амны уншлага болчихож. Жолооч нар түгжрэл дунд хараал урсгаж, явган гарц дахь зурвас битүү машин, зорчигч гарцгүй газраар тэдгээрийг сүлжин зүтгэж байна. Саяхан би Сансрын туннель дороос ТЭЦ-3 автобусанд бууж гэртээ ирэхээр Ард кино театрын буудал хүртэл түгжирсээр |3 буудал зайд| 3 цаг болж ирлээ.
Дулаан үед би явган 20 минут л явдаг юм. Энэ хүйтэнд автобусаар явахаас өөр боломж үгүй” гэж баттай бодсон минь ёстой л “туннелийн бодол” болчихож. Замын түгжрэл дийлдэшгүй том асуудал болж, оршин суугчид нь бүр залхаж байгаа ч цаашид сийрэгжих төлөв харагдаж өгөхгүй л байна. Таг зогссон үед бол ууртай жолооч нарын тоо нэмэгдэж “Үлгэр жишээ соёлч хот” болох уриатай нийслэлийн маань соёлын түвшин эрс буурчихдаг юм. Энд томоохон хэмжээний бодлого, төлөвлөлт хийж, цаашдаа явган зорчигч, жолооч нарын соёлд илүү анхаарал тавимаар юм. Бид замын хөдөлгөөнд дэндүү соёлгүй оролцож байгаа. Жолооч нар өрсөлдөж уулзварт орохоор замын голд машинаа гацаачихаад хувцасаа хөнгөлж байгаад нударга зөрүүлж дуустлаа хөдөлгөөн хааж байхыг би нэг бус удаа харсан. Бусад нь зугаатай нь аргагүй хараад л зогсож байдаг. Соёлтой хотуудад явган зорчигчдод зам тавиагүй буюу явган гарцын зурвас хааж зогссон жолооч торгууль хүлээдэг юм билээ. Гэтэл манайхан бүр зам хааж байгаад нудрага зөрүүлж түүнээс дээгүүр эрхтэй нь замын гол дунд урсгал боогоод баар, ресторан хүртэл бариулчихдаг. Мэдээж хотын албад зах зухаас нь цэгцэлж л байна. Түгжрэл багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль гарч одооноос түгжрэлийн тухай том яриа, төрөл бүрийн арга хэмжээ авч, урвагчид, идээч уугаачдыг хайж байгаа. Төв урсгалаар баруун гараас эргэхийг туршиж байна. Ийм боломж бий юу гэвэл бий. Нийслэл хотод жил бүр дөч-тавиад мянган автомашин шинээр нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд баруунаас эргэх тэр сиймхий нь олдох эсэх нь л гэхээс. Дугаарын хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зэргээр хөдөлгөөн сийрэгжүүлэхээр оролдож байна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөө маргаашийн,түр зуурынх. Энд томоохон хэмжээний, иж бүрэн төсөл хэрэгтэй болжээ. Хорь, гучин сая оршин суугчтай дэлхийн томоохон Токио, Шанхай, Нью Йорк, Москва гэх мэт хотууд энэ асуудлаа хэрхэн шийдэж чадсан юм. Тэд газар дээгүүр гүүр, доогуур нь метро, усан зам, агаараар дүүжин гэх мэт байгаа бүх боломжоо ашиглан зөрлөг гарган, гэрлэн дохионы мэргэжлийн эрдэмтэд бүхий бүхэл бүтэн эрдэм шинжилгээ, судалгааны төв ажиллуулж, замын ачаалал, нөхцөл байдалд нь тохируулсан нарийн тооцоо шийдлээр хөдөлгөөнийг зохицуулж байна.
Замын хөдөлгөөн зохицуулах ийм боломж манайд бий болгох шаардлагатай байх. Энэ бол жолооч болгонтой зууралдах бус, шинэ технологи бүхий өргөн цар хүрээний их хотуудын замын хөдөлгөөний удирдлагын бүтэц, цаашид түгжрэлийг зөв төлөвлөх гол гарц болох юм. Тухайн хотын замын байгууллага энэ төвийн гаргасан шийдлийг хэрэгжүүлэхэд тохирсон хөдөлгөөний дүрмээр хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган, замын цагдаа нар аль болох урсгал дунд автомашин зогсоохгүй байх боломж бүрдэх юм. Камержуулалт бол бүрэн хийгдсэн байх.
Бид хэтийн бодлоготойгоо зэрэгцүүлэн технологийн нарийн шийдэлтэй, олон боломжит ийм цогц программыг хэрэглэхгүйгээр байнга нэмэгдэж буй их ачааллыг цаашид зохицуулах боломжгүй. Ухаалаг мэдрэмжтэй энэ системд замын ачааллын байдлыг мэдэрч бөөгнөрөл ихтэй талд нь хөдөлгөөн түлхүү нээж өгдөг автомат тохиргоо байдаг. Хоорондоо ойрхон гэрлэн дохиотой уулзварт жолооч нар нэгээс нөгөөд хүрэх болгонд улаан гэрэлд хаагдаж байн, байн зогсон бөөгнөрөл үүсгэж байна. Ингэхгүйн тулд зарим хоорондоо ойрхон уулзварын гэрлэн дохионд аль болох “ногоон урсгал”-тай тохиргоо хэсэгчлэн хийдэг. Жишээ нь: Багшийн дээдээс ногоон гэрлээр орж Төв шуудангийн уулзвар гартал зогсолтгүй ногоон гэрлээр явах урсгал гэх мэт. Ийм боломж бол жолооч нарын мөрөөдөл шүү дээ. Энэ урсгал дуусахад нөгөө тал нь ногоон урсгалд орох гэх мэт. Ийм нөхцөлд энэ хэсгийн дагуух зам дээр автомашин зогсохгүй хөдөлгөөн нэвт үргэлжлэх болно. Ерөөс зарим ачаалалтай хэсэгт авто хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай болдог. Жолооч хаа дуртай газраа зогсохгүй. Ийм үед дарга нар бүх хөдөлгөөнийг зогсоож байгаад зорчвол ногоон урсгал үргэлжлэх боломжгүй болно. Ерөөс улс орнууд төр засгийн ордон, төрийн болон түүнд очих том зочин төлөөлөгчдийн замыг аль болох тусд нь байлгахаар төлөвлөдөг. Манай нийслэлийн автозамын гэрлэн дохионы тохиргоо их ачааллын урсгалтай гүйцэхгүй байгаа. Энэ бол аль нэг даргын шийдвэрээр зохицуулах боломжгүй зүйл. Нийслэл хотын авто замын хөдөлгөөний хамгийн том асуудал бол бүх тээврийн хэрэгслүүд, явган зорчигчтойгоо нэг тэнхлэгт огтолцолж буй явдал. Ихэнх тохиолдолд төмөр зам нь авто замтайгаа нэг зам дээр огтолцож байна. Жолооч нар нь бүр төмөр зам дээрээ гацаад зогсчихсон байх юм. Энэ бол аймшиг. Иймээс боломж бүрийг ашиглах, аль нэг урсгал нь дээгүүр, доогуур нь гардаг зөрлөг барих ийм шийдэл зайлшгүй болжээ. Энэ бол он жилээр хугацаа шаардах амаргүй ажил. Гэхдээ одооноос ирэх онд хэдэн уулзварыг аюулгүй зөрлөгтөй, хэдэн зогсоол барихаа тооцож, дулаарахад ажил нь эхэлж мөн ондоо дуусгах байдлаар гэх мэт шуурхай явбал энэ ажил 1-3 жил лав үргэлжлэх байх. Өнөөдөр яриад л өнгөрвөл тэгээд л өнгөрнө. Метро бол үүнээс маш том, хугацаа, хөрөнгө мөнгө их шаардах ажил. Хуучин Жайка (JICA) 1983 онд билүү нийслэлд метро барих зураг төсөл гаргаж “Бид метротой болж Япон лугаа адил хөгжинө” гэж байлаа. Манайд төр засгийн шийдвэрт залгамж халаа гэж алга. Нэг нь бүтээх гэж зүтгэж байхад нөгөө нь үүнийг би л хийхгүй бол өөр хэнч хийхгүй гээд нурааж байдаг. Одоо түүнийгээ орхиод дахиж 180 гаруй тэрбум орчмын зардлаар шинэ зураг төсөв хийх болж гэнэ. Вальют бус төгрөг л байгаасай гэж мөрөөдье. Цаана нь жинхэнэ барилгын ажил нь хүлээж байгаа шүү дээ. Энэ бол бидний огт хийж үзээгүй асар нарийн төвөгтөй ажил. Ерөөс энэ метрог тэр бэлэн байгаа Жайка төслөөр Япон инженерээр нь ахлуулаад хийлгэвэл яасан юм.
Бас нэг асуудал бол манай нийслэл гадны хуучин автобус машины зогсоол болсон. Тэр дунд “буруу” талдаа жолооны хүрдтэй суудлын машинууд. Өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 10 тутмын 7-8 нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа. Гэтэл бид чинь замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй улс шүү дээ. Иймээс одоо байгааг нь |буруу талдаа жолоотойг| элэгдэж дуустал нь ашиглаад, цаашид зөвхөн “зөв” талдаа жолооны хүрдтэйг авч байя. Эсвэл бүгд “буруу” талдаа жолооны хүрдтэй болж зүүн гарын дүрэмд шилжиж ч бас болно л доо.
Ингэж нэг тийш нь болгоё. Замын уулзвар, гарц бөглөн барьсан барилга байгууламжуудыг “Таны эрх чөлөө, бусдын эрхийг хөндөхгүй байх” зарчмаар буулгах хэрэгтэй. Энд хотын хууль дүрмийн хэрэгжилт гэдэг том асуудал хөндөгдөх болно. Зөвшөөрөлгүй барьсан барилга, олгосон газар гээд бусад бүх асуудал багтана. Үүний цаана гарахгүйгээр өнөө маргаашийг аргацаавал бид энэ зовлонгоос хэзээ ч салахгүй. Хотын удирдлага ийм томоохон зүйл, эл бүгдийг нийслэлийн хүн амын нягтралыг багасгах ерөнхий бодлоготойгоо уялдуулан жил болгон ухдаг шугам сүлжээ, үерийн ус зайлуулах системтэйгээ, яригдаад байгаа метротойгоо нэг мөр зориглон хийвэл яасан юм. Ийм хотын даргад ирээдүйд хөшөө босгоё. Дашрамд Хөшөө дурсгал нийслэлд босгох, гудамжны нэр өгөх тухай хуучин журмаа эргэж харах шаардлагатай. Хэнд, хаана хөшөө босгох асуудлыг зөвхөн төрийн хяналт дор шийдэх журам хэрэгтэй. Хэнд нь хамгийн том хөшөө босгож, бүхэл гудамжийг түүний нэрэмжит болгох гэх мэт. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавъяагаар нь эрэмблэн чухам ямар түвшинд, хэний шийдлээр шалгаруулж байхыг дахин нэг эргэн харж шийдэх нь зөв байх. Эсвэл мөнгөө төлөөд дуртай газраа хөшөө босго гэх үү. Хотын төвийн хэсэгт гудамжний нэр эрж олох бол тамын ажил болсон. Иймээс бид Таван шар,офицер, Нохойтой хөшөө, Урт цагааны ар, өвөр гэх мэтээр ярьж бүр хэвшсэн. Хотын гудамжны нэр, хаяг, байшингийн дугаар болон тэмдэг,тэмдэглэгээ маш хангалтгүйг хот анхаарах ч үгүй бүр орхисон. Зарим байгууллага гудамжны нэрийг халхлаад дээр нь өөрийн рекламаа байрлуулчихдаг болсон. Соёлч Улаанбаатар хот маань гудамжаа их эрдэмтний нэрээр нэрлэхдээ Б.Ринченгийн гудамж гээд бичсэн байна лээ. (Баянгол зочид буудлын ар) Бодвол их эрдэмтэн зохиолчийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэрэмжит гудамж гаргасан хэрэг байх л даа. Харин их эрдэмтэн өөрөө үүнийг харсан бол яах байсан бол. Манай цахим, чөлөөт лавлах хэмээх Википедиа-д Рэнчин, Ринчин, Ренчин, Ринченгийн намтар, Ринчингийн Чойном.. гэх мэт (энэ хоёр хүний нэр дор) мөн ч олон янзаар бичсэн байна лээ. Онохдоо тааруу гөрөөч олон сум тавиад... ядаж нэг нь тусах буй гэх маягаар гаргаж дээ. Нийслэл маань очиж, очиж Bонгол хэл бичгийн суут хүн, их эрдэмтнийхээ нэрэмжит гудамжийг алдаатай бичсэн болж таарч байгаа юм. Энэ дүрмээр бол одоо Ринчингийн Чойном, Дамдингийн Сүхбаатар гээд дахин шинэ гудамж гаргавал ч ёстой л “есөн шид нь бүрдэх” гэдэг нь болох байх. Ер нь бол нэр нь гудамжныхаа ядаж л эхлэл төгсгөл хоёрт нь заавал бичигдсэн байх шаардлагатай, тэнд буй улсын, хувийн хэвшил үүнийг хуулиар хариуцах үүрэгтэй.
Гудамж бүрийн барилгын нэгдүгээр давхарын эх, эцсийн эгнээнд буй байгууллага, аж ахуйн нэгжүүд гудамжны нэр тавих үүрэг хүлээдэг журам гаргах нь зөв байх. Нэр, хаяг нь тодорхой бол зорчигч төөрч будилж гудамжны хөдөлгөөнд саад болохгүй. Ялангуяа төвийн хорооллуудад жуулчид, жолооч нарын өмнө эмнэлэг, дэлгүүр, ШТС. Зочид буудал, музей гэх мэт үйлчилгээний газрууд хүртэлх зай, бусад шаардлагатай мэдээллүүд олон хэл дээр харагдаж байхаар тавигдсан байвал хөдөлгөөн шуудрана.
Авто машины нүхэн зогсоол эсвэл гадна талд олон давхар зогсоол шаардлагатай болж байна. Гадаад орнуудын метроны эцсийн буудал, нисэх буудлуудынх шиг. Хотын захын оршин суугчид нь метроны эцийн буудлын зогсоол дээр унаагаа юүлээд метрогоор хотын төв ордог. Өөр улс, хотод зорчих бол нисэх буудлын зогсоолд унаагаа орхиод нисдэг. Метро хотын төв хэсэгтээ гол зөрлөг нь байж түүнээсээ тал, тал тийш салбарлаж гарсан зам бүхнийг тойруу замаар холбож эцсийн буудлуудаа тал бүрээс ирэх хөдөлгөөний аман дээр тосуулж барьдаг. Том хотууд ийм л байдаг. Ийм суурьшилд байгаа орон сууц, үйлчилгээний барилга үнэд ордог. Манайд автобусны буудалтай ойр хашаа, байшин үнэд хүрдэг шиг. Газар дээгүүр автомашин, доогуур нь метро, дээгүүр нь замын хөдөлгөөн саадгүй болж, ийм байдалд явган зорчигч автозам дээрх гарцаар гарах нь цөөрнө. Дэлхийн томоохон метротой Москва хот бол хамгийн хүртээмжтэй сүлжээ, хамгийн олон станцтай газар доорхи бүх саадыг, давж метро хурдан, чанартай барих,засвар үйлчилгээний талаар өндөр туршлагатай болсон байдаг. Нийслэл хотын Барилгачдын талбайд байгаа нүхэн граж бол арай ч дээ гэмээр. Уул нь талбай дороо гражтай болж гадаах хөдөлгөөнөө чөлөөлөх зорилготой хийсэн байх. Гэсэнч газар дор граж гээд талбайгаа дээш нь нэмж өндөрлөөд тэр хавийн барилга архитектурын зохицол, өнгө үзэмж, хуучин байсан тэр орчны гайгүй сайн дүр төрхийг нь алдагдуулаад дор нь граж гэж иймэрхүү юм хийж орхисон байна лээ. Одоо гадаа талбайд нь машин багтахгүй Занабазарын музей үзэх жуулчдын автобус зогсох боломжгүй, ерөөс явган зорчигч явахад ч маш төвөгтөй болсон. Барилга хот байгуулалтын яам ийм юм өмнөө бариулчихаад өөрсдөө өмнөх талбайдаа машинаа багтааж шингээхгүй чихэлдэж байна. Энэ талбайг хуучин түвшинд нь буцааж оруулаад доод гражид нь дээрх автомашинууд багтахаар зай олигтойхон нэмж гаргаад засчихаасай даа. Тэгэхээр бидэнд метро, газар дор ба дээр, авто зогсоолууд хэрэгтэй болох нь. Шинээр барьж буй орон сууц доороо гражтай, орчиндоо нь заавал цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй байх шаардлагатай. Оршин суугчид нь эмнэлэг, үйлчилгээ хайж явахгүй, үр хүүхдүүд нь өөрсдөө ойр сургууль, цэцэрлэгтээ яваг. Их, дээд сургуулиуд сийрэг хэсэгт, заримыг нь орон нутагт гаргавал дээр байх. Орон нутгаа хөгжүүлэх, тэнд дэд бүтэц соёлын хэрэгцээ гол нь хүн амд нь ажлын байр хэрэгтэй. Өөрсдөө жижиг үйлдвэр, аж ахуй эрхлэх, гадны том компаниудын туслах үйлдвэр, оёдол, ядаж автомашиных нь шалавч... юу ч байж болох.
Хөгжлөөр дорой буурай оронд хөгжингүй улсууд өөр,өөрсдийн эрх ашгийн үүднээс л ханддаг. Тэгээд ч бид олигтой юм хийсэнгүй. Ажил голоод хийхгүй, сугалаагаар мөнгө хожих, хулгай хийх, бусдын бүтээснээс хувь хүртэх, хаанаас ямар тусламж ирэх бол хэмээн толгойгоо гашилгаж дасчээ. Бидэнд хэрэглээнийхээс гадна тууштай хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй байна. Зөвхөн сонгуулийн хооронд бус “Алсын хараа” дундаа богино хэмжээний эрчимтэй төлөвлөлт баймаар.
Залуусд олж авсан өндөр мэдлэг боловсролоо үйлдвэрэлэлд хэрэгжүүлэх бүтээлч чадвар түлхүү эзэмшүүлмээр юм. Тэд хийж, бүтээж сурахаас илүү гадаадын их дээд сургууль төгсч, улс төрд орвол амьдрал сайхан болно гэх итгэл үнэмшилд автсан байна. Мэдээж сурч боловсрох бол сайн хэрэг. Залуус улс төрийн өндөр боловсрол эзэмшин энэ салбарт туршлагажин улс төрд орж чадвал тэд хуучинсаг байдлыг түрж, шинэлэг агаар нэвтүүлэх сайн эргэлт болно. Үйлдвэрлэл, техникийн мэргэжилтэй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож аль нэг доголдож яваа салбарыг өөд нь татаж чадвал энэ жинхэнэ бүтээлч ажил болно. Хайран сайхан мэргэжлээ намын даргын карьераар бүү соль. Урд өмнө бид та нарыгаа эх орны маань ирээдүй гэж боддог байлаа. Өнөөдөр та нар бол ирээдүй бус одоо цаг яг болчихсон байна шүү. Агаарын бохирдолд өртсөн энэ өнгөрсөн 20-иод жилд бид тэр бум, тэр бумаар нь хөрөнгө мөнгө зарцуулсаар олигтой ахиц олоогүй хэвээр. Утаагүй зуухандаа, уургүй цайгаа нүдэж, аагтай цайгаа чанадаг бол үлгэрт л гардаг мөрөөдөл байх. Зуух байвал гал түлнэ, гал түлэх л юм бол утаа гарна шүү дээ. Өнөөдөр сайжруулсан түлш нь сайжирсан ч үгүй, түгжрэл, утаа хоёр бидний өнөөг хүртэл шийдэж чадаагүй гол асуудал хэвээр байна. Жилийн жилд сайжруулаад байхад муудаад байгаа түлшийг заавал хэрэглэх гэж асар их зардал гаргалаа. Бусад эх үүсвэрт шилжих боломж хайя. ОХУ-аас зэргэлдээ хил залгаа мужуудаас шатдаг хий авч болох тухай оролдоод үзвэл яасан юм. Төмөр замаа дагуулаад авч болох байх. Бид энэ замаараа ОХУ-аас шатахуун, бусад худалдаа хийж л байна. Улс төр, геополитик ярихгүй, заавал Хятад улс манайхаар хийн хоолойгоо дайруулж гаргаасай хэмээн харж суухгүйгээр. Тэгвэл үнэ хямдарч, айл өрх, цахилгаан станцуудын утаанаас бүр мөсөн салах болно. Мэдээж энэ бол амаргүй, том ажил гэхдээ хорт утаанаас бол баттай салж чадна. Энэ бол хөрш хоёр орны хооронд байж болох аж ахуйн энгийн асуудал. Хорт утааг сааруулах асуудал эндээс эхлэнэ. Хотын утаа, автомашин, зогсоол, барилга, хүн ам төвлөрөл энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой зүйл. Үүнийг түгжрэл, утаа, шатахуун, эрчим хүч гэж нэг нэгээр нь салгаж тус бүрд нь бэрхшээл, зовлон тоочиж оросууд биднийг шатахуун, эрчим хүчээр хясан боож байна. Тэдний зорилго бол Монголчуудыг хөгжүүлэхгүй дороо дарж, хараат байлгах явдал гэх мэтээр шууд л өлгөж аваад улс төржүүлж эхэлдэг. Манайхны энэ яриа оросуудад тийм ч таатай сонсогдохгүй байх. Бид иймэрхүү сэтгэлгээгээ өөрчлөн, хуучин болоод өнгөрсөн зүйлийг орхиж өмнө хүлээж буй ирээдүйгээ ярьцгаая. Худалдаа харилцаагаа хөгжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь талаар бодох нь зөв буй. Монголчууд Сандо амбан, Барон Унгерн нарын Нийслэл хүрээнд анх тавьж өгсөн цахилгаан лампагаас хойш өнөөг хүртэл хойд хөрш манайд эх үүсвэрүүд барьж, эрчим хүчний хэрэглээг байнга хангасаар ирсэн. Сайн ч бай, муу ч бай биднийг гал алдуулаагүй. Тэгээд ч манайд эрчим хүч, шатахуунаа нийлүүлэх ашиг сонирхол тэдэнд байсан, одоо ч байгаа. Тиймгүй бол энэ тухай ярих ч үгүй.
Өдгөө манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газрын сайд нар сонгууль бүрийн дараа ОХУ-д очиж,үзэл бодлоо солилцон, гэрээ хэлцэл хийж байгаа. Албаны хүмүүс гадаад оронтой гэрээ хэлцэл хийх ур чадвар бол маш чухал зүйл дээ. Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа нэмэгдэж байгаа ч бүх боломжоо бүрэн ашиглаагүй, бид өөрсдөө эрчим хүч, шатахууны хүчин чадлаа нэмнэ гэж ярьсаар байгаа ч бодит өөрчлөлт гаргаагүй л байна.
Ядаж л шугамын алдагдлаа бууруулаагүй, сэргээгдэх эрчим хүч гаргах боломжоо ашиглаагүй, усан цахилгаан станцаа барьж дуусгаагүй, ялангуяа баруун аймгууд ОХУ-ын эрчим хүчний бүрэн хамааралд хэвээр байна. Оросын талын цахилгаан станцад аваар гарч нийлүүлэлт түр багасч магадгүй гэсний төлөө (өөр гарцгүйгээ мэдсээр байж ) хэтэрхий улс төржүүлэх нь яавч бидэнд ч сайн зүйл болохгүй. Эл байдлаас гарахын тулд бид өөртөө байгаа эрчим хүчний хүчин чадал, эх үүсвэрүүдийг нэмэх, Таван толгой, Бага нуурын цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрээ барьж дуусгах, цаашид бага оврын атомын цахилгаан станц бариулах талаар судлах хэрэгтэй. Энэ бол түр зуурын бус, нэг хийснээ жил болгон задалдаг ч бус, үнэхээр том, иж бүрэн арга хэмжээ, үр дүнтэй бүтээн байгуулалт болно гэж бодном. Гэр хорооллын бүх иргэдийг хотын төвд орон сууцанд шилжүүлэх боломж одоогоор байхгүй. Зарим боломжтой хэсэг нь (ялангуяа олон хүүхэдтэй гэр бүл) өөрийн гэсэн хувийн өмчийн газар дээрээ өөрийн гэсэн хувийн байшингаа бариад тав тухтай амьдран суусан нь дээргүй юу. Энд дэд бүтэц, нийтийн үйлчилгээ нүхэн жорлонгийн асуудал бий. Үүнийг шийдэх нь орон сууц барихаас хялбар байх. Бид цаашдаа ойр зуурын тээвэртээ шатахууны хэрэглээгээ багасган, шатдаг хийгээр явдаг буюу цахилгаан хөдөлгүүр бүхий автобус, автомашин, такси, микробус гэх мэт нийтийн тээврээ түшиглэн түгжрэлээс хөдлөх боломж хайя. Хотын далан суваг үерийн аманд буй айл өрх, барилга байгууламжид хатуу хяналт тавьж зөрчсөнд нь нийтийн эрх ашгийн үүднээс хандахаас өөр замгүй. Бид цаашид худалдаа эдийн засгийн нээлттэй бодлого баримтлан, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө иргэд нь нэгдмэл санаатай, төр засаг нь залгамж халаатай, түшээд нь улс орны эрх ашгийг амин хувийнхаас дээгүүр тавьж чадваас өмнөх бэрхшээлийг улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах нөхөрсөг харилцааны үр дүнд давах болно. Түгжрэл, хорт утаа, бусад хүндрэлээс салах тухайд иргэн миний хувийн төсөөлөл ийм буюу.
Найдансүрэнгийн Бадарч
Зочин · 2023/12/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh